Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 19
・ 7
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхдүүдийг эхний ээлжинд 500 мянга, давтан үйлдвэл нэг сая төгрөгөөр торгох санал оруулсан талаар мэдээлэл цацагдаад хэчнээн ч удав. Эмэгтэй гишүүд хүртэл энэ саналыг дэмжиж, Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах талаар ярьсан байсан. Ерөөсөө энэ заалтыг дэмжихгүй хүн бараг алга.
Бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэмжээд байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ санал зөвхөн яриа төдийхөн явсан хэвээрээ л байна. Одоо чуулган завсарлачихсан байгаа болохоор эхлэхийг нь хүлээж байгаа байх.
Гэхдээ хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд нэмэлтээ оруулаад, УИХ-аар хэлэлцээд, хурдхан баталчих байх гэж найдаж байна. Ерөнхийдөө цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг эхний удаад 500 мянган төгрөгөөр торгож, хоёр жилээр жолоо барих эрхийг нь хасах. Хэрвээ эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар машин жолоодсон бол сая хүртэлх төгрөгөөр торгож, 80 цагийн албадан хөдөлмөр эрхлүүлэх заалтыг оруулахаар саналаа өгөөд байгаа юм билээ.
Манай улсад хууль, журам дагаж мөрдөж байгаа хүн гэж алга. Согтуу машин унаад, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд, түүнийхээ төлөө хэдхэн төгрөгөөр торгуулдаг. Эрхээ хасуулчихсан байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоно. Тэглээ гээд шийтгэл нь онигоотой. Сайндаа л 14 хоног саатуулна. Улсын мөнгөөр 14 хоног тэжээж байгаад л явуулчихдаг. Өнөөх нь гарч ирээд, дахиад л машинаа унаад явчихна даа.
Бараг зарим нөхдүүд амармаар санагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зориудаар цагдаад баригддаг юм биш үү. Тэгээд 14, цаашлаад 21 хоног төрийн мөнгөөр хоол идэж, дээшээ харж хэвтэж байгаад гараад ирнэ. Хийх ажил ч байхгүй, амар. Согтуугаар машин жолоодсон үйлдлийг давтан үйлдсэн гээд жолоо барих эрхийг нэмж хасахгүй. Эхний үйлдлийнх нь төлөө зургаан сар, эсвэл жилээр хассан бол тэр нь хэвээрээ л байна. Хэнэггүй нөхдүүд дахин дахин согтуугаар машин жолоодож, сайндаа л хэд хоног эргэлт авч, амралтад байгаа юм шиг хэвтсээр явтал эрх нь сэргэчихнэ.
Нэг иймэрхүү байдалтай л яваад байгаа. Гэтэл хаширна гэдгийг мэддэггүй, саатуулахыг юман чинээ тоохгүй байгаа нөхүүдээс болоод хэчнээн зам тээврийн осол гарч, хэдэн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа билээ. Зөвхөн 2014 онд гэхэд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 50 мянган тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Түүний хэд нь бусдын амь насыг хохироож, эрүүл мэндээр нь “тоглов” гээд нарийвчлаад үзвэл санаан багтамгүй их тоо гарна. Үгүй ээ бод доо, өнгөрсөн лхагва гарагт цэргийн баяр тохиосон.
Зэвсэгт хүчин байгуулагдсаны ой юм, уг нь. Манайд эрчүүд баярлачихаар тусдаа баяргүй болохоор нялзааж байгаа санаа нь. Гэтэл энэ өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхдүүдийн тоо энгийн үеийнхээс хоёр дахин илүү байсан гэж байгаа. Баяр болохоор аргагүй гэж бодох, өөрсдийгөө өмөөрөх, шалтгаан болгох хүмүүс олон байж магадгүй. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй л бол болохгүй биз дээ.
Энэ хууль, журмыг огт тоохгүй байна гэдэг чинь торгууль, шийтгэл нь багадаж байна гэсэн үг биз дээ. Хэдхэн төгрөгийн торгууль, эрх хасах хэр баргийн хүнд юу ч биш байгаа байхгүй юу. Хэрвээ 500 мянган төгрөгөөр торгоод, хоёр жилээр эрхийг нь хасаад хаячихдаг бол юу гэж согтуугаар машин жолоодох вэ дээ. Ёстой нэг дүүрчихсэн тэнэг нөхөр нь л согтуугаар машин жолоодох байлгүй дээ. Тиймээс ярих биш хурдхан ажил хэрэг болгомоор байна.
http://www.mminfo.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.