Мах 2800₮ ... зах зээл гэдэг чинь энэ дээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 14 ・ 2

Эрт дээр үеэс таван хошуу малынхаа махыг зооглож ирсэн монголчууд бид сүүлийн хэдэн жил өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд дарлуулж, мах биш ногоо идэх дээрээ тулж байсан үе саяхан. Тэгвэл энэ жилийн хувьд махны үнэ буурч, нийслэлчүүд хямд мах худалдан авах боломж бүржээ. Нэг талаас, энэ сайхан мэдээ. Гэвч,  хүйтэнд хөрж, халуунд халж, дөрвөн улирлын хатуу бэрхэд нухлагдан амьдрах малчдын хувьд эдийн засгийн хямрал болон мичин жилийн зуднаас урьтаж, малынхаа тоо толгойг цөөлж, чанаржуулах гэсэн сонирхолтой холбоотойгоор махны үнэ буурсан бололтой. 



Ямартай ч, жил жилийн намрын улиралд махны үнэ буурдаг нь бичигдээгүй хууль бөгөөд энэ улиралд ихэвчлэн монголчууд өвлийн идшээ базаадагтай ч  холбоотой байж болох. Тиймээс манай сурвалжлах хэсэг  Улаанбаатар хотод махны борлуулалт хийдэг томоохон зах, супермаркет, дэлгүүрүүдээр орж, махны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа. 
 

Махны нийлүүлэлт 30 хувиар өссөн гэв


Манай сурвалжлах хэсгийн хамгийн түрүүнд зорин очсон газар бол “Хүчит шонхор” зах. Хэдийгээр ажлын өдөр байсан авч, тус зах дээр бум бужигнаж, түм түжигнэж байна. Махны үнэ буурсан гэсэн сургаар хэдэн сарынхаа хэрэглээг бэлдэхээр очсон нийслэлчүүд болон малчдаас авсан махаа худалдаалах гэсэн ченжүүдийн хөлд зах дарагджээ. “Хүчит шонхор” захын хашаанд портер, микро,  бүр жижиг оврын приус автомашины ачааны тэвшинд хүртэл мах худалдаалах аж.  Хонь, ямааны гулууз, адуу, үхрийн өрөөл махыг ченжүүд энд борлуулдаг.



Харин тэднээс өрхийн хэрэгцээнд болон жижиглэнгээр худалдаа хийх хүмүүс худалдан авдаг байна. Хувь хүмүүс ч гэсэн худалдан авалт хийж байгаа харагдсан. Хонины нэг гулууз мах хамгийн багадаа 16 кг байх бөгөөд хамгийн ихдээ 25 кг хүрдэг байна. Үнийн хувьд энэ намрын байдлаар нэг кг нь 3200-3500 төгрөгөөр худалдаалагдаж буй аж. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1000-1500 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. 

Энэ жил ихэнх нутгуудад ган гачиг болсон, мөн мичин жилийн зуднаас урьтаж малаа цөөлөх гэсэн сонирхолтой малчид их байгаатай холбоотойгоор малын нийлүүлэлт 30 орчим хувиар нэмэгдсэн гэдгийг ченжүүд хэлж байлаа. Гэхдээ махны үнэ буурсан ч, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэхгүй байгааг тэд учирлаж байсан юм.
  

Ченжүүд малчны хотонд очиж, худалдан авалт хийдэг үе өнгөрчээ


Хэдэн жилийн өмнө махны ченжүүд өөрсдөө малчдын хотонд очиж, үнэ цохин мал худалдан авдаг байсан бол одоо малчид өөрсдөө ирж, ченжүүдэд маш хямдаар малын махаа бөөндөн худалддаг болжээ. “Хүчит шонхор” зах дээр портер, бонго, микро машинтай мах худалдаж буй хүмүүс бол бүгд л махны ченжүүд. Тэд өглөө эрт зах дээр ирэхэд л хангалттай бөгөөд малчдаас махыг нь бөөндөн худалдан авдаг. Нэг үгээр хэлбэл тэд бензин тос гарздан хөдөөг зорих шаардлагагүй болжээ. Бид махны ченж С.Отгонбаттай уулзаж, махны нийлүүлэлт ихэссэн шалтгаан болон хүмүүсийн худалдан авах чадвар хэр байгаа талаар сонирхсон юм. 

Харин тэрбээр “Иргэдийн худалдан авах чадвар  туйлын муу байна. Малчдад мөнгө алга. Тэд малынхаа л ашиг шимээр амьдарч байгаа учир малаа зарж л мөнгөтэй болдог. Малчдын хотонд очоод, газар дээрээс нь авахад төлөг 50, эр хонь 100, эр ямаа 80 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэвч малчдаас ийм үнээр аваад нядлаад зарахад авсан үнэдээ хүрдэггүй. Жишээлбэл, ямааны мах энд нэг кг нь 3000-тай байгаа. Гэтэл ямааны нэг гулууз мах 20 гаруй кг жинтэй. Ингэж тооцвол 60000 болно. Үүнээс л мал, махны үнэ хэр хэмжээнд хүртлээ унасныг харж болно. Өмнө нь эр ямааны мах багаар бодоход л 100 мянгад хүрдэг байсан. Малаа цөөлөх сонирхолтой малчид олширсноор ченжүүд малчны хотонд очиж, худалдан авалт хийдэг хөг өнгөрсөн. 

Малчид өөрсдөө өглөө эрт “Хүчит шонхор” зах дээр ирээд, ченжүүдэд тушаадаг юм. Харин бид бөөндөж авсан махаа ширхэглэн зардаг. Хүмүүсийн худалдан авах чадвар их муудсан. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд хонины мах 2800 төгрөг хүртлээ уналаа шүү дээ. Тухайн үед мах худалдаалдаг машинууд нь хашаандаа багтахгүй болтлоо дүүрсэн. Нийлүүлэлт нь ихсэх тусам үнэ буурдаг зах зээлийн хуулийн дагуу л үнэ нь унасан даа” хэмээн хуучилсан юм.  Үүний дараа бид портер машины тэвшин дээр үхрийн мах худалдаалж буй  М.Үнэнцэцэг гэх хижээл насны эгчтэй уулзав. 

Түүний хэлж буйгаар ч гэсэн махны үнэ буурсан ч, хүмүүсийн худалдан авах чадвар дээшлэхгүй байгаа гэнэ. Тухайлбал, үхрийн мах гулуузаараа кг нь 4000-4200 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 1000-1500 төгрөгөөр буурсан байна.  Худалдан авагчдын ихэнх нь махыг жижиглэнгээр буюу килограммаар худалдан авах сонирхолтой байдаг аж.  Түүний хэлснээр үхрийн мах бүхлээр нь худалдан авах хүн одоо бараг байхгүй гэнэ. Нэмж хэлэхэд, энд ихэвчлэн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн малын мах худалдаалагддаг юм байна. 
 

Малчид эм малын махыг ихээр худалдаж байна


Махны ченж С.Отгонбатын хэлсэнчлэн малчид өглөө эрт “Хүчит шонхор” зах дээр ирж малаа мөнгө болгодог юм билээ. Манай сурвалжлах хэсгийг очиход хэдийнэ 10.00 цаг болсон байсан тул малаа борлуулахаар ирсэн малчид аль хэдийнэ явж оджээ. Тэд өглөө эрт 04.00-06.00 цагийн хооронд ирээд малын махаа тушаачихаад явдаг аж. Гэхдээ азаар ч гэх үү, Өвөрхангай аймгаас малаа муулан авчирч, хувийн приус маркийн машиныхаа ачааны тэвшин дээр худалдаалж буй гэр бүлийн хоёртой таарсан юм. 



Тэд бидэнд нэрээ хэлэхийг хүсээгүй ч, хэрэгтэй мэдээллийг цааргалалгүй хэлж өгсөн. Гаднаас нь харахад 40 шүргэж яваа болов уу гэж таамагламаар тэр гэр бүлийн нөхөр нь бидэнд ийн хуучилсан. “...Хүчит шонхор зах дээр мах хямдарсан сургаар хүмүүс хувиараа ирж мах их авч байна. Ах нь байнга зогсоод байддаггүй. Өвөрхангай аймгаас дөнгөж ирээд л хувийн жижиг машинтайгаа хэдэн хонио  нядалж авчираад зарж байна. Нэг килограммыг нь 3500 төгрөгөөр борлуулж байна. Эдийн засгийн хямралаас гадна мичин жилийн зуднаас урьтаж, малаа шилж, эм голдуу малаа л малчид бид борлуулж байна. 

Ерөнхийдөө энд эр хонины мах зарж байгаа малчин ховор. Дандаа л эм хонины мах зарж байгаа. Тийм учраас нэг гулууз махны жин 16-20 орчим л болно”  гэж ний нуугүй ярьж байлаа. Эм мал эрийгээ бодвол бие жижигтэй, туранхай байдаг тул ирэх жилийн хахирган өвөлд бэлтгэж буй малчид малаа чанаржуулах үүднээс онд мэнд орж чадна гэсэн тарга тэвээрэг сайтай эр малаа авч үлдээд, туранхай эм малаа ихэвчлэн борлуулж байгаа нь анзаарагдаж байсныг энд дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ. 
 

Үхрийн цул мах 4800 төгрөгийн үнэтэй


Махны бөөний үнэ хямдарсан хэдий ч иргэд тэр бүр гулуузаар нь худалдан авч чаддаггүй байна. Тиймээс жижиглэнгийн лангуунаас килограммаар нь худалдан авалт хийдэг аж. “Хүчит шонхор” зах дээр үхэр, адууны  махны жижиглэнгийн худалдаа хийдэг тасаг болон богийн махны худалдаа хийдэг тасаг нь тусдаа юм билээ. Ийм тул бид эхлээд үхрийн махны жижиглэнгийн тасагт очсон. Тэнд үхрийн мах 4500-4800 төгрөгийн үнэтэй байв. Худалдагч “Ястай нь 4800, цул нь 4500. Уг нь 6000 төгрөгөөр худалдаалж байсан юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 27/

    хятад чихрээс хямд мах байж болохгүй биздээ монголчууд минь бидэнд чихэр биш мах л хэрэгтэй арай ч дээ.... ямааны гулууз 20 000 гэж бна ард түмний өмчийг үнэгүйдүүлдэг 76гэж нэрлэгдэх баячуудаас нийгмээ цэвэрлэх цаг нь болсон

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 14/

    нэг талд нь хямралд орж ямар ч мөнгөгүй болсон малчид,нөгөө талд нь хулалдан авах чадваргүй болсон иргэд байгаа болохоор тэгтлээ үнэ нь унахаас өөр яахав дээ

    Хариулах