Сардаа ганцхан удаа махтай хоол иддэг...

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 24 ・ 4

Ихэнх хүмүүс нэн ядуу амьдарч байгаа хүмүүсийг өөрсдөөсөө л болж байгаа. Ажил төрөл хийгээд, хүүхдүүдийнхээ төлөө хөдөлмөрлөдөг бол дорхноо амьдрал ахуйгаа сайжруулна. Архи ууж, агсам согтуу тавиад ажил хөдөлмөр хийхгүй, бэлэнчилдэг болохоор л ингэж явна гэж боддог. Гэвч тийм биш аж. Яаж ч хөдөлмөрлөөд, яаж ч мэрийгээд хүсэхэд хясдаг хорвоо ажээ.

Энэ долоо хоногт манай сурвалжлах багийнхан “Pink Tower construction”-ы залуустай хамт захын хорооллын айлуудаар явж, нүүрс түлээ, гурил будаа, хүүхдүүдэд бэлэг өгсөн юм. Гэтэл орсон айлуудын маань дийлэнх нь зогсолтгүй ажил хөдөлмөр хийж, хэдэн хүүхдүүдээ гал алдуучихгүй юмсан гэсэн сэтгэлтэй эгэл эцэг эхчүүд байвч, үнэндээ тэднээс шалтгаалахгүй хүчин зүйлс дэндүү олон аж. Түлэх  түлээ нүүрсгүй, идэх хоолгүй нийтлэг дүр зураг ажиглагдсанаас гадна, сард ганцхан удаа ээжийнхээ цалин буухаар л махтай хоол иддэг айл ч тааралдсаныг нуух юун.

Харин яагаад ингэж амьдарч байгаа юм бэ гэж шалтгааныг нь та гайхаж магадгүй. Шалтгаан нь ердөө л салсан гэр бүл, өрх толгойлсон ээжүүд. Өрх толгойлсон ээж, эсвэл эцгийн хүүхэд болох бас л нэг өрх толгойлсон эх, эсвэл эцэг.

Pink Tower Construction-ийнхантай очсон бидний хамгийн эхний айл бол СБД-ийн 16-р хороо, 5 хэсгийн оршин суугч н.Эрдэнэцэцэгийнх. Тэднийх 4 хүүхэдтэй. 4 хүүхэд нь дор бүрнээ цэвэр, цэмцгэр, хичээл номондоо сурлага сайтай.

Гэвч бас л өрх толгойлсон эмэгтэй. Хэсгийн ахлагч Ш.Янжмаагаар заалгасаар уулын уруу, орой, гуу жалга дамжиж, жалгын ирмэг дээр тулгаж барьсан хашааны банзнаас зүүгдсээр нэлээн өндөрт байх хашаа хороо нь бүрэн биш ч ямар ч байсан захалсан, гурван ханатад орлоо. Гаднаас нь харахад төдий л сайхан биш ч учиргүй навсайж урагдчихаагүй, шаргал жижиг гэр.

Гэрийн дотноос цагаан бойтог өмссөн жижигхэн биетэй нэг охин гарч ирээд биднийг харснаа учиргүй гүйгээд орчихов. Гайхсан хэсгийн ахлагч “Алтантуяа, Алтантуяа” гэж дуудсаар биднийг дагуулан араас нь ортол гэрт байх цорын ганц хогшил болох орон дээрээс нэг бяцхан охин бултгас гэснээ хөнжилдөө шургаж, Алтантуяагйин араар орчихов.

Гэтэл Алтантуяа “Янжмаа эгч ийм хүйтэнд ямар хэргээр яваа юм бэ. Ээж алга байна, ажилдаа явчихсан. Дүү бид хоёр л гэртээ байна. Ирэхдээ утсаар ярьчихгүй” хэмээн ичингүйрсэн байртай биднийг суухыг урив. Гэр нь жигтэйхэн жижигхэн агаад хэтрүүлж хэлбэл босоод зогсоход тоононд нь толгой тулж, хөлөө жийхэд хаалгаар гутал гарахаар байлаа. Идэр есийн хүйтэн жаварт гэр нь хайруулж, түлээ түлшгүйгээс өдрийн нарыг хөнжилдөө бүлээцэж өнгөрүүлдэг аж. Ингээд ээжийнхээ эзгүйд гэрийн эзэн болсон Э.Алтантуяатай хэсэг ярилцсанаа доор сийрүүлье.

-Миний дүү яагаад биднийг хараад буцаад гүйчихэв?

-Ээж байхгүй. Гэрт түлэх түлээ, хоол цай дөхүүлчих юм байхгүй. Гэнэт баахан хүмүүс ирэхээр нь сандраад.

- Зүгээр дээ. Ах эгч нар нь танайхныг шинжих гэж ирсэнгүй ээ. Шинэ жил болж байгаа болохоор бэлэг тарааж явна. Танайх хэдүүлээ амьдарч байна вэ? Ээж нь хаачсан юм?

- Ээж өнөөдөр ажилтай. 24:24-ээр тулаан хийгээд ойрд гэртээ бага байгаа.

- Ээж нь хаана ажилладаг юм бэ? Бас хэн, хэнтэйгээ амьдарч байна?

- Ээж нь оюутны байрны цаана нэг барилгын компанид хамгаалагч хийдэг. Манайх тавуулаа. Ээжтэйгээ, гурван дүүтэйгээ амьдардаг.

- Дүү нар нь хэдтэй вэ? Сургуульд сурч байна уу?

- Би одоо 17 настай. Дүү нар маань 15, 8, 5 настай. Хоёр эрэгтэй дүү маань сургуульд сурдаг. Бага дүүгээ цэцэрлэгт оруулж арай чадсангүй ээ. Цэцэрлэгт оруулахын тулд мөнгө их хэрэг болдог юм байна. Энэ жил манай урд нэг шинэ цэцэрлэг ашиглалтад орсон. Тэгээд дүүгээ оруулъя гэтэл шинэ цэцэрлэгт аяга таваг, хөнжил гудаснаас эхлээд олон юм хэрэг болдог юм байна. Тэд нарыгаа авна гээд 54 мянган төгрөгийг хураасан. Тэр их мөнгө ээж, бид нарт байгаагүй болохоор яаж ч чадаагүй. Гэхдээ ирэх жил заавал сургуульд оруулна гэж бодож байгаа.

- Дүү нарыг чинь хэн сургуульд хүргэж өгч байна?

Ээж ихэнхдээ ажилтай болохоор би л зөөдөг дөө. Өглөө сургуульдаа явахдаа нэг дүүгээ сургуульд нь, нөгөөг нь хажуу айлд оруулчихаад, орой тарахдаа дүү нараа цуглуулаад хүрч ирдэг.

- Миний дүү өөрөө хаана сурдаг юм бэ?

- Одоо бол заслын ангид сурч байгаа. Есдүгээр ангиа төгсч чадаагүй болохоор урд нь сургуульд орж чаддаггүй байсан юм. Тэгээд энэ жил манай хэсгийн ахлагч, хорооны эгч хоёр хөөцөлдөөд намайг Дарь-Эхийн тэнд байдаг МСҮТ-д заслын ангид оруулж өгсөн.

Өөрөө сургуулиа төгсч чадаагүй болохоор дүү нараа л эрдэм номтой хүн болгоё гэж боддог. Орой хичээлээ тарж ирэхээр нь хоёр дүүгээ хичээлийг нь хийлгэх гээд их үздэг юм. Тэгээд одоо хоёулаа онц сурч байгаа.

- Миний дүү ээждээ өөрөө яаж туслаж байна?

- Ажил хийх гэж үзсэн. Гэхдээ бие жижигтэй болохоор ажил олдохгүй. Олдсон ч дандаа шөнө ажиллуулах гэнэ. Дээр нь дүү нарыг харах хүнгүй, айлд орхих гэхээр айлын хүүхдүүдэд шоглуулчих гээд байдаг болохоор хамаагүй хаяад явж чаддаггүй юм.

Гэхдээ ямар ч байсан сургуулиа төгсөөд, мэргэжилтэй болоод ирэхээр ажил хийж, ээж, дүү нарыгаа баярлуулна гэж боддог.

-Ээж нь хэчнээн төгрөгний цалин авдаг юм бэ?

- Янз, янз. Ихэвчлэн 300 мянгыг л авдаг юм шиг байна лээ.

-Тэгвэл түлээ нүүрс, хоол хүнсээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Хүүхдийнхээ мөнгөөр авдаг. Гэхдээ тэр нь 5 хоноод л дуусчихдаг болохоор дэлгүүрээс хааяадаа зээлж авдаг. Тэгээд ээж цалингаа буухаар төлчихдөг юм.

 - Одоо танай гэрт гурил будаа, хоол хүнсний нөөц хэр байна?

- Өчигдөр гурил дууссан.

- Мах байгаа юу?

- Байхгүй.

- Хэзээ дуусав?

- Ээжийн цалин буухаар л махтай хоол хийж иддэг юм /сардаа нэг удаа/

-Хамгийн сүүлд хэзээ бүхэл мах чанаж идэв?

- Мэдэхгүй. Сайн санахгүй байна. Хамгийн сүүлд аавтайгаа байхдаа л чанаж идсэн байх даа /7 жилийн өмнө/.

- Өнөөдөр хоол хийе гэхэд хоолны материал байна уу?

- Оройхон хоёр дүүгээ ирэхийг дөхүүлж байгаад дэлгүүрээс гурил зээлж гамбир хайрч иднэ. Гэхдээ дэлгүүрт бас хамаагүй өр тавиад яах вэ дээ. Аягүй бол өрөө дийлэхээ байчихна гээд бүр аргагүйдээд дараалаад хоёр хоног хоолгүй болчих гээд байвал өр тавьдаг юм. Тэгээд гамбир хийгээд идчихдэг юм, зүгээр ээ.

- Хоолгүй хонох үе байв уу?

- Зөндөө. Бүр аргагүйдвэл дүү нараа хажуу айл майл руу оруулж аргалчихаад л оруулж ирээд унтуулчихдаг юм.

- За тэгвэл ах, эгч нар нь шинэ жилийн бэлэг болгож энэ багахан түлээ нүүрс, гурил будаа, дүү нарт нь шинэ жилийн бэлэг бэлдэж ирлээ. Өнөөдөр гоё хоол хийж идээрэй.

- Баярлалаа /инээв/. Өнөөдөр гоё гурилтай, тостой болсон юм чинь орой дүү нартаа гоё гамбир хайрч өгнө өө. Дүү нар маань ч бэлгээ хараад их баярлах байх гэсээр бидний ярилцлага өндөрлөв.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: