Хайраар дутаж өссөн хүн бусдыг хайрладаггүй

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 29 ・ 1
Ухаант хүн чухамдаа “хайрын ургамал” билээ. Хайраар тэжээгдэж, хайраар уславал хурдан түргэн торнин баясаж, хайраар асаахын цагт хачин тодоор гэрэлтдэг заяатай. Хайраар дутаж өссөн хүн бусдыг хайрладаггүй гэж үнэн. Бусдаас хүртэж мэдрэх, хүлээж авах гэсэн бүхнээ бусдад өг.

Олон жилийн өмнөсөн. Эмэгтэйчүүдэд зориулсан “Бэр цэцэг” –радио сэтгүүл эрхэлдэг байлаа. Харцанд нь гуниг суусныг эс тооцвоос амьдралд элэгсэг, ажилсаг хийгээд авхаалжтай сайхан бүсгүйтэй уулзах тохиол гарч, бороотой оройн урт яриа дэлгэж билээ.

Нөхөр нь тун сүрхий амьжиргаатай нэгэн . Машин засаж, цалингаас гадуур орлого олдог, гаднаас нь харахад энэ айл өөлөх өөгүй аз жаргалтай нэгэн өрх. Гэсэн ч тэр ээжийн харцанд гуниг сүүмийж, арилшгүй тогтсон нь үрээ хайрласан, харамласан сэтгэлийн шаналангаас үүдэлтэй байж билээ. Нөхөр нь төрсөн хүүдээ маш хатуу хандана.

Цэргийн чанга дэглэмд байгаа мэт өдөр бүрийг хүний харцны хөдөлгөөн дор өнгөрөөх хүүд амар байсангүй. Нэг удаа найзуудтайгаа нийлж кино үзэж байхад нь үзвэрийн танхимд эцэг нь дүүлэн орж, нэрийг нь чангаар дуудан хашгирч, айж ичсэн хүү аргагүйн эрхэнд киногоо  орхин гарвал аав нь амдан барьж аваад адгуус мэт архиран шилэн хүзүүнээс нь базсаар гэртээ авчирчээ. Хэлэлгүй явлаа, дураар аашиллаа гэсэн ганцхан шалтгаан тэр аавыг ийм байдалд хүргэж. Аав нь хүүгээ гайхалтай сайн хүн болгох гэж туйлаас хичээн, амьдралд нугарахгүй сөхрөхгүй хатуу болгохын тулд өөрөө аймшигтай хатуу хөндий ханддаг байсан нь тэр.

Зорилго нь зөв ч арга нь буруу байсны зэм шийтгэлийг хүүтэй нь ханилсан бүсгүй хожмоо эдэлж байгаа тухай өнөөх бүсгүй уйлан байж өгүүлсэн юм. Эцгийн хатуу гараар өссөн хүү өсөх тусмаа харгис хатуу, ууртай догшин болсоор, гэрлэж бараалсан хойноо ханиа зовоодог болжээ. Ээж нь хэдийгээр учирлаж хэлэвч, аргадаж зөөллөвч аавын харгис зан хэзээ ямагт ялан дийлдэг байлаа. Хүү ээждээ хайртай ч энхэр зөөлөн зан нь хулжин үргэж, хэг ёг хийсэн угзчуур зантай, хэнтэй ч үгээ олдоггүй хэдэр ганцаардмал нэгэн болжээ.

Ханьдаа дээрэлхүү загнаж, бүр гар хүрч, өчүүхэн зүйлд оволзон дүрсхийж хашгичин орилж, галзуу бар адил авирлах болсон нь ээжийн сэтгэлийг тасдах мэт урж, ходоодны шархтай болсоноо хүртэл сэтгэл дэлгэн ярьсныг санаж байна. Хүүгээ амьдралын нугаршгүй нуруутай сайн эр хүн болгоно гэж хатуурхдаг байсан аавын хүсэл ийн талаар болжээ.  “Амьдралаас чи юу хүснэ, түүнийгээ бусдад өг” гэсэн үгийг  тэр аав мэддэггүй явж.

Хүн өлсөж, өмсөх зүүхээр дутаж болох ч ганцхан хайраар л дутаж болохгүй. Хайранд өсөөгүй хүн бусдыг хайрлаж мэддэггүй. Нохдыг торон хашаанд хорьж байгаад сураар ороолгоод байвал өнөөх хүнийхээ барааг харуут л ноход архирч эхэлнэ. Хайрлаж энхрийлэхийг амьтан адгуус хүртэл мэдэрч, хүнд ээнэгшин нялхарч, дотносон баярлаж, эгээ л хүүхэд аятай аашилж, тэр ч байтугай эзнээ аварсан олон бодит түүх амьдралд бас бий.

Ухаант хүн чухамдаа “хайрын ургамал” билээ. Хайраар тэжээгдэж, хайраар уславал хурдан түргэн торнин баясаж, хайраар асаахын цагт хачин тодоор гэрэлтдэг заяатай. Хайраар дутаж өссөн хүн бусдыг хайрладаггүй гэж үнэн. Үр хүүхэддээ хайрыг харамгүй өгч байгаарай. Бусдаас хүртэж мэдрэх, хүлээж авах гэсэн бүхнээ бусдад өг.

 

Эх сурвалж. www.mongoljingoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 07 сар 30/

    жижгээг бичжээ хөгн хошного надаас холын хол бгаасай бурхан миньгуйя

    Хариулах