Ядаж л вакцинд хамрагдчих сэтгэлтэй байгаач, залуус аа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 24

Монгол Улс 2014 онд улаанбурхан өвчнийг устгасан дөрөв дэх орон болсноо зарлаж байв. Гэтэл өвчин хэлж биш хийсч ирдэг гэгч болов. Дэлхий дээр жилдээ 2.6 сая хүүхдийг авч оддог улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг манай улс 1974 оноос хойш хийж эхэлсэн бөгөөд 40 жилийн дараа ийн нэг мөр устгаж, том үр дүнд хүрснийг хэлж байсан.

Улаанбурхан дахин яагаад дэгдэв. Энэ оны эхээр улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж, оны эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд нас барлаа. Дөрөвдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар ХӨСҮТ-д том хүн, хүүхэд нийлсэн  340 хүн хэвтэж эмчлүүлж байгаа гэсэн тоо баримтыг Эрүүл мэндийн яамнаас өгч байв. Нас барсан хүүхдүүдийн ихэнх нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдах нас нь болоогүй, 0-8 сартай нярай үрс байсан гэдгийг ч хэлж байв. Ерөнхийдөө нэг хэсэг улаанбурхны өвчлөл  өндрөө авч, нийгмийг тэр чигээр нь бужигнуулсан. Сонгууль дөхөж байгаа болохоор иргэдээс үнэлгээ авах гэсэн нөхдүүд ч нэлээд хөөрөгдсөн байх.

Зарим хүмүүс хүүхдүүдэд хэрэгтэй аппарат, эм тариа, эмнэлгийн хэрэгслийг ч ху­дал­­даж авч өгч, хэсэгтээ л анхааралд өртөв. Төрөөс ч гэсэн багагүй ажил хийж, хэрэгжүүлсэн. Хэрэг­жүүлж ч байгаа. Түүний нэг нь улаан­бурханы эсрэг дарх­лаа­жуу­лалтын вакцин хийх ажил. Энэ сарын 12-ноос эхлэн 18-30 насны залуус улаанбурханы эсрэг вакцин хийж эхэлсэн. Маргааш вакцин хийх ажил дуусах учиртай. Гэвч вакцинд хамрагдах ёстой залуучууд бүрэн хамрагдаагүй байгаа гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байгаа юм. Өнгөрсөн ням гарагийн байдлаар улсын хэмжээнд вакцинд хамрагдалт 67.1 хувьтай байгаа тухай мэдээлэл гарсан. 

Мөн  улсын хэмжээнд 120 мянган оюутан вакцинд хамрагдах ёстойгоос 30-40 мянга нь л хамрагдсан гэсэн харамсмаар мэдээ ч байгаа юм. Ийм байж болох уу даа, та минь ээ. Залуус аа, үүрэг хариуцлага чинь хаана байна аа. Улаанбурхан өвчнөөс өөрийгөө хамгаалаад зогсохгүй, эргэн тойрныхондоо халдаахгүй байх үүрэгтэй, бид бүгдээрээ. Гэтэл улсаас өч төчнөөн хөрөнгө мөнгө зарцуулаад, вакцинд хамруулж байхад тоохгүй байж болох уу даа.  Эрүүл мэндийн яамнаас хүмүүс өрхийн эмнэлэг дээрээ очоод, сайн дураараа вакцинд хамрагдахгүй гэдгийг нь мэдээд, ажил, сургууль, албан байгууллагаар нь явж хийхээр болсон.

Бүр гудамжинд хүртэл машинтай зогсоод, хажуугаар нь зөрж өнгөрөх залуусыг вакциндаа хамрагдсан эсэхийг нь лавлаж, үгүй гэвэл хамруулж байгаа. Очиж чадахгүй газарт нь завиар ч болтугай яваад хийж байна. Цаашлаад хотоос гарч, орж байгаа иргэдийг товчоон дээр зогсч байгаад, барьж авч вакцинд хамруулж байна. Эмч, эмнэлгийн ажилчид ингэж л сэтгэл гаргаж байна шүү дээ. Саяхан Алтанбулагт гурван орны үйлдвэрлэгчдийн оролцсон “Алтанбулаг экспо-2016” болов. Энэхүү үйл ажил­лагааны үеэр ч эмч, эмнэлгийн байгууллагынхан ажлаа хийж, залуусыг вакцинд хамруулахаар машинтайгаа зогсч л байсан.

Харамсалтай нь тэдэн дээр очиж, вакцинд хамрагдаж байгаа хүн бараг л байхгүй байсан гэнэ билээ. Харин ч вакциндаа хамрагдаарай гэж хэлсэн сувилагчийг ядаргаатайгаар нь дуудаж, загнасан ухамсаргүй нөхөд л олон байж. Манай залуучуудын ихэнх нь дандаа л эрхээ ярих юм, хааяа ч болов үүргээ ухамсарлаж байх­сан. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоор юугаа ярьж, хийх нь миний эрх гэж цэцэрхэгчид Монголоор дүү­рэн. Харин эрх бүхний цаана үүрэг бас байдгийг тэд мартчихаад байна. Өнөөдөр үүргээ биелүүлж, ухамсарлаж байгаа залуучууд цөөхөн болчихож. Ийм арчаагүй, дорой сэтгэхүйтэй, явцуухан бодолтой, арилчихсан дотортой байж болох уу. Вакцинд ямар нэг байдлаар хамрагдсан 70 хувийг хэлэх гэсэнгүй.

Хамруулахаар зүтгээд, хичээгээд, ажиллаад байхад л зугатах нь холгүй байгаа, үүргээ биелүүлэхгүй хөлдүү толгойтнуудыг хэлээд байна. Улаанбурхан өвчнөөс болоод энэ орчлонд төрөөд ганцхан жил ч амьдарч чадаагүй нялх үрс 50, 60-аараа бурхны оронд одчихоод байгаа. Хэрвээ улаанбурханы дэгдэлтийг бууруулахгүй, вирусыг нь дарж авахгүй бол энэ тоо цаашид хэд ч хүрэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Дээрээс нь залуучууд улаанбурхан өвчнөөр маш хүнд өвдөж, амь насаа алдах дээрээ тулаад байгаа. Бүр вирус нь цусандаа ороод, хэд хэд шүүлгэж байж хөл дээрээ босч байна, цаана чинь. Нэг удаа цус шүүлгэхэд хоёр сая орчим төгрөг гэнэ билээ. Гэтэл Улаанбурхан агаар дуслын замаар халддаг өвчин.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх