Байнга мөнгөн тусламж гуйдаг хамаатандаа хэрхэн жинхэнээсээ “туслах” вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 21 ・ 1

Зарим тохиолдолд туслахгүй байх нь өөрөө хамгийн том тус юм.
Бидний амьдралд, эсвэл бидний эргэн тойронд иймэрхүү ярианууд үе үе сонсогддог байх: “Манай дүү нэг юм эхлүүлнэ гээд ахиад л хэдэн саяыг авсан чинь сая алдчихсан сурагтай” “Чи бидэн дундаасаа хамгийн гайгүй нь шүү дээ. Тийм болохоор ядарсан хэдийгээ жаахан бодож үз. Тэгэхгүй бол цаадуул чинь гомдоод сүйд болно” “Ураг садан болохоор үгүй гэж хэлж чадахгүй юм аа. Гэхдээ л хоёр айлыг давхар тэжээх гэж хэцүү байна шүү”

 

Байнга мөнгөн тусламж гуйдаг хамаатандаа хэрхэн жинхэнээсээ “туслах” вэ?

 

Зөвхөн сөхөж ярихын төдийд л “халуухан сэдэв” болохоор байна гэдэг энэ асуудал манайхны дунд үнэхээр түгээмэл байгаагийн шинж юм.

Мөнгө асуусан найзууддаа татгалзах тийм ч хэцүү байдаггүй, учир нь бид тэдэнд туслахыг хэчнээн хүсэж байвч боломжгүй тохиолдолд “үүргээсээ ухарсан” мэт хэт гэмтэй сэтгэгдэл төрдөггүй, “ойлгох байлгүй дээ” гэж бодоод л өнгөрдөг. Харин мөнгө асуусан хамаатнуудын тухайд хэцүү. Бид “амь нэгтэй” гэр бүлийн гишүүдийнхээ өмнө ямар нэг том хариуцлага хүлээсэн мэт санагддаг учраас бараг түрийвчээ хоослоод ч хамаагүй өгөх үүрэгтэй юм шиг ханддаг.

Хэрвээ чи золоор төрөл төрөгсөд дундаасаа арай дээгүүр орлоготой бол мөнгөний тал дээр бүгдийнх нь “анхаарлын төв”-д байдаг байх. Зарим нэгэн нь бүр асуудал гармагц л чам руу залгаж, тусламж хүсдэг зуршилтай болжээ.

Хэдийгээр чамд асуусан мөнгө нь байдаг ч, байнга өгөх хэцүү байж таарна. Чамд ч бас өөрийн гэсэн санхүүгийн зорилго, зарцуулахыг хүссэн зүйл, хуримтлал, гэнэтийн эрсдлүүд бий шүү дээ. Эсвэл нөгөө талаас, чамд энэ нь дарамт болохгүй байсан ч, дандаа өгсөөр байгаад чи тэднийг улам л залхуу, амьдралын идэвхгүй, хүүхэд шиг нэгэн болгож хувиргаж байгаагаа олж харж байгаа байх. Аль нь ч бай, чанга хатуу байхад чинь дараах зөвлөгөө хэрэг болох нь гарцаагүй.

Хэнд “үгүй” гэж хэлэх...
Сонин сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ асуудлын гол нь чамаас мөнгө аваад сурсан хүмүүст биш, харин “Сүүлийн удаа байх” гэсэн найдлагатайгаар мөнгөө өгсөөр л яваа чамд байгаа юм.

Хэн нэгэнд “Тэвдэж явахад тэвнээр туслан”, үнэхээр хэрэгтэй үед нь гар сунгаж, шигдээд байсан шаварнаас нь татаж гаргана гэдэг сайхан хэрэг. Энэ үед чи түүнд зөвхөн мөнгөөр туслаад зогсохгүй, итгэл найдварыг нь сэргээж, цааш зоригтойгоор урагшлахад нь түлхэц болдог. Ийм тусыг хүргэсний дараа сэтгэл дүүрээд л ирдэг.

