Нэхий боодол бохины үнэгүй болсны учир

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 05

Сонгуулийн өмнө жүжигчин Амараа “Нэхий боодол бохины үнэгүй боллоо” гэж хэлснийхээ төлөө цагдаад шалгагдлаа гэх шуугиан дэгдэж байлаа. Жүжигчин залуу улс төрийн зорилгоор үг хэлсэн, түүнийг нь бас улс төрийн зорилгоор шалгасан асуудал бий л байх. Гэхдээ өнөөдөр нэхий боодол бохины үнэгүй байгаа нь үнэн. “Эмээлт” түүхий эдийн захад өнгөрсөн долоо хоногт хонины нэхий 300-700 төгрөгийн үнэтэй байлаа. 700 төгрөг нь энэ зуны хамгийн өндөр ханш. Бас нэхий авч байгаа хүн “Эмээлт”-д тун цөөн. Арьсаа тушааж байгаа малчин ч ховор. Хаа холоос 300 төгрөгөөр өгөх гэж хүн царайчилснаас хотондоо хаячихсан нь малчдад гарлагагүй гэх юм билээ.

Зах зээлд арьсан гутал, цүнх үнэтэйд тооцогддог. Тэгвэл гутал, цүнхний түүхий эд яагаад “хог” болов. Хонины нэхий боодол бохины үнэгүй болсон учрыг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.

“ЭМЭЭЛТ” ЭЗГҮЙРСЭН УЧИР

Хэдэн жилийн өмнө “Эмээлт” захыг “Хятадын эмээлт үү, Монголын нутаг уу” гэцгээдэг байлаа. Ерөөсөө л “Эмээлт”-ийг хятад ченжүүд хөдөлгөж байсан учраас тэр. Одоо тэндээс хятад хүн олоход хэцүү. Хятадуудад ажилладаг ченжүүд ч ховор болж. Ноолуур авч байгаа ченжүүд байх боловч хонины арьс, шир авч байгаа нь тун ховор юм. Мал зардаг төвлөрсөн цэгийн гадна хонь, ямааны арьс авч байгаатай таарлаа. Тэдний яриагаар гурваас долдугаар сар хүртэл тарз угаасаа үнэгүй байдаг. Үйлдвэрийн хэрэгцээ, шаардлага хангадаггүй учраас тарз авахгүй, зөвхөн өлөнг нь л үнэлж авдаг. Харин наадмын дараагаас үнэ нь арай өсдөг. Энэ жилийн тухайд ханш өсөөд, өсөөд 700 төгрөг л болж байгаа гэнэ. Сүүлийн хоёр жил хятадууд ирж түүхий эд авах нь ховордсон. Тэгэхээр эрэлт байхгүй, “Эмээлт”-д ажиллах шаардлагагүй болсон талаар тэд ярилаа. “Хятадууд үнэ цохиж түүхий эд авдаг гэж муулдаг, муухайгаар ярьдаг байсан үед бид ажилтай, орлоготой байсан. Түүхий эд авч хядадуудад зарахдаа дундаас нь ашиг гаргана. Ачигч хийж цалин авна. Харин одоо хятад түншүүд ирэхээ больчихсон. Тэд эндээс авсан түүхий эдээ заавал боловсруулж хилээр гаргадаг болсон. Тэр үеэс хятад түншүүд харагдахаа больсон” гэж ярьсан юм.

Энэ зун “Эмээлт”-ийн ченжүүд авсан нэхийнийхээ ноосыг авч, зараад арьсыг нь “Биокомбинат”-ын хогийн цэгт аваачиж шатаах ажил хийсэн гэнэ.

Саяхнаас “Дархан нэхий”, “Дархан минж” компаниуд ченжүүдээс 500-700 төгрөгөөр нэхий авч эхэлжээ. Гэхдээ ялгаж сайн чанарын нэхийг энэ ханшаар авч байгааг ченжүүд ярилаа. Сайн чанарын гэх шалгуурт нийцэх нэхий бараг байхгүйг ч ярьсан.

Харин хятадууд 300-400 төгрөгөөр авч байгаа гэнэ. Түүхий эд авдаг хятадууд бараг байхгүй болсон талаар дээр өгүүлсэн. Гэхдээ сүүхэйтэй хэд нь түүхий эд авч, нутаг руугаа гаргах аргаа өөрчилж, “ажлын байр”-аа сольсон тухай баримт бас олдсон юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ТҮҮХИЙ ЭД УНАСАН УЧИР

Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэж мал, малын гаралтай түүхий эдийн үнэ унасныг эдийн засгийн үзүүлэлт харуулж байгаа. Хямралаас үүдэлтэй үнэтэй арьсан цүнхний эрэлт багасч, тансаг хэрэглээ хумигдсан гэхэд болно. Бас манай гол харилцагч БНХАУ-д цөөнгүй үйлдвэр хаалгаа барьж, түүхий эдийн эрэлт буурсан. Хятадад малын арьснаас илүү сентетик материалаар хийсэн бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа нь ч бас нэг шалтгаан.

Өмнөд монголчууд түүхий эдийн үнэ унасныг эсэргүүцэж, хонь ямааныхаа арьсыг шатааж байсан нь ч саяхан. Гэхдээ тэнд арьс, шир огт хэрэггүй болчихсон юм биш. Хамгийн багадаа хонины нэхий 15-17 юань (5200-6000)-ийн үнэтэй байгаа аж. Гэтэл Монголд малчдын нэхий хог болж, зарагдлаа гэхэд бохины үнэ хүрэхээ больчихсон байгаа. Хятадууд Монголоос түүхий эд авах зардал нь хэдэн жилийн өмнөхтэй адил 3800-4200 төгрөг байгаа гэвэл та итгэх үү. Малчнаас зарагдахад боодол бохины үнэ хүрэхгүй нэхийг хятадууд хаанаас дөрвөн мянга гаргаж аваад байна вэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр хонины нэхий малчдын хувьд “хог” болсон нь Засгийн газрын хоёр тогтоолтой холбоотой.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэрлэлийг дэмжих гол бодлого орсон. Үйлдвэрлэгчдээ дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг буруутгах аргагүй. Гэтэл тэр бодлого замаасаа хазайж түүхий эдийн үнийг унагах гол шалтгаан болжээ.

Монгол Улсын Засгийн газар 2013 оны наймдугаар сарын 20-ны өдөр 300 дугаар тогтоол гаргасан. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлах тухай уг тогтоолд “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10.2, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс, ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь, 1. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталж, 2013 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх