Тэнгэрт гялалзах оддыг хар

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 15 ・ 2
Эерэг хандлага хүнд юу өгдөг, амьдрал хувь тавиланг хэрхэн өөрчилдөг, үүний хүчээр бэрхшээл хэрхэн амжилт болж хувирдгийг энгийн үнэн өгүүлсэн бодит энэ түүхийг бүсгүйчүүддээ толилуулъя. Энэ тэмдэглэлийн эзэн бол Ташкентад олон сайхан үйлс бүтээж, хүмүүсийнх нь зүрх сэтгэлийн анд нөхөр болсон турк бүсгүй Meral.

 “1991 онд би их сургуулиа дүүргээд, нөхөртэйгээ дөнгөж гэр бүл болоод байлаа. Нөхөр маань Узбекстаны Ташкент хотод уран зохиолын багшаар ажилладаг байсан болохоор  гэрлэсэн  даруйдаа  л  тийшээ  очсон  юм.  Хэл  мэдэхгүйн  улмаас  би багшилж  чадахгүй  гэртээ  сууж,  урьд  өмнө  нь  үзэж  мэдрээгүй  ихээр  уйдаж ганцаардсан билээ. “Яах гэж наашаа ирэв ээ, хэл соёл, зан заншил тэс ондоо энэ газар яаж дасна аа” гэж хичнээн бухимдан шаналсан гэх вэ. Нөхөр маань өдөржин завгүй, надтай сэтгэл хуваалцах ганц ч турк хүн Ташкентид байсангүй.

Сүүл сүүлдээ тэвчиж чадсангүй, аав ээждээ захидал бичлээ. “Би энэ газар дахиад нэг өдөр  ч  амьдарч  чадахгүй,  Ингэснээс  шоронд  хоригдсон  минь  хавьгүй  дээр...”  Зовлон гуниг дүүрэн захидлыг маань уншаад аав надад зөвхөн хоёрхон мөрөөр хариу  илгээсэн  юм.  Одоо  ч  зүрх  сэтгэлд  эргэлдэх  тэр  хоёрхон  мөрийг амьдралынхаа  туршид  би  хэзээ  ч  мартахгүй.  Аавын  захидалд  “Хоёр  хоригдол, шоронгийн торны цаанаас гадагш харахдаа нэг нь байшингийн булангийн шавар шавхайг, харин нөгөөх нь тэнгэрт гялалзах оддыг олж харсан юм” гэсэн хоёрхон мөр байсан билээ. Захидлыг задлан уншаад өөрөөсөө жигтэйхэн их ичиж билээ. Би зөвхөн шавар шавхайг л олж хардаг нэгэн юмсанж. Энэ цагаас би тэнгэрт  гялалзах оддыг  олж харахыг  хичээдэг  болсон юм.

 

Нутгийн хүмүүстэй дотносон элгэмсэж, дохио зангаагаар ч болов сэтгэл бодлоо уудлахыг оролдон,  тэдний өөрийн гэсэн ертөнцийн дотоод анирыг тунгаан авч, өөрийгөө бас хуваалцаж эхэлсэн тэр цагаас эхлэн би бага багаар хэл сурч эхэлсний дээр өдөр хоногийг  аз жаргалтай өнгөрөөхийн ид шидээр жигүүрлэсэн.  Ойр тойрны шинэ танилууд маань надад сэтгэлээ дэлгэж,  жуулчдад өгөхөөсөө татгалзсан гар урлалын үнэт бүтээлээ хүртэл  надад  өглөг  болгон  бэлэглэдэг  байлаа.  Өдөр  бүр  сургууль  дээр  очиж сурагчдын уранхай цоорхойг нөхөж, турк үндэсний хоол, амттан хийж өгдөг боллоо.  Хийх зүйл тодорхой болох тусам  бодол хүсэл бас цараатай өрнүүн болж хувирч байлаа.

 

Нөхрийнхөө үйл  хэргийг  дэмжих  чигч  сэтгэл  улам  лавширч,  тэр  бүхэндээ  би  аз  жаргалтай эмэгтэй гэдгээ сэтгэл зүрхээрээ огшин хүлээж авдаг бүсгүй болсон юм. Хүүхдүүд намайг “Турк ээж ээ” гэж дууддаг боллоо. Эргээд бодоход Узбекстан дахь бидний амьдрал,  нөхцөл,  хүмүүс аль  аль нь хэвээрээ л  байсан юм.  Өөрчлөгдсөн зүйл гэвэл  би  л  байлаа.  Хүмүүс  болоод  амьдралыг  харах  өнцөг,  бодол  санаа  минь өөрчлөгдсөн байсан юм. Амьдралынхаа хамгийн хүнд хэцүүд тооцож байсан тэр өдрүүдээ хамгийн адал явдалтай сайхан жилүүд болгож, тэнгэрт гялалзах оддыг харж чадсан юм даа”  Тэрбээр тэмдэглэлдээ ингэж бичсэн юм.

Ингээд бодохоор амжилт гэдэг үнэ цэнэ, мөнгө төгрөг, алдар нэр ашиг завшаан  биш  юмсанж.  Амжилт  бас  сэтгэлийн  орон  зайд  оршдог хэмжээлшгүй үнэ цэнэтэй үнэлэгдэхүүн юмсанж үү... 

“Амжилтанд хүрч чадсан хүмүүсийн нэг онцлог нь тэдний юмс үзэгдэлд хандах хандлага юм. Үйл явдалд эерэг хандаж, хүнд хүчрээс шантардаггүй бол замынхаа талыг туулсан л гэсэн үг ээ.
 

Эх сурвалж. www.mongoljingoo.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2015 07 сар 16/

    Yag unen suuri humuujil hamgiin ih noloolno gehdeel bas hunii ooriinhn uhaan yum l daaa

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 15/

    humuusiin handlagiiig uurchilj bid chadah uu suur humuujil gj hetsuu tom yum baina shuu

    Хариулах