Баривчилгаа бас дахин баривчилгаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 24
 
Эсрэг тэсрэг байр суурь
Б.Батзаяаг гэрээс нь баривчилжээ
 

Долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр баривчилгаа, цаашлаад дахин нэг баривчилгаа болов. Энэ бол Өршөөлийн хуулийг баталж, албан тушаалын хэргийг өршөөхгүй гэсэн шийдвэр гарсны маргааш нь л эхэлсэн гэж буй. Энэ олон баривчилгаа хүн бүхэнд нэг таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Хамгийн гол нь дээрх баривчилгааг явуулахдаа оройн цагаар, гэрээс нь болон албан өрөөнөөс нь баривчилсан. Харин үүний араас хийсэн мэдээллүүдийн дийлэнх нь “улс төрийн дайралт” гэсэн өнцгөөс харж хийсэн гэхэд болно. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа баривчилгааг онцолж байна.

Б.Батзаяаг гэрээс нь баривчилжээ


2015.10.31: Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн шөнө гэрээс нь баривчилжээ. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байна. Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна. “Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө цацагдаж байсан. Дээр нь огт тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай мэдээлэл бий. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухай баттай эх сурвалжууд хэлж байна. Одоогоор Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй байгаа юм. Энэхүү хэрэгт тухайн үед Зам тээврийн сайд байсан хүмүүсийг ч татаж магадгүй байгаа аж. Эхний ээлжинд байцаалт авахаар төлөвлөөд байгаа гэнэ. Ийнхүү Монголын төмөр замтай холбоотой хэргийн дуулиан дэгдлээ. 

/Эх сурвалж: http://www.news.mn/content/226358.shtml /

ЭМЯ-ны ТНБД Г.Ганчимэгийг өчигдөр шөнө баривчилжээ


2015.11.11: Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461-р ангид хорихоор болсон. Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлсэн. Гэтэл өчигдөр орой 18.30 цагийн орчимд ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг хахуулийн хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-аас баривчилжээ. Энэ талаар өчигдөр манай сайт ЭМС-ны эх сурвалжаас тодруулахад “Байцаалт авч, шалгаж байгаа нь үнэн ч цагдан хориогүй” гэх тайлбарыг өгч байсан билээ.
2015.11.13: Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг өнгөрсөн сарын 30-нд баривчлан хорьсон. Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа өнөөдөр дууссан байна. Тэгвэл тэдний цагдан хорих хугацааг сунгах уу, үгүй юу гэдэг асуудлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, Б.Батзаяа болон Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг батлан даалтад гаргахаар болсон байна. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байна
 
С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилсан нь батлагдлаа


2015.11.15: Өнгөрсөн бямба гарагт С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж, хорьсон гэх мэдээллийг баттай эх сурвалж мэдээлсэн юм.  Тэгвэл түүнийг саатуулсан гэх албан ёсны мэдээллийг ЦЕГ-аас өглөө. Өөр нэгэн эх сурвалжаас тодруулахад “Д.Булганыг саатуулсан нь үнэн. Одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа” хэмээсэн боловч түүнийг Төв аймгийн хорих анги руу шилжүүлсэн гэх мэдээлэл бас байгаа юм. Гэхдээ одоогоор түүнийг ямар хэрэгт буруутган, саатуулсныг нууцалж байгаа аж. Үүнээс гадна түүнтэй цуг хоёр иргэнийг саатуулаад байгаа гэсэн мэдээллийг ч мөн өгсөн юм. Энэ нь Д.Булганыг цагдаа биш тагнуулаас баривчилсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Мөн  Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэмээн хэвлэлүүд мэдээлж буй ч албаны эх сурвалж үгүйсгэж байгаа юм. Гагцхүү Д.Булганы хэргийг “маш нууц”-д хамааруулаад байгаа аж. Тиймээс хуулийн байгууллагуудаас Д.Булгантай холбоотой мэдээллийг өгөхгүй, ихэд нууцалж байна. 

/Эх сурвалж: http://www.mminfo.mn/content/81523.shtml?alias=crime /

 

Б.Батзаяаг дахин хорьжээ


2015.11.18: Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг дахин хорих шийдвэрийг шүүх гаргасан байна. Прокурорын байгууллагаас түүнийг батлан даалтад гаргасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд өчигдөр энэ хэргийг дахин хэлэлцэж шүүхээс түүнийг хорих шийдвэр гаргажээ. Хэрэг явдлыг эргэн сануулахад Б.Батзаяаг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн аравдугаар сарын 30-нд баривчлан хорьсон бөгөөд арваннэгдүгээр сарын 13 буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр хэлэлцээд батлан даалтаар гаргасан юм. Түүнтэй хамт Зайсан дахь хорих ангид хоригдож байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёлыг мөн батлан даалтад мөн гаргасан юм. Энэ хэрэгт холбогдоод байгаа БНСУ-ын бас нэгэн иргэнийг гадуур байцааж байжээ. Б.Батзаяаг батлан даалтад гаргахад түүний нагац ах, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэх хардлага байсан юм. Мөн АН-ын нэр бүхий гишүүд түүний суллуулахаар идэвхтэй гүйсэн гэх мэдээлэл ч цацагдсан билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх