Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан...

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 04
Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.

 “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэйхэн саналаа... Намайг оюутан байсан 1980-аад онд гар утас гэж байсангүй. Аав, ээж, эгч гурав маань сумын төвийн холбоонд очиж захиалга өгч байж надтай ярина. Хэдийгээр сумын төв ч гэлээ ийш тийшээ ярих, цахилгаан илгээх гэсэн хүний дараалал бас байна аа. Суурин утасны дугаараар захиалга өгөхөд хотын холбоочид эргэж манай сумын холбоочинд холбоно.

Энэ зуур нэлээдгүй цаг хүлээдэг юм. “Байна уу? байна уу?...” хэмээн ахин дахин дуудах холбоочин дуудлага оруут л  “369085-тай ярих хүн 1-т ороорой” гэхэд дугаарласан бүхээгт гүйн орж ховорхон олдох завшааныг алдахгүйг хичээн санасан сэтгэлээ асган асган ярьдаг байсан тийм л үе. Тэнгэр хангай муухай үед утас сайн дуулдахгүй, орилон хашгиран байж, нэг  юмаа хэд хэлж байж ойлголцож байтал нөгөө захиалсан 6 минут хэдийнээ дуусч орхино.

Манай Хужирт сумын зүүнтээх Гуа уулнаа зурагтын антенн байрлах. Өнөө ч хэвээрээ. Тэнд ээлжийн ажилчид аймгийн төвөөс гарч 14 хоногоор хэвийн үйл ажиллагааг нь хангана. Манай хамаатан эгч тийн 14 хоногоор гарах үедээ аавыг дуудаж надтай үнэгүй яриулдагсан. Холбооныхоос өөр нь, үнэгүйн дээр хэдэн цагаар ч хамаагүй ярих боломжтой. Аав хааяахан нэг тэгж ярихдаа намайг “Байна уу? аав аа” гэж цангинахад л аав таг чиг болчихно. Хоолой нь зангираад, уйлдаг байсан хэрэг.

Тэгж хэдэн хором саатсанаа сая нэг ярьж эхэлдэгсэн, муу аав минь. Тэгж л санадаг байсан хэрэг шүү дээ. Ээж болохоор уулаад авирч, тэр антенн дээр очиж ярьж чаддаггүй, сумын холбооноос л ярина. Аавыг бодохноо ээж цээл хоолойгоор сайхан урсгаад л эвлэгхэн нь аргагүй ярьдагсан. Бидний оюутан цагийн ахуй ийм л байлаа. Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.

Нэгэн ядруу өвгөн гар утас засварын газар орж ирээд “Өвөөгийнхөө утсыг үзээд өгөөч” гэхэд залуу үзээд “Өвөө таны утас зүв зүгээр байна” гэж. Өвгөний царай барайж “Миний хүү засаад өгвөл өвөө нь мөнгий нь өгнө л дөө” гээд өврөө ухахад “Таны утас эвдрээгүй байхад юуг нь засах вэ дээ” гэсэнд өвгөн санаа алдан ”Тэгвэл миний хүүхдүүд яагаад надруу ярихгүй байгаа юм болоо” хэмээн нулимстай нүдээ гараараа шудран зогссон гэдэг. Бодит энэ явдал таны аав биш байгаа, өвөө тань биш байгаа?..  Амьдралын аянаас дөрөө мулталж, алсад одсон аав ээжтэйгээ ганцхан удаа ярих эрх олгодогсон бол... авсан цалингийнхаа хэдэн төгрөгөөр нэгж аваад, асгартал уйлан байж нэг ярихсан...

 

Эх сурвалж: www.Mongoljingoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх