Үндэсний бахархлаа наймаалцсан нууц тогтоолын эрэлд /3/

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 03 ・ 2

Түрүүч нь http://www.polit.mn/content/79365.htmhttp://www.polit.mn/content/79365.htm

Сэтгүүлчийн эрэн сурвалжлага

 

ИДЛЭГ ШОНХРЫГ 100 ГАРУЙГ БЭЛЭГЛЭЖЭЭ. ҮЛДСЭН НЬ...

Бидний дэлгэсэн барим­туу­даар 2015 онд Засгийн газар идлэг шонхортой хол­боотой нууц тогтоол гаргасан нь тодорхой болсон. Чухам хэчнээн шонхрыг хилээр гаргахыг зөвшөөрсөн нь салбарын яам, мэргэжлийн хяналт, гааль дээр зөрүүтэй байгаа нь анхаарал татаж буй. Тэдгээрийн хэлсэн тоо­гоор бол Засгийн газар 200 орчим шонхор гаргах тогтоол гаргасан байх магадлалтай ч өөр эх сурвалжийн мэдээл­лээр үүнээс олон байж болзошгүй байна.

Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Шонхор авч явах тусгай онгоц нисэх дээр ирж хоноод буцдаг. Үүнийг тусгай рейс гэдэг. Тэр бүр ирдэггүй. Нэг үгээр тав, арван шонхор авах төдийд ирэхгүй гэсэн үг. Олон тоогоор гаргахад л ирнэ. Тусгай рейс ирэх үед тагнуулын байгууллагынхан хамгаалалтад авдаг. Ингэхээр хэчнээн тооны шонхор гаргаж байгааг мэдэх боломжгүй. Гааль, мэргэжлийн хяналтынхан ч хяналт тавих эрхгүй болчихдог. Тусгай зөвшөөрөл, мал эмнэлгийн бичиг ч хэрэггүй. Нууц тогтоол учраас л ингэж явагддаг байх. Тусгай рейс зөвхөн шонхор авахаар ирдэггүй. Саяхан гэхэд олон зуун цагаан зээр, хурганы мах хамт аваад буцсан” гэлээ. Арабууд шонхроос гадна цагаан зээр, хурганы маханд нугасгүй гэнэ. Тиймээс тусгай онгоцоор тэдгээрийг зөөдөг бололтой.

Албаныхны тайлбарлаж буйгаар Арабын орнуудаас Монгол Улс буцалтгүй тусламж, зээл авдаг учраас хоёр улсын дипломат харилцаанд зориулж тэдний шүтээн болсон амьтныг бэлэглэдэг гэж байгаа юм. Үнэндээ өнгөрсөн хуга­цаанд Монгол Улс Арабын орнуудад 100 гаруй идлэг шонхрыг албан ёсоор бэлэглэж байжээ. Тэгвэл хилээр гарсан олонх шонхор ашгийн зорилготой байсан гэж харж болохоор нөхцөл байдал шонхор тойрсон асуудлуудын хүрээнд харагдаж байна.  Хилийн чанадад үнэ нь тэнгэрт хадаж байхад Монголоос 6.4 сая төгрөгөөр л гаргана гэж хаана байх вэ. Үүний цаана тодорхой бүлэг хүмүүсийн ашиг сонирхол байгаа нь ойлгомжтой. “Хэсэг хүмүүсийн улс төр, бизнесийн зорилгыг халхавчилсан үйлдэл” гэх нэгэн ч байна лээ.  Тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд амьтан барих, агнах зөвшөөрлөөс эхлээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэргээр байгалиас ашиглаж болох бүхий л үйл ажиллагаанд зөвшөөрөл олгодог Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар гэж бий. Тус газрын дарга нь сайд солигдох бүрт өөрчлөгддөгөөрөө яамандаа зартай гэнэ. Сүүлийн гурван жилийн дотор тус яамны сайд гурван удаа солигдож яг энэ тоогоор дээрх газрын дарга шинээр тавигджээ. Нэг үгээр шинэ сайд бүр өөрийн талын хүнээ энэ газрын даргаар томилж шонхрын наймаа хийдэг байж болзошгүй гэнэ.

Түүнчлэн Засгийн газрын тэргүүний хүрээнд ч энэ хардлага яригддаг тухай хэвлэлүүд онцлоод байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн оны тавдугаар сард Дубай явж Оюутолгойн төсөлд гэрээ байгуулсан мэдээлэл шуугиан тарьсан. Үүнээс төд удалгүй шонхрын нууц тогтоолын асуудал дэгдсэн нь Засгийн газрын тэргүүнийг арабын орон руу явж зорилгоо биелүүлсний шанд нь шонхор шувуудыг “бэлэглэсэн” байх магадлалтай гэжээ.

 

УЛСЫН ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХЭЭР ХУДАЛДААЛДАГ ЮМ БИШ БИЗ

Засгийн газар улсынхаа төсвийг бүрдүүлэхээр байга­лийн баялгаа худалдаалдаг юм биш биз. Ингэж хардахаар бас нэгэн баримтыг одоо хүргэе. Засгийн газрын 2013 оны тогтоолоор ашиг олох зорилгоор шонхор экспортлохыг таван жил хориглосон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Засгийн газарт 2015 оны дөрөвдүгээр сард албан тоот илгээжээ. Тус албан тоотод “Монгол Улсын Засгийн газар 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоолоор идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гарга­хыг таван жилээр хоригложээ. Гэвч өнгөрсөн хугацаанд 40 идлэг шонхрыг соёлын зориулалтаар гаргасан байна. Холбогдох хууль тогтоомжоор уг шувуу нь түгээмэл ашиглах нөөцтэй “элбэг” амьтны ангилалд хамаардаг болно. Эдгээрийг үндэслэхийн сацуу шонхор сонирхогч гадаад улс орны дипломат хамтын ажиллагаанд тааламжтай бус төдийгүй улс орны эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд төдийлөн зохицсон шийдвэр биш гэж үзэн таван жилээр хориглосон тогтоолыг хүчингүй болгон 100 толгой идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргах санал оруулж байна” гэж байж. Уг тоотод чухам ямар хариу ирсэн нь тодорхойгүй ч идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гарга­хыг санал болгож байж. Ямар­таа ч шонхортой холбоо­той асуудал нуу­цын зэрэглэлд байх ёсгүй. Ялангуяа худалдаа, наймааны зорилгоор, тэр бүү хэл одоогийн “мөрдөж” буй соёлын гэхийн нэрээр нууц далдаар шийдвэр гаргах нь Засгийн газар өөрсдөө тогтоосон хууль журмаа зөрчиж байгаа хэрэг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 03/

    Аргаа барсан өөдгүй хулгайч нар юм аа! Яаж ичихгүй бүхэл бүтэн улсын засаг төрийг барьж байна гэж явж байгаа юм болоо ? Үнэхээр луйварчид гэдэг нь үнэн болж таарч байна. Дахиж хэзээч хэзээч шүү ! сонгохгүй.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 03/

    Төрийн нэр барьсан луйварчид ичиж үхээч

    Хариулах