Д.Болормаа:Бялуугаа хөвсгөр, амттай болгоход 3 зүйлийг мэдэх нь чухал

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 10
Найз нөхөд, хайртай дотны хүмүүсийнхээ төрсөн өдрөөр аз жаргалын бэлэг болсон амтат бялуу хийх хэчнээн сайхан бэ. Тиймээс амтат бялуу хийхэд хамгийн чухал зүйлсийн амтат бялуугаараа манай ээжүүдийн хэдийнэ танил болсон Б.Болормаатай ярилцсан юм.
 

Найз нөхөд, хайртай дотны хүмүүсийнхээ төрсөн өдрөөр аз жаргалын бэлэг болсон амтат бялуу хийх хэчнээн сайхан бэ. Тиймээс амтат бялуу хийхэд хамгийн чухал зүйлсийн амтат бялуугаараа манай ээжүүдийн хэдийнэ танил болсон Доржпүрэвийн Болормаатай ярилцсан юм. Түүнтэй холбогдохыг хүсвэл та facebook дахь Boko Bolormaa хаягаар хандаарай.

-Юуны өмнө Болороодоо олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Баяр бүрээр аз жаргалын дээж болсон бялууны захиалгад дарагддаг хэвээрээ юу?

- Баярлалаа. Энэ жил захиалга авсангүй ээ. Учир нь ажилдаа орчихсон чинь амжихгүй юм. Захиалга авахын тулд өмнө нь нэлээн бэлтгэл хийдэг юмаа. Хайрцаг, бялуунд хэрэгтэй түүхий эд материал гээд.

 

-Та бол сэтгүүлч хүн. Гэтэл мэргэжлийн тогоочоос дутахааргүй амтат бялуу хийдэг. Тиймээс бялуу хийх аргыг яаж сурснаа хуваалцаач?

-Том хүүгээ төрүүлээд гэртээ цахилгаан зуух авсан юм. Түүнийгээ ашиглаж суръя гээд анх “Гүн Шим”  сургалтын төвийн тогооч-нарийн боовчны сургалтанд сууж төгссөн. Тэнд заалгасан зүйлээ гэртээ хийсэн ч нэг л эвээ олохгүй байхад минь Ц.Үүрцайх, та бүхэн бол facebook нэрээр нь таних байх ( Urka Choijil) эгчийн бялуу заах сургалтанд суусан юм. Ингээд л 2012 оноос бялуу хийдэг болсон доо. Харин захиалга авдаг болсон нь бол 2014 онд. Бага хүүгээ төрүүлээд гэртээ амарч байхдаа эхлээд ойр дотны найзууд, танилуудын захиалга авдаг болоод сүүлдээ facebook-ээр захиалга авдаг болж өргөжсөн.

-Хийхэд хамгийн амархан бялуу гэвэл та алийг нь нэрлэх вэ?

-Ер нь бол бялууны кексийг хийх нь амархан. Чимэглэх нь хэцүү байдаг. Анх хамгийн амархнаар яаж чимэглэх вэ гэж боддог байлаа. Одоо бол харьцангуй чимэглэх аргыг нь, гоё санаануудыг ихээр авч болохоор болсон.

-Харин хэцүү нь гэвэл?

-Анх наполеон бялуу хийх их хэцүү байсан. Хагараад л эвлүүлэх гэж хэдэн цаг хийдэг байлаа. Гэрийнхэн маань дуртай болохоор баярлуулах гэж хийсээр байгаад сүүлдээ учраа олоод гарт орсон.

 

-Манай бүсгүйчүүд онлайн сүлжээ ашиглан бялуу хийж сурч байна. Бараг л гэр гэртээ бялуу хийж чадахаар тийм л орчинд бид амьдарч байна. Гэвч заримдаа нэг л болж өгдөггүй тохиолдол элбэг байдаг. Тиймээс бялуу хийхдээ бусад ээжүүдийн гаргадаг нийтлэг алдаа юу байна вэ?

-Ерөнхий хэдэн зүйлийг мэдчихвэл уг нь гайгүй л дээ. Жишээ нь:

1. Бүх материал ялангуяа өндөг, масло өрөөний темпратурт байх хэрэгтэй.

2. Бялуу хийхэд яг орц, граммаар нь хийх нь чухал. Манайхан монголчлох гээд буруудаад байдаг. Тэгэхээр танд хүнсний жин байх хэрэгтэй.

3. Цахилгаан зуухныхаа градусыг сайн тааруулаад минут болоогүй л бол онгойлгож болохгүй. Тэгвэл хөөлт нь бууна гэх мэтээр энгийн зүйлүүдийг мэдэх хэрэгтэй.

 

-Бас гэртээ бялууны крем хийх гээд ихэнх нь буруу хийдэг юм уу. Алдаад байдаг. Та хамгийн амархан аргаар гэртээ бялууны крем хийх аргаас манай ээжүүдтэй хуваалцаач?

-Гэртээ би крем хийдэггүй юмаа. Бэлэн орос крем хэрэглэдэг. Их амттай байдаг болохоор бас чимэглэхэд тохиромжтой. Тэгэхгүй бол өндөгний цагаан, элсэн чихэрээр крем хийж үзсэн чинь би лав сайн чадахгүй шингэн болоод байсан.

-Манай уншигчдын дунд танд бялуу захиалах сонирхолтой хүмүүс олон байгаа байх. Та одоо захиалга авч байгаа юу. Тийм бол яаж захиалах вэ?

-Би амралтын өдрөөр захиалга авч байгаа. Надтай facebook-ээр холбогдож болноо. Boko Bolormaa гэсэн хаягтай.

 

-Ингэхэд, та өөрөө ямар бялуунд хамгийн дуртай вэ?

-Би cheese cake-нд хамгийн дуртай.

 

-Ярилцлагынхаа төгсгөлд та манай уншигчдад ямар нэгэн бялуу хийх аргаас хуваалцаач?

Торт хийх жор:

Орц:

4 өндөг

160 г сахар

160 г масло

160 г гурил

1 уут backing powder

1 цайны халбага vanillin

40 г сүү

Хийх арга:

Өндөг+ сахараа өндөр хурдаар 3 дахин өстөл нь миксердэнэ.

Өрөөны тэмпратурт зөөлөрсөн маслоо нэмж миксерийнхээ хурдыг багасгана.

Гурилаа шигшээд+ хөөлгөгчөө хийгээд хооронд нь сайн хутгаад өгнө. Ингээд заармаг дээрээ гурилаа хийгээд + vanillin хийгээд+ сүү хийгээд зуурмаг бэлэн болно.

Зуурмагаа хэвэндээ хийгээд 180 градуст 25-30 минут жигнээд амттай кекс бэлэн болно.

Та өөрийн хүссэнээ чимэглэх боломжтой.

 

Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа

 

www.mongoljingoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх