Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 02
АЛТ. Энэхүү үнэт эрдэс амьдралын хүрд эргэж эхэлсэн цагаас хүн төрөлхтөний шунал, атаа хорсол, сөргөлдөөн, зөрчилдөөн гээд олон зүйлийн эхлэл байсан нь түүх болон үлдэж. Энэ түүх цаашдаа ч үргэлжилнэ, өнөөдөр ч үргэлжилсээр л байна.
Төв аймгийн Заамар сумын нутагт СОВ тосгон гэж байх. Энэ нэр ямар учиртайг, ийм ямар байгууллага байсныг өнөөдөр мэдэх хүн байхгүй шахам болж. Гэхдээ СОВ гэх нэр нь “Алтны тосгон” гэсэн шоглол нэрийн илэрхийлэл болон үлджээ.
Олон Улсын худалдааны төв “Нарантуул” зах дээр очоод СОВ явах унаа асуухад хэд хэдээрээ дугаарлаад зогсч байна. Өдөрт хэдэн хүн тийшээ явж, хэд нь эргэж ирдгийг хэн ч мэдэхгүй. Явсан хүмүүсийн хэд нь олз омогтой, баяр хөөртэй, хэд нь уур уцаартай, нулимстай ирэх нь ёстой л таашгүй зүйлийн нэг.
СОВ гэх энэхүү тосгон нь алтны орд бараадуулж байгуулсан түүхтэй ч өдгөө Заамар сумын нэг баг болтлоо томорчээ. Энэхүү тосгоны оршин суугчид ёстой л энд тэндээс ирсэн эрээвэр, хураавар хүмүүсээс бүрдэнэ. Тааралдсан нэгнээс уугуул нутгийнх уу гэж асуухад тиймээ л гэнэ. Гэвч үнэндээ уг гарал нь шал өөр аймгийнх байх нь энүүхэнд.
Энэхүү тосгон нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт хамаарах бөгөөд шилжилт хөдөлгөөн, ирж буцах хүмүүсийн цуваа үл тасарна. Хөл хөдөлгөөн ихтэй энэ багт дунд сургууль, цэцэрлэг, банкны салбар гээд байхгүй юм гэж үгүй. Хотын томоохон дэлгүүрт байхгүй экспортын архи эндэхийн дэлгүүрүүдэд өрөөстэй бий.
СОВ-д алт түшиглэн ажиллаж, амьдарч байгаа болон ирж, буцан байдаг хүмүүстэй итгэлцлийн үндсэн дээр ажил төрөл ярих, тохиролцох, итгэл үзүүлэх тухай ойлголт ердөө байхгүй. Болж л өгвөл хэн нэгнийг хулхидах, хэлсэн ярьсан нь худал байх нь тийм ч гайхмаар хэрэг биш. Бусдыгаа муулах, гүтгэх, ажил үйлсийг нь сайн талаас нь ярихгүй байхыг чухалчилдаг мэт санагдана.
Тэр хүн ер нь ямар хүн бэ, хамтарч ажиллая гэх юм гэж хэн нэгний тухай сайн мэддэг гэх хүнээс нь асуувал танд уртаас урт хар бараан жагсаалтыг ний нуугүй ихэд найзархаг, тусалж байгаа аятай хэлж өгнө. Тэгээд танд итгэж энэ бүхнийг хэлсэн учраас өөр хэнд ч намайг хэлсэн гэж хэлж болохгүй шүү, гаднаас ирээд явж байгаа болохоор чинь чамайг алдах вий гэж сайн санаж хэллээ гэж хэлэхээ ч мартахгүй. Хэрэв иймэрхүү ярианд үнэмшиж, энэ үнэлэмжээр үзэх юм бол СОВ тосгонд нэг ч сайн хүн байхгүй гэж хэлж болно.
Хэдийгээр хүний талаар хэлсэн зарим үг ортой ч ихэнх нь гүтгэлгийн шинжтэй байх магадлал өндөр тул та тэр хүний үгэнд итгэж болохгүй. Энд алтны хэнээрхэл, газрын маргаан хамгийн их байдаг. Алга дарам газарт алт олборлох зөвшөөрөл авч чадсан хүнд бараг тосгоноороо шахуу бүгд сайн болж, хамтарч ажиллахыг санал болгоно.
Газраас нь бас хувь хүртэж, жаахан шороо ч атугай авахыг хүснэ. Нэг хэсэгтээ л газрын зөвшөөрөл авсан хүн тэр хавьдаа од, босс шахуу байна. Харин газрыг нь ухаад алт гарахгүй, бизнес нь дампуураад эхэлбэл бүгд хаяад алга болцгооно. Хамт нэг аяганаас хоол идээд, тэврэлдээд үй зайгүй явсан хамгийн сайн найз нь хүртэл шүү.
Тэр хүн газрын зөвшөөрөл аваад баярлаж, хөөрч явахад та үхтлээ хамт гээд тэврэлдээд явж байсан. Өнөөдөр юу ч үгүй болохоор нь яагаад хаяж байгаа юм бэ гэж асуувал тэр хүн таныг маш их гайхаж харах болно. Юун найз нөхөр, анд вэ. Энэ хүнд одоо юу ч байхгүй, энэ хүний газраас алт гарсангүй. Тэгэхээр би яах юм бэ. Харин өөр газарт алт гарсан. Тэр хүн л миний найз гэж ярина.
Жудаг, нөхөрлөл гэдэг зүйл алттай газарт хамгийн хямд хэрэгцээгүй зүйл байдаг. Эрүүл саруул сэтгэлгээтэй хүний өр өвдөж, сэтгэл хямарч, ёстой л хорвоо чи ийм гэж үү гэж дуу алдахад хүрнэ. Бас ойрд яриагүй найз нөхөд, дотнын итгэдэг, хайрладаг хүнээ хүсэх болно. Хэрэв танд жаахан ч гэсэн бүлээн сэтгэл байвал шүү дээ. Энэ тосгонд та хэрэв очих юм бол жинхэнэ хүн чанар, алт хоёрын ялгааг эргэцүүлэн бодох болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.