Хот тойрсон хонины там

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 02

Жил бүрийн өдийгөөс эхлээд өвлийн идэш уушийн цаг хүртэл монголчууд Улаанбаатарт хонь авч ирж зардаг. Мал төллөхтэй зэрэгцэн энэ үйл явц хэдийнэ эхэлсэн байна лээ. Өнөө хэдийгээ толгой толгойгоор нь холбоод уячихсан Ромын үеийн боолууд мэт эмгэнэлтэй харагдах юм. Дэргэд нь тамхи татсан эрс хөлчүүхэн сууж харагдана. Тэртэй тэргүй худалдаж авсан нэгнийх нь идэш болно гээд эзэд нь ч цэвдэг сэтгэлээр хандах аж. Ийм түгээмэл зургийг бүгд л харцгаасан. “Эвий минь, энэ хэдэн хонийг ээ” гээд өнгөрдгөөс биш “Наад хэдэн хонио ус руу оруулж, өвс хазуулаач” гээд хэлчихэж байгаа хүн алга. Энэ бүхнийг харахаар л өөрийн эрхгүй эмзэглэх сэтгэл төрнө. Хавар, зун, намартаа хүйтэн цемент дээр уяатай хонинууд хамраа шуухитнуулан, бор нүдээ эргэлдүүлэн байдаг нь аврал эрэх мэт. Хэдэн төгрөг болохоос нь өмнө алдчихвий гэхдээ өнөө хэдийгээ бэлчээрт гаргахгүйгээр үл барам амны зугаа болгож чимх өвс ч өгөхгүй нь гачлантай. Зараад дуусахын хооронд зарлага гаргахгүй гээд гүрийчихдэг. Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр ерөнхийдөө бол хойтон болтол хот тойрсон хонины там эхэлчихжээ гэх гээд байгаа юм.

Монголчууд бид малчин удамтай. Хүзүү, хуруу, чихэндээ зүүдэг чимэглэлээ авдрынхаа мухарт нандигнан хадгалдаг атлаа амьд таван эрдэнэ хэмээн өргөмжилсөн энэ амьтдадаа арай л харгис хандаад байх юм. Хуучин цагт бол арай ч ийм байгаагүй байх. Өнөөгийн бидний мал маллах арга ухаанаас эхлээд малдаа хандах авир ааш хаврын тэнгэр шигээ л болчихож. Цөөн үгээр хэлбэл мал тамлаж зовоодгоороо бид дэлхийн хаана ч байхгүй тийм л үндэстэн. Малдаа харгис ханддаг. Бидний малын тамлагаа арчилгаа мэт харагддаг гэмтэй. Үүнийгээ анзаардаг нь тун цөөн. Өвлийн уралдаан зохион байгуулж байна гээд балчир үрсээ морины нуруун дээр дарцаглуулдаг. Бас болоогүй 20 км давхиж ирсэн амьтныг портер дээр ачиж аваад давхичихна. Өөрсдөө бол гэрээсээ гараад “морь харж” чадахгүй шахам бээрдэг байж хөлстэй адууг -30 хэмийн хүйтэнд салхи сөргүүлэн авч давхих шиг там бий юу. Адуу янцгаадаг л болохоос хүний хэлээр ярьдагсан бол энэ мэтчилэнгээс эхлээд олон зүйлийг хэлнэ дээ. Монголчууд адуундаа хайртай л гэдэг. Үнэндээ яг хайртай юу гэхээр бас л худлаа. Хичнээн хайртай адуу байсан ч “Хөөрхий минь тогоо тослох болж” гэж ирээд өнөө хайртай амьтан руугаа хүйтэн мэс бариад очно. Хуучин “Ээжээс нь илүү хүүхдийг нь өсгөдөг үнээ” гэж байдаг байлаа. Тэгж ч ярьж ирсэн. Хүүхдийг нь өсгөдөг гэхээр нуруун дээрээ суулгаад сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг гэсэн үг огт биш. Үнээнээс гарсан сүү, цагаан идээгээр нь хэдэн хүүхдийнхээ бор ходоодыг божийлгодог байсан болохоор ийн нэрлэдэг хэрэг л дээ. Тийм үнээг “Үстэй л болохоос бурхан” хэмээн бэлгэшээдэг байсан юм. Социализмын үед ийм айлууд олон байсан. Одоо ч мэр сэр бий л байх. Үр хүүхдийг нь өлсгөөгүйн хүчинд эцэстээ мөн л тогоо тосолдог. Энэ тэгээд хайр уу, нүүрэндээ үстэй л болохоос бурхан уу. Энэтхэгчүүд үхрийг бурхан мэт бишрэн шүтдэг. Бид тэдэн шиг шүтэж барьдаггүй юмаа гэхэд сүү, саалиар тасалж хар цайтай хонуулаагүй, олон тугал гаргаж өгсөн гээд зөнгөөр нь орхичихож болмоор доо.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх