Цэргийн цол "алиа салбадайн гангараа" биш

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 04 ・ 3

Манайхны үлгэрлэн дуурайх дуртай Баруун Европын ч юм уу, Хойд Америкийн ардчилсан засаглалтай аль нэг улсад хэдийнээ түүх болон хоцорсон фельдмаршалын мөрдэстэй нөхөр гудамжаар хээвнэг алхаж явбал, бүр байтлаа төрийн баяр ёслолд оролцоод явж байвал энэ эр нэг бол сэтгэцийн өвчтэй, үгүй бол түүхэн киноны зураг авалтад орж байгаа жүжигчин л гэж хүн бүхэн бодно. Өнөөдөр засгийн хэлбэрээс үл хамаараад цэргийн болон цэрэгжсэн дүрэмт хувцасны ийм хээнцэрлэлээр хөөцөлдөгч улс Умард Солонгос мэтийн ганц хоёрхон улсад л байгаа биз. Харамсалтай нь ардчилсан Монгол хамгийн тоталитар улсуудад ч байхгүй ийм солиоролд автаж, дайны үеийн нацист Германыг улам бүр санагдуулам болж байна. 

 

Та бүхэн ямар нэгэн баяр ёслол, хурал цуглаанд оролцож буй төрийн үй олон байгууллагын албан хаагчдын, ялангуяа бүх шатны дарга нарынх нь өмссөн зүүснийг зориуд нэг ажиглаарай. Энэ үзэгдлийг "дүрэмт хувцасны загварын шоу” л гэхээс өөр юу гэх вэ. Хоёр төрлийн ногоон, гурван янзын саарал, гурван өөр хөх, хоёр янзын цэнхэр, дээрээс нь завсрын гэмээр ногоолин, бүр байтлаа улаан зэрэг санаанд багтаж болох бүх л өнгөөр гангарсан төрийн албан хаагчид. Элдэв чимэг, мөрдэс, саа манжлагын хувьд бүр ч гаарч өгнө. Хамгийн их цэрэгжсэн, цагдаажсан, дарангуйлагч төртэй улсууд ч ийм хээнцэрлэлийг ядаж эдийн засгийн үр ашиггүй байдал, төсвийн үрэлгэн зардал талаас нь харж үзээд зөвшөөрдөггүй юм билээ. Хаанахын хэний жишгээр, ямар амин чухал шаардлага байгаа болоод ийм их хөрөнгийг гарын салаагаар урсгаж, арай ядан бэхжих гэж оролдож байгаа ардчилсан тогтолцоогоо харлуулна вэ?
 
Цэргийн дүрэмт хувцас гэдэг бол өөрийн үүх түүхтэй, дүрэм журамтай, тэр нь төрийн тэргүүний зарлигаар хуульчлагдсан байдаг. Аль ч улсын зэвсэгт хүчний аль нэгэн төрлийн цэрэгт харьяалагдан алба хааж байгааг болон цэргийн цолыг нь илтгэн харуулах таних тэмдэг. Далайд гарцтай, томоохон улсууд хуурай замын, тэнгисийн болон агаарын хүчнийг тус тусад нь төрлийн цэрэг хэмээн зохион байгуулж, түүх уламжлалаасаа улбаатай өөр өнгө, загвар бүхий дүрэмт хувцастай байлгадаг. Гэхдээ дэлхий даяарын нийтлэгдүү хандлага гэж бий. Ерөнхийдөө хуурай замын цэрэг ногоон, агаарын цэрэг хөх, тэнгисийн цэрэг өвөлдөө хар, зундаа цагаан өнгийн дүрэмт хувцсаар ижилсэх нь түгээмэл болжээ. Харин манай улсын хувьд биеэ даасан том төрлийн цэрэггүй, ерөнхий зориулалтын болон агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хоёр командлал бүхий нэгдмэл Зэвсэгт хүчинтэй. Тийн атал ийм олон өнгө, загварын дүрэмт хувцасны дийлэнхийг нь лав л цэргийнхэн биш, "хүчний” гэгдэх бусад байгууллагынхан эдэлж хэрэглэж байгаа аж. Тэр бүү хэл яаж ч мэрийгээд "хүчний” болгож тайлбарлахын аргагүй цэвэр иргэний, үйлчилгээний байгууллагуудын гангараа ч хэмээс хэтэрч, "алиа салбадайн өмсгөл" мэт харагдах болов.
 
Энэ оны наймдугаар сард Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг орон даяар, ялангуяа Дорнод аймаг, Халх гол суманд ёслон тэмдэглэсэн билээ. Баярын арга хэмжээний үеэр ийм "алиа салбадайнууд” ёстой олноороо гол дүрд тоглож, ахмад дайчдын, албаа хааж яваа жирийн цэргүүдийн зүй ёсны эгдүүцэл, дургүйцлийг төрүүлж байлаа. 
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь БНМАУ-ын Маршал цолны мөрдэс зүүчихээд явж байсныг харсан хүмүүс "энэ хүн Халхын голын тухай шинэ кинонд Маршал Чойбалсангийн дүрд тоглох гэж байгаа юм байх даа” гэж шивэр авир ярилцаж байсан нь өнөөдөр ам дамжин яригдсаар байна. Үнэндээ түүний мөрөн дээрх нь Х.Чойбалсангийнх шиг арай биш, харин 1981 оны Ю.Цэдэнбал даргын маршал хувцасны загварынх шиг, алхан хээгээр эмжээлсэн алтан шаргал өнгийн мөрдэс дээр томоос том алтан соёмбыг хатгасан байлаа. Уг нь нэртэйгээр нь яг Х.Чойбалсангийнх шиг цацаг унжлагатай дугуй эполет мөрөн дээрээ тохчихсон бол бүр ч сүрлэг сайхан харагдах байсан байж мэднэ. Маршалын соёмбоны хэрэглээ үүгээр зогссонгүй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын цэргийн хээрийн хувцсан дээр (гэхдээ Монгол Улсын Зэвсэгт хүчний хээрийн хувцасны өнгө биш, гадаадын аль нэгэн улсынх) дэд хурандаагийн хоёр өлзий, дээр нь мөн л алтан утсаар соёмбо үсгээр хатгасан мөрдэс зүүж явсан. Аль улсын, ямар албан тушаалтны шийдвэрээр, ямар гэгч цолоор шагнуулсан юм бол, эрхэм гишүүн? 
 

Ер нь насандаа цэргийн жинхэнэ алба хааж үзээгүй улс төрчдийн гангараа нь бэлтгэл хурандаа цол болж байгаа юм билээ. Цаашлаад "УИХ-ын гишүүн – бэлтгэл генерал” гэдэг цол ч бий болох юм гэсэн гэх шог яриа цэргийнхний дунд тархаад байна. Уг нь ардчилсан нийгэмд зэвсэгт хүчний болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт гэгчийн амин сүнс нь эдгээрийг цэргийн ямар нэгэн цолгүй энгийн хүмүүс, улс төрийн алба хаагчид удирддагт оршдог гэдэгсэн. Ийм ч учраас цолтой хүмүүс нь улс төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй, орохоор бол бэлтгэлээр халагдаж эрх зүйн хувьд энгийн болж байж тийм эрх нь нээгддэг хуультай.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2016 06 сар 06/

    mash onoson sedeviig hondoj tavijee.bid ene bugdees salah cag ni bolson.cereg cagdaa horih geed coon hediig n uldeegeed busdiinh ni duremt huvcasuudiig boliuliya.tosoviin hund achaa buurna daa.ardchilsan mongol bolohod neg ch alham uragshilna.

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 05/

    Амьдрал ажил мэдэхгүй тэнэгүүд арын хаалга намын жагсаалт элдвийн юмаар төрд шургалаж цэргийхэний эрхэмлэдэг цол формоор тоглосон шүүдээ,эх захаа алдсан энэ явдалд цэргийхэн бид буруутай биш,намынхан луйварчяид буруутай

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 04/

    БОЛИМООР БАЙНА. ДАНДАА Л МУУ МЭДЭЭ БАЙХ ЮМ. ЯАСАН Ч МЭДРЭМЖГҮЙ ТӨР ЮМ. ДАНДАА АРД ОЛНЫ ДУРГҮЙГ ХҮРГЭХ БОДЛОГО ЯВУУЛХАХ НЬ ЕР НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ?АРД ОЛНЫГ ДОРОМЖЛОН НУЛИМАХ ЗОРИЛГОТОЙ БАЙДАГ ЮМ УУ?

    Хариулах