Харин чамайг “санхүүгийн арын нөөц”, бүр болохгүй бол хэлээд л мөнгө авчихдаг “Б төлөвлөгөө” шиг санан, тийм өнцгөөс ханддаг хүмүүст байнга тусална гэдэг огт өөр хэрэг юм шүү. Энэ бол нэг ёсондоо “санхүүгийн хүчирхийлэл”-д өөрөө сайн дураараа орж байна гэсэн үг. Тэд үнэхээр боломжгүйдээ бус харин асуудлыг үүсгэхдээ бол өөрсдөө хайр найргүй үүсгэчихээд, түүнийгээ шийдвэрлэх арга замыг нь чамд эсвэл өөр нэгэнд найдаад дадчихсан байдаг. Жишээ нь ийм хүн:

-Насанд хүрсэн залуу дүү нартаа дийлдэшгүй өвчин зовлонгоос бусад үед үгүй гэж хэл. Учир нь тэдэнд тулгарсан асуудал ихэвчлэн өөрсдийнх нь буруу амьдралын хэв маягаас л үүдэлтэй байдаг. Мөн тэд “асуудлаа бие даан шийдэх”, “өөртөө хариуцлага хүлээх” хэмээх том болсон хүний эзэмшсэн байвал зохих чухал ур чадварт суралцах шаардлагатай.

-Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, зориулсан мөнгийг чинь хийсгэж орхисон мөртлөө л, ахин дахин өөрийн бодож олсон ямар нэг “амжилт олохооргүй” бизнес санаандаа чамаар хөрөнгө оруулалт хийлгэх гэж оролддог “хөлөө олоогүй нэгэн”-д. Учир нь тэр бизнесмэн болохоор зориглож байгаа нь үнэн бол “Хөрөнгө оруулагчид ирээдүйтэй санаа, найдвартай хамтрагчид л мөнгөө өгдөг” хэмээх бизнесийн хатуу зарчмыг өөрийн биеэр ойлгох ёстой.

-Хэд хэдэн удаа итгэлийг чинь эвдэж, хэлсэн амандаа хүрээгүй мөртлөө “Энэ удаад би яг сургуульдаа тууштай сурна” эсвэл “Энэ удаад би яг муу зуршлаасаа сална” хэмээн амлаж, түүндээ шаардлагатай мөнгийг чамаас авдаг нэгэнд. Хий амлах тоолонд нь “Овоо ш дээ” гэж бодогдож туслахыг хүсдэг ч, жинхэнээсээ зорилго тавьсан хүн мөнгөгүй байсан ч түүнийг яаж ийгээд эхлүүлдэг/хийдэг гэдгийг санан, оронд нь сайхан урам зориг хайрлаж, итгэж байгаагаа хэлээд гаргаарай. Үүний дараа тэр үнэхээр хичээж байгаа нь нүднээ ил харагдвал дэмжих зорилгоор багахан хэмжээнд тусла.

-Үнэтэй ресторанд тогтмол хооллож, нүд унасан тансаг гутал хувцсаа гар таталгүй авчихдаг хэрнээ яагаад ч юм байрны лизинг, тогны мөнгө, машины зээл зэргээ төлөх гэхээр “мөнгөгүй болчихдог” нэгэнд. Учир нь тэд өөрт нь тулгарч буй асуудлууд жинхэнэ санхүүгийн хямрал биш, харин хувийн зохион байгуулалтгүй, хайнга байдлаас нь л хамаатай зүйл гэдгийг бодитоор ойлгох цаг болсон.

Хэрвээ чи тэдэнд олон удаа тусалсаар байгаад, одоо яаж татгалзахаа мэдэхээ байчихсан бол, гинжин хэлхээг таслахын тулд түүнтэй ганцаарчлан ярилцаарай. Ярианы утгыг жишээлбэл:

"Би чамтай санхүүгийн талаар ярилцмаар байна. Би сүүлийн үед санхүүгээ илүү сайн төлөвлөж эхлээд байгаа юм л даа. Тэгээд өөрийн хувийн амьдралдаа зарцуулж байгаа мөнгөө эргэж нэг харлаа. Өнгөрсөн хугацаанд чи хэд хэдэн удаа надаас их хэмжээний мөнгө авчээ. Надад туслахад сайхан байсан, гэхдээ одооноос эхлээд би тэгэх бодолгүй байна.

Би чамд байнга боломжоороо туслаад байхаар энэ нь чамайг санхүүгийн хариуцлагагүй хүн болоход хүргэж байгаа гэдгийг олж анзаарлаа. Би чамайг мөнгөний менежменттэй байж, зарлагаа хянаж, надаас туслалцаа хүсэлгүйгээр өөрөө бүхнийг болгодог чадвартай болоосой гэж хүсэж байна.

Гэхдээ би чамтай дотно харилцаагаа хадгалж үлдмээр байна. Харин ганц мөнгөний тал дээр л хил хязгаар тогтоомоор байна. Тиймээс ирээдүйд ямар нэг өр, зээлээ надаар даруулахыг бүү шаардаарай. Ингэсэн нь чиний ирээдүйд ч хэрэгтэй."

Энэ бол зүгээр л жишээ яриа гэдгийг санаарай. Өөрийн нөхцөл байдалдаа яаж яривал илүү тохиромжтой гэдгийг бод. Ингэж ярьсны дараа ч чамаас 5-аас дээш удаа том хэмжээний туслалцаа авсан хүн ахин асууж “шалгах”-ыг үгүйсгэхгүй. Тэр үед нь л хэлсэндээ хүрч, мөнгөтэй байсан ч туслалгүйгээр өөрөө шийдвэрлэхийг санал болгоорой.

Эсвэл битгий зээл-Зүгээр л бэлэглэ
Өөрөөр хэлбэл, алдаж гээвэл харамсахаар, тийм хэмжээний мөнгийг хүнд битгий зээлдүүл гэсэн үг.

“Би тухайн сарынхаа зайлшгүй зардал, нэмэлт зардал, хуримтлуулах мөнгө, санхүүгийн зорилгодоо зориулах мөнгө зэргийг тооцож үзээд өөрийн орлогоосоо хасаж, цаана нь хэр их мөнгө сул үлдэж байгааг үргэлж бодож гаргадаг. Тэгээд тэр мөнгийг тухайн сард үнэхээр мөнгөний хэрэг гарсан дотны хүндээ өгөхөөр тооцоолдог юм. Би өөрөө ч угаасаа хэтрүүлэн үрэх, хэрэглэхэд дургүй. Жишээ нь, өнгөрсөн сард 150 мянган төгрөгний сул орлого гарсан юм. Гэтэл нэг сайн хуурай дүү маань машин шүргэчихээд, 350 мянган төгрөгний хэрэг гарсан тухайгаа надад хэллээ. Надад тэр үед 500-аад мянган төгрөг байсан ч, миний боломж 150 учраас үлдсэнийг нь өөр газраас олохыг зөвлөөд данс руу нь шилжүүлсэн. Дүү маань надад эргүүлж өгнө гэж амласан ч би хэзээ өгөхийг нь хүлээхгүй байгаа. Ухамсраараа өгвөл сайн л байна. Би түүнийг үнэлнэ. Тэгэхгүй байсан ч би нэхэхгүй. Угаасаа илүү гаргаж тооцсон мөнгө шүү дээ. Энэ нь сэтгэлд амар байдаг юм. Харин тухайн сард хэн нэгэн надаас мөнгө асуухгүй бол би түүнийг нь хуримтлалдаа бонус болгож нэмэрлэнэ дээ” /35 настай Болдоо/

Болдоогийн арга барил чамд таалагдахгүй, тохиромжгүй ч байж мэднэ. Гол санаа нь, урсгал зардалд үрэгдсэн гэж, эсвэл санаандгүй тохиолдлоор алдчихжээ гэж бодсон ч нэг их халаглалгүй “Буянаараа болог” гэж бодож чадах хэмжээний мөнгийг бусдад зээлдүүлэхийн оронд зүгээр л бэлэглэ. Өгөхдөө зээлж байна гэж хэлж болно. Харин буцааж авахаар хүлээх хэрэггүй. Мөн тэр лимитдээ таарсан мөнгийг л бусдад тусламж болгон өг. Энэ нь санхүүгээ ч, харилцаагаа ч аварч үлдэх энгийн, шулуун шударга арга юм.

Мөнгийг орлох, өөр төрлийн тусламж үзүүл
“Би оюутан байхдаа сургалтын төлбөрөө гээчихээд, нэг удаа бэр эгчээсээ мөнгө асууж байлаа. Бэр эгч маань надад мөнгө зээлдүүлэх боломжтой цорын ганц хамаатан байв. Би өндөр найдлага тавьж байсан ч тэр надад мөнгө зээлдүүлэхээс татгалзсан. Харин оронд нь намайг найзынхаа компанид гайгүй цалинтай, цагийн ажилд оруулж өгсөн юм. Тийм учраас би бэр эгчдээ огтхон ч гомдоогүй, харин ч маш их баярлаж хоцорсон” /25 настай Ганаа/

Энэ бол шалгарсан арга. Магадгүй чи тэдэнд өгсөн мөнгөнөөсөө болж санхүүгийн том эрсдэл хүлээдэггүй ч байж болно. Гэхдээ л тэглээ гээд байнга “бэлэн хоол” өгөх хэрэггүй. Ингэх нь яг л хөлд орж сурах ёстой хүүхдийг “Хайрлаж байна” гээд байнга гар дээрээ өргөж явдаг эцэг эхчүүдтэй адил үйлдэл. Тиймээс хэдий чамд мөнгө нь байсан ч, ялангуяа олон дахин асуусан хүнд аль болох мөнгийг орлуулж болох, өөрсдөөс нь ч бас хичээл зүтгэл бөгөөд хөдөлмөр шаардсан өөр тусламжийг санал болгоорой. Ингэх нь илүү урт настай, жинхэнэ тус дэм болж чадна.

• Санхүүгийн тооцооллыг нь хамт хийлцэх
Санхүүгийн хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа дүүдээ компанийнх нь эсвэл хувийнх нь тооцооллыг гаргахад туслаарай. Төсвөөс нь юуг хасаж болохыг ярилцаж, өөрийн туршлагаас хуваалц.

• Орлого олох өөр эх үүсвэрийг санал болгох
Чадварлаг орчуулагч ахдаа шууд мөнгө өгөхийн оронд гадны улстай харилцдаг компанид ажилладаг найзаасаа орчуулгын материал олж өг. Эсвэл хариуцлагатай оюутан дүүгээ цагийн ажилд зуучилж өг. Өөрөө ажилтай ч, нэмэлт орлого хэрэгтэй байгаа нэгэнд арга замыг нь цуг бодолцож, хэд хэдэн хувилбар зөвлөөд үз.

• Хариу туслалцаа ав
Гэхдээ ажил олгож байгаа маягаар. Мөнгөний хэрэг гарсан дүүдээ чи өөрийн хийж амжихгүй байгаа бичиг цаасны, гадуур хөөцөлдөх, цэгцлэх зэрэг ажлуудаа даалгаж болно. Эсвэл хүүхдийг чинь хэд хоног харж өгч ч болно. Тэгээд тэр чамд тусалсан учраас чи түүнд өөрийнхөө цалингаас тодорхой хувийг өгч байна гэсэн утгаар хэрэгцээтэй мөнгийг нь өгөөрэй.

Тэд дараагийн удаад чамаас мөнгө асуухгүй, харин түүнийг олох арга замыг асууж, зөвлөгөө авахаар хандах болно.

Эхлээд өөрийгөө аргал
“Өөрөө эхэлж хүчилтөрөгчийн багаа гялс зүүчихээд, хажуудах хүмүүстээ зүүхэд нь туслах хэрэгтэй” гэдэг үг бий. Чи өөрөө ухаан балартчихвал ганцхан хүнд л арай хийн зүүж өгчихөөд унаад өгнө, харин эхлээд өөрийгөө найдвартай аргалчихвал ахиад 10 хүний амийг ч аврах боломжтой хэмээх санааг өгүүлж байгаа юм. Чи байгаагаа бусдад өгчихөөд, дараа нь өөрөө хэн нэгнээс мөнгө зээлэхээс өөр аргагүй нөхцөлд орж хэзээ ч болохгүй.

Мөн ямар ч тохиолдолд хэн нэгэнд мөнгө өгөхөөсөө өмнө хань ижил, хүүхдүүдтэйгээ заавал ярилцаж зөвшилцөөрэй. Бусдын асуудлаас болж өөрийн гэр бүлийг итгэлцэлгүй харилцаа руу түлхэх хэрэггүй. Ил тод байж, ярилцаж, хамтдаа татгалзах шийдвэрт хүрвэл чамд түүнийг цааш уламжлахад ч хялбар байх болно.

Их хэмжээний мөнгийг хамаатныхаа нэгэнд зээлүүлэхдээ гэрээ хийх эсвэл өөр компаниар зуучлуулах тал дээр бодолцоорой. Энэ нь чамайг хүн чанаргүй, итгэдэггүй, хүйтэн хөндий хүн шиг харагдуулж магадгүй. Гэхдээ “Бидний харилцаа миний хувьд мөнгөнөөс илүү чухал учраас л дараа нь маргалдах явдал гаргахгүйн тулд ийм гэрээ хийж байгаа юм” гэдгийг ойлгуулж хэл. Учир нь мөнгө гэдэг яг угтаа хий хоосон цааснууд маш олон сайхан харилцааг эвдэх чадалтайд оршиж байна.

 

Эх сурвалж:www.Goolingoo.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 03 сар 23/

    Áîëîõã¿é ãàðóóäûã øóóä õàÿ òýãýõã¿é áîë á¿ãäýýðýý àäèë ÿâàõã¿é

    Хариулах