Хамгийн “ер бусын - 10” шорон

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 08
             Дэлхийн улс орон бүрт хууль сахиулах байгууллага бий. Тэдгээр нь эрхээ эдэлчихээд үүргээ биелүүлэхээ умартсан хүмүүст тохирох шийтгэлийг нь оноодог газар билээ.

Нийгмийн үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулж эргэн төлөвшүүлдэг эдгээр газар нь орон бүрт харилцан адилгүй байдаг. Тэдгээр нь олонхын төсөөлдөг шиг хатуу дэглэмтэй, модон ор усан шөлтэй биш юм. Ингээд та бүхэндээ дэлхийн
хамгийн ер бусын гэж хэлж болохуйц арван гянданг толилуулъя.
 
 
 
Болив: Камераа худалдаж авдаг шорон
 
 
 
Боливын Ла Паз хотод байдаг энэ хорих газарт ял эдлэхээр шүүхийн тогтоол сонссон гэмт хэрэгтэн нь шоронгийн камераа худалдаж авдаг гэнэ. Мөнгөтэй л бол энд хаан шиг амьдрах бүх нөхцөл бүрдсэн бөгөөд хамгаалалтын хаалгыг нь давав уу үгүй юу хүүхдийн тоглоомын талбай, ресторан, үсчин, зочид буудал бий.

Хоригдлууд камер авахын тулд ногоо зарахаас эхлээд тааралдсан ажлаа хийж мөнгө олдог. Камер нь $1000 - $1500 ам.доллар байх ба угаалгын өрөө, гал тогоо, зурагттайгаас гадна зай талбай ихтэй байдаг. Нэгэнт камераа худалдаад авчихсан бол ялаа эдэлж дуустал эндээ амьдарна. Харин камер авч чадаагүй нь зай багатай умгар өрөөнд чихцэлдэн ялаа эдэлж дуусгадаг гэнэ. Шоронд 1500 гаруй иргэд аж төрж хийсэн хэргийнхээ шийтгэлийг эдэлдэг.
 
 
Филиппин: Бүжигчин хоригдлуудтай шорон
 
 
 
Дэлхийн хамгийн шилдэг бүжигчин хоригдлуудтай Себу шоронг хамгийн энтертайнментлаг гэдгээр нь хүн бүр мэднэ. Бусад шоронд хашаа тойрч гүйлгэх, сагс тоглуулах зэрэг дэглэмтэй байдаг бол энд эдгээр дасгалыг бүжгээр сольж эрс шинэчлэл хийсэн юм. Шоронгийн хоригдлууд бүжгийн үзүүлбэрээрээ буяны болон соёл урлагийн олон тоглолт арга хэмжээнд оролцдог бөгөөд хоригдлуудтай зураг авахуулах, шоронтой холбоотой бэлэг дурсгалын сувенир зэргийг худалдаалдаг. Тэд энэ санаагаа “Шоушенкаас оргосон нь” киноноос олсон бөгөөд хамгийн алдартай бүжиг нь Майкл Жексоны “Thriller” гэнэ.
 
 
Гернси: Хамгийн жижигхэн шорон
 
Гернсигийн Сарк арал дээр байдаг энэ шорон дэлхийн хамгийн жижигхэн хорих газар юм. Ердөө хоёр л хоригдлыг засан хүмүүжүүлэх чадалтай шоронгийн барилгыг 1856 онд бүтээн байгуулжээ. Хөнгөн шийтгэлтэй хоригдлуудыг
засан хүмүүжүүлдэг шоронд хүнд гэмт хэрэгтнийг удаан байлгадаггүй.
 
 
АНУ: Чанга дэглэмтэй “ADX” шорон
 
Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй шоронгоор нэрлэгддэг ADX шоронг 1994 онд байгуулжээ. Хоригдлуудыг долоо хоногт 9 цаг л камераас нь гаргадаг бөгөөд хэнтэй ч ярихыг, холбоо тогтоохыг зөвшөөрдөггүй. Нарны гэрэл барагтай л бол тусахгүй шоронд хоригдлууд камертай хүссэнээ хийх боломжтой ба хоолыг нь камерт нь өгдөг гэнэ. Хүнд гэмт хэрэгтэй ялтангуудад зориулсан чанга дэглэмтэй шоронд 550 хоригдлыг засан хүмүүжүүлдэг. Энд удсан хүмүүс ганцаардаж сэтгэл мэдрэлийн өвчтэй болох нь энүүхэнд ажээ.
 
 
Норвеги: Эко шорон
 
Осло хотоос 75 км - т байдаг Бастой арлын шорон нь дэлхийн анхны эко хорих газар юм. Эндэхийн хараа хяналт бусад шоронгоос харьцангуй сул байдаг бөгөөд 115 хоригдлыг засан хүмүүжүүлдэг. Тэд чөлөөт цагаараа морь унах, загасанд явах, теннис тоглохоос гадна хоол хийж сурдаг. Нарны энергийг ашиглаж хоол хүнсээ хийдэг энэ шоронг хамгийн амттай хоолтой нь гэдэг. Хоригдлуудад эх
дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлдэг.
 
6
Испани: Гэр бүлийн шорон
 
 
 
Хүний эрхийг дээдэлсэн хамгийн тухтай, гэр бүлд зориулсан шорон Испаний Аранхуэз хотод байдаг. Хоригдлуудад хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжийг бүрдүүлж өгсөн байдаг бөгөөд Диснейн хүүхэлдэйн баатруудаар чимэглэсэн өрөө, тоглоомын талбай зэрэг олон зүйл бий. Шоронгоос авч хэрэгжүүлж буй энэ хэлбэр нь гэмт хэрэгтнүүдэд эцэг эх байх үүрэг хариуцлагыг нь дахин төлөвшүүлж байгаа хэрэг юм. Мадридаас 40 км - т байдаг шоронд гэр бүлд зориулсан 36 камер байдаг бөгөөд ихэнх хоригдол нь Латин Америкчууд байдаг.
 
 
ОХУ: Хамгийн олон хоригдолтой шорон
 
Дэлхийн хамгийн олон хоригдолтой шорон гэдгээрээ танигдсан энэ газар 3000 орчим хоригдлыг хүмүүжүүлэх боломжтой ч бодит байдал дээр 10.000 хол давжээ. Кресты шоронгийн барилга нь 1730-аад онд дарсны агуулахын зориулалтаар ашиглагдаж байсан юм. Шоронд хоригдол нь 15 мин л усанд орох шахуу хуваарьтай бөгөөд зай талбай багатай орчинд чихэлдэж шахцалдсаар нэг юм ялаа дуусгана. Владимир Путин 2006 онд энэ шоронг Санк Петербургээс нүүлгэж шоронгийн
шинэ барилга бариулна гэж байсан ч сураг тасарчээ.
 
 
Австри: Таван одтой шорон
 
 
 
Леобен хотод байдаг таван одтой энэ шоронг 2004 онд нээсэн бөгөөд 205 камертай шоронд хүн бүр тэгш эрхтэй, бас эрх чөлөөтэй. Гэмт хэрэг үйлдсэн ч хүний эрхийг дээдэлдэг гэсэн утгаараа хамгийн тохилог шоронг бүтээн байгуулжээ.
 
Мексик: Хамгийн амгалан шорон
 
Мексикийн Четумаль шоронд 10 гаруй жилийн турш ганц ч хоригдол нь үймээн самуун дэгдээгээгүй хамгийн нам гүм, амгалан шорон ажээ. Хэдий тийм ч огт маргаангүй байна гэж үгүй. Хэрвээ ямар нэг асуудал гарвал тэд боксын тусламжтайгаар шийддэг юм. Ингээд хоёр раунд боксдоод л аливаа асуудлаа шийдчихдэг гэнэ. Шоронд ял эдлээд суллагдах гэж байгаа хүмүүсийн олонх нь шоронгоосоо явмааргүй байна гэж гомдоллодог. Учир нь энд өглөөний амтат зоог, соёлын төрөл бүрийн сургалт хичээл явагдахын зэрэгцээ шоронгийн гаднах нийгмээс илүү хялбар амьдрал энд бий юм.
 
 
АНУ: Хамгийн алдартай шорон
 
 
 
Сан Франциско эргийн Алкатраз арал дээр байдаг энэ хорих газрыг дэлхийн хамгийн алдартай шорон гэдэг. Хамгаалалт сайтай шоронгоос маш олон хоригдол оргохоор завдаж байсан ч ганц ч чадаагүй юм. 336 хоригдлыг засан хүмүүжүүлэх багтаамжтай Алкатразын шорон олон кино дээр гардаг бөгөөд өдгөө жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болжээ. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх