Монголчууд хямралд нэрвэгдэх таагүй дохионууд

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 09 сар 26 ・ 2

Эдийн засгийн байдал хүндэрч байгаа нь илтэд мэдэгдэхүйц нөлөөлж байна.  Хэтэвчинд   орох орлого хомсдох хэрээр иргэдийн амьжиргаа  ч дордсоор, бухимдах нь гаарсаар л... 

Хувийнх байтугай төрийн байгууллагууд  ч ажилчдынхаа цалинг тавихад хүндрэлтэй болж ирлээ.  Монгол гэх “айл”-ын улсын төсөв  2015 оны эхний найман сарын байдлаар 800 орчим тэрбум төгрөгөөр тасалдлаа. Орлого нь зарлагаа нөхөж чадахгүй болохоор ямарч “өрхийн” амьдрал ч доройтож, өрөнд баригдаж, урууддаг. Улс орон ч гэсэн түүнтэй ялгаагүй. Энэ  оны эцэс гэхэд төсвийн алдагдал нэг  их наяд төгрөгт хүрч болзошгүй гэж эдийн засагчид таамаглаж байна.  Төсвийн алдагдлаа  хаанаас, ямар аргаар нөхөж, гадны улс оронд тавьсан өрөө хэрхэн төлж, цалин тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ гээд Ерөнхий сайд тархиа гашилгаж, Сангийн яам арга мухардснаа өчигдөр зарлалаа. 

Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар хасна, шатахуунаас татвар авахаас аргагүй болсноо учирлаж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ингэж мэдэгдэхийг бодоход Монгол улсын мөнгөний “авдар” хоосорч, ямар нэг арга, саам эрэлхийлж мөнгө олж ирэхгүй л бол хямрал бүүр гүнзгийрэх нь. Ийм хүндхэн нөхцөл байдал үүссэн учраас 2015 оныхоо төсөвтөө тодотгол хийж зардлаа танахаас өөр гарцгүй болж төсөл боловсруулж байна. Хасаад, танаад ч цаана их хэмжээний санхүүжилт шаардлагатай болно. Түүнийг гаднаас зээл авч нөхөх үү, дотоод нөөц бололцоогоо шавхав уу.

Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй урсгалаараа урсвал ирэх жил гэхэд эдийн засгийн байдал өнөөдрийхөөс дордох  төлөвтэй байгааг монголын эдийн засагчдаас гадна олон улсын шинжээчид онцолжээ.

Түүнчлэн Азийн хөгжлийн сангаас тайландаа  Монголын ДНБ 2.7 хувиар буурна гэж тэмдэглэжээ. Эмзэг эдийн засагтай манай улсын хувьд урд хөрш рүү цөөн хэдэн нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлож  чадахгүй, өмнөд хөршийнхөн тоож авахгүй байдал үүсвэл эдийн засаг хөмөрч байгаа нь тэр.

 

“Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, үүний хэрээр эрчим хүч, эрдэс баялаг болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авах чадвар буурах нь Азийн орнуудад хүнд тусна” гэдгийг Азийн хөгжлийн сангаас өнгөрсөн мягмар гарагт анхааруулжээ.

 

 

Тиймээс богино хугацаанд мөнгө, санхүү, төсвийн  бодлогоо чамбайруулж, уян хатан хандаж, урт хугацаанд үйлдвэрлэл, экспортоо олон төрөл болгон шинэчлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байдлыг багасгахад анхаарах шаардлагатай болжээ. Ийм л үед төрийн түшээд, гүйцэтгэх засаглалынхан, Монгол банк мэргэн ухаан, оновчтой бодлого гаргах хэрэгтэй болж байна.

Тэд ингэж  хэлсэн байна


                             Ерөнхий сайд Ч. Сайханбилэг:

Урсгал зардлыг тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажиллахыг үүрэг болгоод зогсохгүй төрийн болон улс төрийн өндөр блбан тушаалтнуудын энэ оны гурван сарын цалинг 30 хувь хүртэл бууруулах санал гаргасан.


                               Сангийн яамны сайд Б.Болор:


Оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд боллоо. Төсвийг нэлээд танаж баталсан боловч дахин хумих шаардлагатай боллоо.

 

 


                     Эдийн засагч Б.Батжаргал:

“ Монгол улсын төсвийн нийт тэнцэл 800 орчим тэрбум төгрөгний алдагдалтай байна. 800 тэрбум төгрөг гэдэг бол улсын төсвийн тухайд аваад үзвэл их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн дутагдал үүсэж байна гэсэн үг. Манай эдийн засаг цөөхөн түүхий эдээс хамааралтай, тун эмзэг эдийн засаг. Дотоод эдийн засгийн үндсэн тэнцвэр алдагдсан . Үүн дээр нэмээд гадаад нөхцөл байдл нөлөөлсөн. Цаашдаа энэ хэвээрээ байвал 2009 он, түүнээс ч илүү хямрал руу давхиж байна.


               ОУВС-ийн  ахлах мэргэжилтэн Geert Almekinders:

Монгол улс бүрхэг гадаад орчинтой нүүр туллаа. Сүүлийн жилүүдэд энэ улсад мөнгөний бодлогыг нь дэмжих зорилготой санхүүгийн тусламжийг их хэмжээгээр үзүүлсэн. Одооноос Монгол улс хямралын эрсдэл, цочролоос урьдчилан сэргийлж байх ёстой.

 


                          Монгол Улсын сайд М.Энхсайхан:

  Тавантолгой төсөл яваагүйгээс эдийн засагт юу болох вэ гэдгийг яривал амьдралд ойр гэж бодож байна. Нүүрсний салбар уналтад орно. Үнэ ханш өснө. Үндэсний олон компаниуд ажилгүй болно. Өрөнд унана. Банк санхүүгийн байдал муудна. Ажилгүйдлийн хэмжээ өснө. Бидний монголчууд  арьс махан дээрээ бодиттойгоор “өвдөлт” мэдрэнэ. Өвдөлтөөс үүдэлтэй тогтворгүй байдал гарахыг үгүйсгэж болохгүй. Энэ бүгдийг “эрүүлжих” үйл явдал гэж харвал бас ч үгүй тайван байж болно.

 

 

 

Л.Ариунцэцэг

times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 27/

    Төриын байгууллагад гарсан орон тоонд хүн авахгүй байх

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 01/

    bysee changalj eryyl mendee bodocgoo amitan shig amidrax bolno

    Хариулах