Н.Mөнхбат 20 гаруй тэрбум төгрөгийг хувийн банкны данс руу шилжүүлсэн гэх хэрэгт буруутгагджээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 17 ・ 8

-Хөгжлийн банктай холбоотой асуудлаар АТГ-ынхан Монгол банкинд шалгалт хийсэн байна-

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас уржигдар орой саатуулж, цагдан хорьжээ. “Хөгжлийн банкны “но“ илэрлээ”, “Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг баривчилжээ” гэсэн мэдээлэл сарын өмнөөс үзэгдэх болсон. Хуулийнхан баривчлаагүй хэмээн мэдэгдээд байхад тэдний өмнөөс барьж хорих гэж яарч, болохгүй болохоор нь олон нийтийн сүлжээг ашиглан “баривчиллаа” гэж ташаа мэдээлэл тарааж байсан тохиолдол ч бий. Түүнийг баривчлахгүй л бол зарим нэг хүн нойртой хонож чадахгүй байгаа мэт л аягласан. Харин эцэстээ Н.Мөнхбатыг баривчилснаар асуудал өрнөж байна. Бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг санхүүжүүлэх гол эх үүсвэрийг захиран зарцуулдаг банкийг Н.Мөнхбат хэмээх залуу удирдах болсон нь анхнаасаа олны анхаарлын төвд орж эхэлсэн. Банкнаас том төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах их хэмжээний мөнгөн шилжүүлэг нь ч зарим нэгний “хорхойг” хүргэж байсан биз. Үнэндээ Н.Мөнхбат гэдэг хүнийг буруутгахаасаа илүүтэйгээр өнөөдөр албан тушаалд хүрсэн залуучуудыг төгсгөл хүлээж байдаг нь өнөөдрийн нийгмийн нэг буруу жишиг гэлтэй.

Н.Мөнхбатыг АТГ-аас “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор шалгаж эхэлсэн байдаг. Жил гаруйн өмнөөс л шалгаад байсан. Тэгээд “но” илрүүлсэн бололтой юм. Гэхдээ энэ “но”-г илрүүлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гаргаж, аудитын шалгалт оруулсан байна. Энэ дүнгүүдээс шалтгаалан Хөгжлийн банкны асуудалд Авлигатай тэмцэх газрынхан яаран хөдлөөгүй бололтой юм. Ажлын хэсгийнхэн Хөгжлийн банктай холбоотой ийм зөрчил байна хэмээгээд Засгийн газарт танилцуулж, дараа нь холбогдох мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өгчээ. Саяхныг хүртэл Н.Мөнхбат нартай холбоотой хэрэгт тус газрынхан эрүүгийн хэрэг үүсгээгүй байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт түүний хэргийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлсэн тухай АТГ-ынхан мэдэгдсэн. Энэ тухай бид өмнө нь мэдээлж байв. Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-т шалгагдаж эхэлсэн байдаг. Гэвч түүний биеийн байдлыг нь харгалзан үзээд Н.Мөнхбаттай хамт хорилгүй, гадуур шалгаж байгаа гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Н.Мөнхбатыг 20 гаруй тэрбум төгрөгийг хувийн банкны данс руу шилжүүлсэн гэж буруутгаж цагдан хорьсон гэдгийг эх сурвалж өглөө. Мөн таван сая иенийн хэрэг ч байгаа гэж тайлбарлаж байна. Харин учир мэдэх хүмүүс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь аливаа бүтээн байгуулалтын санхүүжилтийг дур мэдэн ганцаараа шийдэх ямар ч боломжгүй, Засгийн газрын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуваарилан шилжүүлдэг гэж хэлж буй юм. Ийнхүү асуудал нь Засгийн газрын түвшинд яригдаж бодлого, шийдвэр гардаг нь тодорхой атал банкны салбарт зоригтой ажил эхлүүлсэн түүнийг аль газраас шидсэн чулуу байн байн нэрмэж, өнөөдөр сэжигтэн болгоод буйг гайхах хүн ч байгаа юм. Магадгүй Н.Батбаяр сайдын хүрээлэлд хүчтэй цохилт өгөх боломж нь Н.Мөнхбат байсан ч байж болох гэнэ. Учир нь Хөгжлийн банкны дүрэмд “Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтад санхүүжилт олгохдоо улс орны хөгжилд шинэ дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг анхаарахын сацуу үндэсний аж ахуйн нэгж байгууллагыг төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд татан оролцуулжчадавхийг нь нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгох замаар иргэдийн амьжиргааг сайжруулах бодлогыг чухалчлан, ашиг харахыг урьтал болгодоггүй” гээд заачихсан нь бий.Тэгэхээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь аливаа бүтээн байгуулалтын санхүүжилтийг дур мэдэн ганцаараа шийдэх ямар ч боломжгүй, Засгийн газрын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуваарилан шилжүүлдэг гэдэг нь дээр өгүүлсэнчлэн тодорхой байгаа юм. Гэвч Засгийн газраас гарсан ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтынхаа мэдээллийг дэлгэж, АТГ-ынхан түүнийг ийн саатуулаад байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг баривчлаад энэ хэрэг дуусахгүй гэдгийг эх сурвалж хэлэв. Тус банкны ТУЗ-ийн гишүүд болон зарим албан тушаалтныг нь энэ хэрэгт буруутган шалгах аж. Мөн АТГ-ынхан өчигдөр Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Монголбанкинд шалгалт хийж, зарим банк руу шилжүүлсэн мөнгөний эх сурвалж, ямар аж ахуйн нэгжүүдэд очсон зэргийг баталгаажуулан баримтжуулан авсан байна. Энэ шалгалтын хүрээ нэлээн өргөжиж зарим аж ахуйн нэгжийн эзэд рүү чиглэх хандлагатай байгаа гэнэ.

Засгийн газраас гаргасан ажлын хэсгийн шалгалтын явцад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын гурав хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925.000, нислэгийн тийзэнд найман сая 985.000 төгрөг төсөвлөн баталсан. Мөн уг айлчлалаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон “Блүүмберг ТВ”-ийн хөтлөгч, зураглаачдын буудлын төлбөр болох нэг хүний хоногийн нэг сая 224.300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонгконгд чуулга уулзалтад оролцох гурав хоногийн нийт зардал найман сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам.доллараар төсөвлөгддөг. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн нэг хүний хоногийн зочид буудлын төлбөрт хоёр сая 908.350 төгрөг, бусад зардалд 5000 ам. доллар төсөвлөсөн гэж байгаа аж. Үүнийг тансаг хэрэглээний үрэлгэн зардал гэж үзэж байгаа аж. 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад дөрвөн тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба “Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам.доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан байх жишээтэй. 2016 оны эхний хагас жилд гэхэд 1.2 тэрбум төгрөг сурталчилгаандаа зарцуулжээ. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн нь тодорхой байгаа гэнэ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн дэд бүтэц, уул уурхайд түшиглэсэн, нэмүү өртөг шингэсэн, боловсруулах аж үйлдвэр, экспорт болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардагдах дунд, урт хугацаатай, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан нь тодорхой. Түүний тухайд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хувиар 2013-2014 оны заагаар “Самурай” бондыг Монгол Улсад гаргаж, бондын зах зээлд дэлхийд хоёрдугаарт ордог Японы иенийн зах зээлийг анх удаа оруулж ирж байсан билээ. Давтамжтайгаар хэд хэдэн удаа бондоо гаргаж, эхний ээлжинд 30 тэрбум иенийг гаргаснаар Хөгжлийн банк цаашид аливаа бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлээд явах боломжтой болж монголчууд хэсэгтээ л амьсгаа авч чадахаар болж байсан нь саяхан.

Д.Маргад

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 18/

    энэ гаднаас авсан зээлүүдийг авсан котпаниуд, Зг нь төлөөчээ. Яагаад аваагүй ашиглаагүй ард иргэдийн нуруун дээр та нарын тавьсан ӨР ТОХОГДОХ ёстой гэж

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 18/

    Бүү Батбаярыг минь муулаач .Улсын минь өрийг зүгээр л өглөг болгочихсон гавьяатай хүн шүү

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 18/

    Бүү Батбаярыг минь муулаач .Улсын минь өрийг зүгээр л өглөг болгочихсон гавьяатай хүн шүү

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 18/

    Шинэ цагийн бөө хагас галзуу амьтан даан ч их сагсуураад байсан юм,зул бөхөхөө дөхөхлөөр гэрэл ордог гэдэг л болждээ.

    Хариулах
  • ajiltan / 2016 10 сар 18/

    Erel grupiig bas shalga

    1
    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 18/

    идэж уусан мөнгө нь банкинд хаа нэг газар байгаа хураан авч өрөндөө өг Батбаяр бол хөгийн тэнэг новш хэлэх үг олдохгүй

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 18/

    Цадаж ханахаа мэдэхгүй луйварчдаар мөнгийг бүрэн төлүүээд ялыг нь өгээрэй

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 17/

    Шинэ цагийн бөө баларчдээ,ер нь хэн ч байсан шүлсээ бага үсчүүлэж баймаар юм байна шүү

    Хариулах