Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 12
・ 1
Хөгжлийн банкнаас гаргасан санхүүгийн тайлангаас харахад, нийт актив хөрөнгө нь 5.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь банкны системийн нийт зээлийн 51, Монгол Улсын бүх аж ахуйн нэгжийн хөрөнгийг нийлүүлсний 24 хувь, Улаанбаатар хотын ДНБ-ий 41 хувьтай тэнцэх хөрөнгө болохыг ШУТИС-ийн докторант, судлаач Д.Баярмаа “Нээлттэй нийгэм форум”-оос зохион байгуулсан эдийн засгийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан юм.
Монгол Улсад арилжааны 13, Хөгжлийн нэг банк бий. Арилжааны банкуудын нийт активын хэмжээ 21 орчим их наяд төгрөг байгаа. Санхүүгийн системийн 18 хувийг эзэлж буй “Хөгжлийн банк” банк мөн үү.
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн оны аравдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын УИХ-ын чуулганд танилцуулсан асуудлаас болж багагүй бухимдаж, “Хөгжлийн банкинд тийм эрх байгаа бил үү. Чи өөрийгөө банк удирдаж байгаа гэж бодсон юм уу. Танай байгууллага банк биш” хэмээн шүүмжилж байсан. Ганц спикер ч гэлтгүй хууль тогтоох байгууллагын гишүүд Хөгжлийн банкинд шалгалт оруулах ёстой хэмээн хэлж, ярьсаар ирсэн.
Тус банк 32 төсөлд 3 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүний 21 нь төрийн өмчит болон төрийн мэдлийн аж ахуйн нэгж байгууллагууд байгаа юм. Төрийн мэдлийн хувь оролцоо давамгайлсан аж ахуйн нэгж байгууллагын дэд бүтцийг голдуу санхүүжүүлж буй нь одоогийн нөхцөлд чанаргүй зээл үүсгэж, цаашид санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй хэмээн судлаачид дүгнэж байна.

Олон улсын зах зээлээс улсынхаа нэрийг худалдан байж “Чингис”, “Самурай” бонд босгож, хоёр тэрбум орчим ам.доллар авсан. Энэ мөнгийг “Хөгжлийн банк” мэдэж, захиран зарцуулсан. Олон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж, урагшлуулсан гэж банкны удирдлагууд нь сайрхах дуртай ч гараанаас гарч, бодит амьдралд хэрэгжсэн нь хуруу дарам цөөхөн. Хэзээ мөдгүй төлөгдөх болсон тус банкны 580 сая ам.доллар, “Чингис” бондын хөрөнгийг гарынхаа салаагаар урсгаж, ард иргэдээ өрийн дарамтад оруулж байна гэх хардлага улс төрийн хүрээнийхэн төдийгүй иргэдийн дунд ч байсаар байгаа. Учир нь, хоёр жил гаруйн хугацаанд “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчин төсөвт тусгалгүйгээр УИХ-ын хяналтаас гадуур, ил тод бус байдлаар зарцуулж байв.
Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт зааснаар жил бүрийн хаврын чуулганд тус банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой ч хоёр жил дараалан Засгийн газар энэ хуулийг дагаж мөрдөөгүйг УИХ дахь сөрөг хүчнийхэн хэлсэн. Тус банкинд шалгалт явуулвал удирдлага нь хариуцлага хүлээх нь хэдийнэ ойлгомжтой болоод буй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилсон. Ажлын хэсэг тус банкны санхүүжилт олгосон төсөл хөтөлбөр, “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг хаалттай сонсоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч ямар дүгнэлт гарсан нь одоогоор тодорхой бус.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.