Баячуудын бааранд "банга" хэрэгтэй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 12 ・ 1

   Угтаа бол  хууль, журмыг дагаж, мөрдөх гэж баталдаг учраас нэг л удаа дүрэм журам зөрчсөн бол зохих ёсны хариуцлагыг нь хүлээлгэх учиртай.

Тэгээд шаардлагыг нь биелүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авах ёстой. Ер нь шөнийн цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг цуцалсан  гэх мэдээлэл өдөр бүхэн хэвлэлээр цацагдаж л байдаг.


Тэр баарны тусгай зөвшөөрлийг цуцаллаа, энэ шөнийн цэнгээний газар хууль зөрчиж байсан нь илэрлээ гэх мэдээлэл сонссоор байгаад иргэдийн хувьд  аль хэдийнэ чих нь дөжирчихсөн. Уг нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаа зарж, борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах болон нэмж олгох эрх нийслэлийн Захирагчийн албанд бий. Тус байгууллагад аль байгууллагын тусгай зөвшөөрлийг хураах, хүчингүй болгохыг шийддэг эрх бий. Гэвч тэд эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрээ гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж, архидан согтуурах явдалтай хэр чадлаараа тэмцэж байгаа боловч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа нь хэн бүхний нүдэнд илт.  Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 720 орчим баар, 250 кафе, 510 ресторан үйл ажиллагаагаа явуулдаг гэх статистик мэдээлэл бий. Бүгд хууль зөрчдөг гэж туйлширч болохгүй нь мэдээж. Хуулиа дагаж мөрддөг нь бий ч өдгөө Монгол Улсын хөгжил цэцэглэлт урагшаа нэг, хойшоо хоёр алхаж байхад зарим нэг салбар цаана чинь “гэрлийн хурдаар” хөгжөөд байна.

 

Энэ бол архи согтууруулах ундаа, шөнийн цэнгээний газрууд. Архи гээч ундааг есөн шид, ерөөл халилтай нь үйлдвэрлээд барахгүй алтаар шүүж,  алмаазаар амтлах нь холгүй хийдэг болсны хажуугаар импортын элдэв төрлийн архи, пиво, вино, виски лангуун дээр эгнэж байна. Угтаа бол эдгээр байгууллагыг сар бүр архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй баар цэнгээний газрууд холбогдох тогтоомжуудыг зөрчиж байгаа зөрчлийг холбогдох байгууллагуудын шалгалтаар илрүүлэн Тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хотын ерөнхий менежерт хүргүүлдэг. Харин өнгөрсөн есөн сарын байдлаар хууль тогтоомж удаа дараа зөрчиж буй талаар холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын хүсэлтийг үндэслэн 15 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Энэхүү шалгалтад сүүлийн үед залуусын ихээр үйлчлүүлэх болсон “MINT” гэх мэт томоохон диско клуб ч мөн бүдэрч тусгай зөвшөөрлөө цуцлуулжээ. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах эрхгүй болдог бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас тогтмол хяналт тавьж уг шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн удирдлагыг захиргааны журмаар баривчлах хүртэл хуулийн заалтууд байдаг аж. Гэтэл учир мэдэх нэгний өгүүлж буйгаар төрийн цагдаа ч шийтгэх эрхгүй 10 гаруй шөнийн цэнгээний газар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гэх. Тэдний цаана хуулиас дээгүүр “том толгойтнууд” байдаг болохоор мөрдэстэй цагдаагийн эрх мэдлээс хэтийдсэн хэрэг гэнэ. Мэдээж тэдний тусгай зөвшөөрлийг цуцалдаг ч өөр компани, аж ахуйн нэр дээр тусгай зөвшөөрөл авдаг гэхчилэн лонхны наймаачдын арга мундахгүй. Тэр ч бүү хэл, зарим нь бүр цагаандаа гарчихсан гаднаа камер зоочихоод төрийн цагдаагаар тохуурхаж, нийслэлийн Захирагчийн ажлын албаны шийдвэрийг үл тоож, хаалгаа дотроосоо түгжчихээд хүүхэд залуусыг архидан, согтуурах явдалд уриалж байгаа юм. За яахав, ууж идэхээ тааруулах эсэх нь уг хүний ухамсрын асуудал байж болох ч хотын хаа сайгүй өнгө өнгийн гэрэл анивчуулан, нүргэлсэн дуу чимээгээрээ залуусыг урин дуудах баар, шөнийн цэнгээний газруудын тоо аль эртнээс л зах замбараагаа алдаж, бүр дээдэс доодсын гэх зэрэг зиндаа хүртэл энд тогтсон. Тэдний тэргүүн эгнээг өнгөлж, хуулинд захирагддаггүй, гуулин толгойлсон нэгэн баарыг сурвалжилахаар зорилоо.

 

Тодруулбал, саяхан нийслэлд Mint night club  гэгч дэлхийн хэд хэдэн оронд сүлжээтэй, тансаг зэрэглэлийн өртөг өндөртэй, гадаад дотоодын алдартай DJ цугласан олныг баясгаж, ганган машин хээнцэр бүсгүйчүүд ордог эдийн засгийн хямралын үед цөөхөн монголчуудын хэтэвчийг тэмтэрсэн “тэрбумнүүдын” гэх баар нээгдсэн байх юм. Олон улсад сүлжээтэй баарын салбар нээгдсэн нь сайшаалтай ч өнөөх жижиг баруудад жинтэй цохилт өгдөг журам нь тус газарт багаддаг бололтойдог. Хэр барагийн хүн орж зүрхлэхгүй тус газарт  хэдэн саяын үнэтэй сархад заларч, тэр ч бүү хэл,  уг шөнийн клуб олон улсад сүлжээтэй, ундаа  сархад нь бүгд импортынх, ордог үйлчлүүлэгчид нь цөм Зайсан хавийнхан юм байх. Нээгдээд нээх удаагүй ч үйл ажиллагаа нь тогтоосон журам хэм хэмжээг зөрчсөн учир өнгөрсөн сарын захирагчийн албаны шалгалтад бүдэрч, үйл ажиллагааг нь хаахаар болсон ч том дуутай толгой томтой тус бааранд төрийн хууль үйлчилдэггүй бөгөөд хэдэн төгрөгийн торгууль байсан ч инээгээд төлдөг гэх. Тэр ч бүү хэл, өнгөрсөн есдүгээр сарын 19-нд үйл ажиллагааг нь зогсоосон боловч өчигдөр биднийг нэг цагийн үед очиход үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд ойр хавийн иргэдийн мэдээллэж буйгаар тушаал гарсан өдрөөс хойш нэг ч өдөр үүдээ хаалгүй, үйл ажиллагаагаа өдгөөг хүртэл үргэлжлүүлж байна. Тус баарны тухай гомдол 1111 утсанд байнга ирдэг бөгөөд нэг эрхээ хасуулсан баар сар гаруй хөөцөлдөж эрхээ сэргээдэг бол тус баар сэргээх нь битгий хэл хэдийнэ хэвийн ажиллаж буй нь анхаарал татаад болдоггүй.  Home plaza-гийн дээд давхарт байрлах Mint club-ын цаад эзэн нь хэдэн жилийн өмнөөс монголчуудыг архи, вискигээр “угжих” ажиллагаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Э.Нандинзүрх гээч эрхэм.  

 

Бизнесийнхний дунд CRM-ийн захирал гэдгээрээ зартай эр гэх.  Ёстой нөгөө “бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй” гэгчээр мань эр ажил, амьдралын алин дээр ч холион бантан хутгадаг эр. Э.Нандинзүрх Mint club-ыг нээхдээ нөлөө бүхий хэд хэдэн эрхмүүдтэй хүч хавсарсан гэх. Бүр тодруулбал уг баарны хувь эзэмшигч, хумсаа нуусан муурнуудын нэг нь Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сундуй аж. Юун төлөө газрын алба хариуцдаг, хотынхонд бол лус савдаг гэгдэх нь холгүй ховорт тооцогддог дарга учраас магадгүй тус баар дархан эрхиг эдэлдэг байж болох. Мөн учир мэдэх нэгний өгүүлж буйгаар Mint club-ын ард Э.Анар гэх залуугийн нэр зурайж байна. Home plaza бол олон жилийн өмнөөс МАН-ын дарга М.Энхболдын мэдэлд очсон. Тиймдээ ч хүү нь шөнийн клубыг энд нээж, эзэн хүн шиг аашилсан биз. Газар болоод сархадын наймаагаар тамтаггүй баяжиж, хаана юунд зарцуулахаа олж ядсан ийм хэдэн нөхдүүд хотын залуусыг хөлчүүрүүлэх газар нэгээр нэмснийхээ төлөө хөрөнгөө хэд дахин үржүүлж байгааг сайшаах уу, шүүмжлэх үү.

 

            Учир иймд, үүний эхлэл болгож,  бэлгэдлийн чанартай тусгай зөвшөөрөл цуцлах явдлыг зогсооё, албаныхаан. Хууль зөрчвөл яадгийг нэгээр нь нөгөөд нь жишээ болго. Архи зарж, насанд хүрээгүй хүмүүст түүгээр үйлчилж л байвал үүнтэй хатуу тэмцэе. Залуус уламжлалт сэтгэлгээнээсээ ангижирч, согтууруулах ундаагүй шоудаж сурч байна. Үүнийг нь харин шөнийн цэнгээний газрууд битгий гуйвуулаач. Дээрээс нь хууль сахиулагчид толгойг нь илэхгүй бол сайнсан.

 

 

Ж.ЧИМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 10 сар 12/

    Tsagdaa nar ni hamgaalaad l baij baidag um bishu ene bar-g. ezen ni hyatad gesen shde, hairan mongol-n hurungu ! hyatadruu garaad duuslaa daa

    Хариулах