Гурван "У" буюу Улаанбаатар, Ус, Утаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 28

 

НЭГ. УЛААНБААТАР
 
(нэг хүний хувийн бодол-эргэцүүлэл)
 
Амрыг чинь эрье, Баг-Үүл ээ!...
 
Чи, бид хоёр, Маршал Чойбалсангийн нэрэмжит I-р арван жилийн сургууль дээр, хааяахан уулзахад, чи, надад инээмсэглэж ирээд л хацраа үнсүүлдэг байсан... Тэр бол хоёр талтай байж... Тэр тухай одоо “түүх” яриад яана!..
 
Шувууны ангаахай өд гуурс нь ургаж гүйцэхээр, үүрээ орхин нисдэг... Үүрэндээ хэзээ ч эргэж ирдэггүй...
 
Бидний үр сад тийн, өсч өндийн нисэн одоод, чи бид хоёр уулзахаа байж... Тэр цагаас хойш, бас л хэдэн жил улирчээ... Энэ хооронд, чиний амьдралд том үйл явдал болж... Чи, их хотын эзэн болж... Энэ хотын амьдрал-байдал, чамд, сэтгэлд чинь нэг л дундуур санагдаж... Энэ хотын амьдрал-байдлыг үндсээр нь эргүүлээд, яагаад дэлхийн олон улсын нийслэл шиг нийслэл болгож болохгүй гэж...
 
Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг... Зоригловол Улаанбаатарыг бусад олон улсын нийслэлийн жишигт хүргэж болохгүй гэж үү. “Болно” гэсэн бодол чиний санаанд багтсан байна.
 
Тэгээд чи, энэ хотын амьдралд, ёстой хүзүүгээрээ татгал орооцолджээ. Одоо чи, энэ хотыг өөрийнхөө санаж бодсонд хүртэл өөд татахаас нааш, энэ гогцооноос мултрахаас өнгөрч... Чи аймшигтай эргүүлгэнд (гогцоонд) хүзүүгээ хийжээ. Одоо үүнээс гарах тун амаргүй... За-а бараг боломжгүй гэж хэлж болохоор... Гэвч, чи гарчих байх аа!...
 
Гарахдаа, чухам яаж гарах гээд байгаагий чинь ойлгохгүй байна. Чи, Улаанбаатарыг дэлхийн дэндүү өндөр хөгжсөн улсуудын нийслэлийн жишигт хүртэл хөгжүүлж барахгүй л болов уу. Энд олон шалтгаан байна. Хамгийн нэгдүгээрт цаг хугацаа хэрэгтэй... Дэлхийн олон улсын нийслэлүүд гэдэг чинь олон зууны настай!... Зөвхөн Москва гэхэд л арай л 900 жил болоогүй байгаа байх. Аугаа их эх орны дайны дараахан Москва хотын 800 жилийн ойг тэмдэглэж, Москва хотын эзний урилгаар манай Улаанбаатар хотын Гүйцэтгэх захиргааны дарга Багаа гуай, Улаанбаатар хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дамдин гуай, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал хүртээд удаагүй байсан жүжгийн зохиолч Ч.Ойдов гурав оролцож байсныг би санаж байна. 
 
Түүгээр барахгүй, Москва хотын 800 жилийн ойд зориулсан баярын хурал Бөмбөгөр ногоон театрт хийж, том концерт тавьж, тэр концертод, тэр үедээ нэр цууд гараад байсан манай урлагийн бүх шилдгүүд оролцож байлаа!... Москвагийн 800 жилийн ойд зориулсан илтгэлийг тэр үед боловсрол-мэдлэгтэйд тооцогдож байсан сэтгүүлч-орчуулагч Базарын Дашцэрэн тавьж байлаа. Тэр илтгэлийг дараа нь тусгай ном болгон хэвлүүлсэн... Тэгэхээр одоо 900 нас руу дөхөж яваа Москвагийн дэргэд манай Улаанбаатар өсгөлүүн хүүхэд л байгаа биз дээ?! Түүгээр барахгүй, Улаанбаатарыг Улсын нийслэл шиг нийслэл болгон хөгжүүлэхэд, чиний нас, зүтгэл, хүчин чармайлт хүрэхгүй (барахгүй).
 
Анхнаасаа л мэдэхгүйн гайгаар буруу замаар (аргаар) үндсээ (сууриа) тавьчихсан ийм хотыг одоо яаж засах юм бэ? Би 1940 онд Улаанбаатарт орж ирсэн. Тэр үед Улаанбаатар маань эсгий хот л байв. Хоёр давхар нэртэй байшин хоёр гарын арван хуруунд хүрэхгүй. Тэгэхдээ, тэр, хоёр давхар нэртэй байшин, заримынх нь хоёр давхарт гаднаас, тээр дороос өгсүүлсэн олон гишгүүртэй шатаар өгсөж гардагсан. “Үнэн” сонин, улсын хэвлэх үйлдвэрт тийм шаттай байв.
 
Явган хүний зам гаргах, элдэв мухар догшоос салгах, шулуухан сайхан өргөн гудамж чөлөө гаргах, хаашаа ч харсан хот минь яасан сайхан цэвэр цэмцгэр, саруулхан цээлхэн юм бэ? гэж хэлэгдэхгүй ш дээ. Улаанбаатарыг дээхэн үед оросын (зөвлөлтийн) барилгын ядуухан бядуухан загвар хувилбар гэлцдэг байсан. Сүүлхэн хэрдээ Улаанбаатарыг хятад, солонгосын барилгын хэлбэр галбир хуулж байна гэлцэх болсон... Одоо, хот маань хаашаа, ямар улсын нийслэл хотыг дуурайн хөгжиж байгааг хэн ч таах (хэлэх) аргагүй боллоо.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх