Дэлхийн банк: 2017 онд Монголын эдийн засагт дарамт өндөр байна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 05 сар 11
 

3e54e6_wb_x974

За тэр дэлхийн зах дээр ашигт малтмалын үнэ ханш унах нь унаа л биз. Гэхдээ манай улстөрчид дотооддоо эдийн засагчдынхаа үг энэ тэрийг сонсоод, зөвлөлдөөд төсөв, мөнгөний бодлого дээр сахилга баттай, төлөвшсөн байр байдалтай хандаж чаддаг байсансан бол байдал бас өөр байж болох байсныг үгүйсгэх аргагүй юм.

Тэрчлэн Дэлхийн банкнаас эдийн засгийн тойм мэдээлэл гаргахдаа  төсвийн орлого их хэмжээгээр тасарч, зардал өсч буй үед Монгол Улсын Засгийн газар төсвийн зардлаа хянаж, хязгаарлах шаардлагатайг сануулсан байна. Тус банкны тоймд оны эхний гурван сард Монгол улсын төсвийн алдагдал жилийн төлөвлөгдсөн алдагдлынхаа 2/3-д хүрээд буйг онцолжээ. Эдийн засгийн идэвх сул байгаа, экспортын орлого буурч байгаагаас төсвийн орлого гуравдугаар сарын эцсийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурсан байна. Мөн хугацаанд төсвийн хөрөнгийн зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдсэн бөгөөд төсвийн нийт зардал жилийн 25 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон “Монгол улс төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлагыг хангахын тулд төсвийн бодлогоо сайжруулах цаг” гэдгийг сануулаад  “Монгол улсын урт хугацааны хөгжлийн төлөв өөдрөг хэвээр байгаа ч гадаад орчны таагүй байдал нь эдийн засгийн дархлаанд эрсдэл учруулсаар байна” гэжээ. Мөн тайланд Монгол улсын сүүлийн саруудад гадаад зах дээрээс босгосон санхүүжилт нь төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж дотоодын санхүүжилтийн хэрэгцээг мөн багасгана. Энэ нь өрийн үйлчилгээний өндөр зардал болон валютын ханшны эрсдэлийг бий болгохоор байгааг тус тайланд дурджээ. Уг тайланг голлон бэлтгэсэн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч ноён Таехюн Ли хэлэхдээ “Сүүлийн үед Засгийн газар гаднаас санхүүгийн эх үүсвэр босгож байгаа ч экспорт буурч байгаа болон ихээхэн хэмжээний гадаад өрийн эргэн төлөлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцлийн суурь дарамт ирэх 2017 онд өндөр хэвээр байхаар байна” гэдгийг онцолсон байгаа юм. Оюутолгойн алт, зэсийн үйлдвэрийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт нь оны хоёрдугаар хагаст төсвийн импортын татварын орлого нэмэгдэхэд дэмжлэг үзүүлэхээр байгаа ч ойрын ирээдүйд түүхий эдийн зах зээл огцом сайжрахгүй тохиолдолд төсвийн нийт орлого төлөвлөгдсөн хэмжээнээс бага байх төлөвтэй байна гэдгийг мөн уг тайланд дурджээ. За мөн орон сууцны хөнгөлттэй зээлийн хөтөлбөртэй холбоотой зардал нь төсөвт нарийн, зөв тусгагдах шаардлагатайг Дэлхийн банкнаас сануулсан байгаа юм.

Э.Болор

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх