Хаврын улиралд ходоод, цөсөө угаавал нүүрний арьс тунгалаг болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 23 ・ 1
  • Уламжлалт анагаах ухааны онолоор бидний идсэн хоол, ундны зүйл ходоодонд шингэж, шингээлтийн үр дүнд үүссэн идээний тунгалаг нь элэг рүү дамжиж, тэндээсээ цус, мах, өөх, яс, чөмөг, эр эмийн дусал болон хувирч, нэгнийгээ дэмжиж тэтгэдэг байна. Элэгнээс гарсан шүүрэл цөсний хүүдийд хуримтлагддаг. Харин цөснөөс гарсан шүүрэл арьсан доорх шар ус болон хувирдаг гэж үздэг. Иймд цөсний өөрчлөлттэй хүмүүс ихэвчлэн арьсны харшил болон тууралт, үрэвсэлт батга гарах, мөн нүүр харлах, сэвхтэх, гарын алга болон нимгэн арьстай хэсгүүд шарлах, нүдний цагаан үүл шарлах, өөх ургах зэрэг шинж илэрдэг байна.
  • Цөсийг өвтгөх шалтгаан нь их уурлах, хайрч хуурсан өөх тостой хоол их идэх, халуун ногоо, бэлэн хоол, чипс, шоколад, ууттай найруулдаг кофе, найруулдаг хуурай сүүтэй цай, адуу болон тарваганы мах, иссэн айраг тараг, спиртийн төрлийн зүйл тогтмол хэрэглэх, мөн хэт өлсөж байгаад ихээр идэх, шингэн зүйл бага уух, буруу хоолны дэглэм зэрэг нь цөсийг өвтгөх, өтгөрүүлэх, чулуу үүсгэх гол нөхцөл болдог байна.
  • Цөсний өвчлөл идэр залуу насны хүмүүст их үүсдэг. Мөн намар, халууны улиралд цөсний өвчлөл их хөдөлдөг байна. Сүүлийн үед бага насны хүүхдүүдэд цөс өтгөрөх болон арьсны өвчлөл /диатез/ их илэрч байгаа нь жирэмсэн үед эхийн цөс өвддөг байсан, цээж гашуу оргидог, их хордлоготой, мөн бага насны хүүхдүүд чипс, ундаа, бэлэн хоол, шоколад их идэж байгаатай холбоотой. Энэ нь хүүхдүүдийг насан туршид эдгэшгүй харшил болон арьсны өвчлөл үүсгэх эхлэл болдог. Иймд жирэмсэн болохоор төлөвлөсөн бүсгүйчүүд эхлээд өөрийн өвчний суурийг сайн эмчлүүлсний дараагаар хүүхдээ тээвэл эрүүл өвчин эмгэггүй хүүхэд төрүүлэх болно.
  •  Ходоод эрүүл байвал цөс эрүүл, цөс эрүүл байвал арьсны болон бусад элэг, нойр булчирхай, ходоодны өвчнөөр өвдөхгүй байх боломжтой. Тиймээс хоол, ундаа зөв зохицуулан хэт цадахгүй, өлсөхгүй байх, өөрийн биеийн жинд тохируулан ус уух, мөн сэтгэл санаагаа тайван байлгаж уур уцааргүй байх нь чухал. Мөн 16-60 хүртэлх насны хүмүүс жилд 1-2 удаа уламжлалт анагаахын эмчилгээгээр цөс болон ходоодоо угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Намрын улиралд цөс, бүдүүн, нарийн гэдсээ угааж туулга хийлгэх, хаврын улиралд ходоодоо угаалгаснаар дотрын өвчнүүд болон арьсны өвчлөл, харшлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой. Энэ талаар “Мэнд аривжих” эмнэлэгийн их эмч Р.Мөнхсаруул эмчтэй ярилцлаа.
     
  • -Хүний бие организмд цөсний гүйцэтгэх үүрэг ямар байдаг талаар яриагаа эхэлье? 

-Цөс хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Цөсний хүүдийд байдаг 30 грамм цөс нь өөх боловсруулахад оролцдог. Өөрөөр хэлбэл өөх, тостой хоол идсэн тохиолдолд цөс агшаад жижиглэж, буталж боловсруулдаг.

-Сүүлийн үед цөсний өтгөрөлттэй хүн олон болсон. Цөс өтгөрөх нь ямар шалтгаантай вэ?

-Нүүр царай хүний дотор эрхтний толь. Арьсан дээр гарч байгаа өөрчлөлтүүд элэг, цөс, ходоодтой холбоотой. Хөдөлгөөний хомсдолтой холбоотой таргалалт ихэслээ. Цөсний өтгөрөл гэдэг цөс өтгөрч, ханандаа наалдаад, бүдүүлгээр тайлбарлавал янданд наалдсан тортогтой адил зузаан болно гэсэн үг. Ийм тэгш биш гадаргуутай болоход чулуу үүсэж байгаа. Зузаан ханатай цөсийг суллаж угааж, хүүдийг суллаж байх ёстой. Тэгвэл хана зузаарах, өтгөрөх, чулуу үүсэхээс сэргийлнэ. Цөсөө сайн угаах хэрэгтэй. Зундаа гүүний саам уух, цагаан идээ, ээдэм, ээзгий хэрэглээрэй. 

-Цөсөө хэрхэн эрүүл байлгах вэ?

-Гадныхан монголчуудын ихэнх нь цөсний үрэвсэл эсвэл чулуутай байдгийг гайхдаг. Тэгвэл энэ нь тогтсон цагт өдрийн хоол идэлгүй өдөржин хоосон байж байгаад орой нь буруу хооллолттой шууд холбоотой ажээ.  Хамгийн гол нь зөв хооллох нь чухал хэрэв жин ихтэй бол жингээ буулгах хэрэгтэй. Хөдөлгөөн дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Хоолыг хэт халуун эсвэл хөрсөн хойно идэхгүй байх хурц амттай, өтгөн шөл идэхээс зайлсхий. Саам, сүү, луувангийн шүүс, таван салаа, дэгэд өвсийг ууж 14 хоногт нэг удаа цөсөө угааж байх хэрэгтэй.

-Цөс өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хамгийн гол нь өвдөлт намдаах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Барагшуун ууж хамгийн ойр байгаа эмчид хандах шаардлагатай дур мэдэн эмчилгээ хийж болохгүй хэрэв цөсөнд нь чулуу үүссэн байвал хагарах аюултай. Манайхан цөсний чулуугаа авахуулна гэж яриад байдаг болохоос биш угтаа чулуутай цөсний хүүдий авах мэс засал гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь цөсний уут, уутны цоргонд хатуу чулуулаг бий болсны улмаас үүсдэг өвчин. Цөсний уутаа авахуулах хагалгаа, мухар олгойн дараа хоёрдугаарт ордог. Бодисын солилцоо алдагдах, цөсний үйл ажиллагаа зогсонги байдалд орох, үрэвсэл зэрэг гурван үндсэн хүчин зүйлээс цөс өвддөг. Илүүдэл жинтэй болох, холестерин ихсэх нь эрэгтэй эмэгтэй аль ч хүнд аюултай.

Гэхдээ эрэгтэйчүүдийн хувьд холестерин судсанд царцаж, цусны урсгалыг сааруулдаг бол эмэгтэйчүүдийнх нь цөсний уутанд бөөгнөрдөг. Иймд холестерин ихэссэн эрчүүд зүрхний шигдээс, цус харвах аюулд орж болзошгүй байдаг бол хүүхнүүдийн хувьд цөс өвдөж эхэлдэг.

-Цөс өвдөснийг хэрхэн яаж мэдэх вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Цөс өвдөх шинж тэмдэг нь баруун хавирга доогуур хөндүүрлэх, өглөө ам гашуун оргих, хоолонд дургүй болох, дотор эвгүйрэх, зарим тохиолдолд нүүрний арьс буюу нүд шаравтар туяатай болох, уур уцаартай, цухалдуу болдог байна.

-Хэрэв цөсний архаг үрэвсэлтэй бол ямар тохиолдолд сэдэрдэг вэ?

Архаг үрэвсэлийг хамгийн их сэдрээдэг зүйл бол архи, пиво, айраг, мөн хурц хоол сэтгэл санааны хямралаас болж сэдэрдэг.

Цөсний өвчинг эмчлэх шинээр  эм тариа, эмчилгээ  гарсан уу?

-Одоо эм импекст зарагдаж байгаа Цинарие эм хамгийн сайн нь бас уламжлалт эмнүүд бүгд сайн. Цөсний хүүдийн үрэвсэл болон цөс чулуужихад барагшины хандыг 200 гр буцалсан усанд анхны өдөр таван дуслыг, хоёр дахь өдрөөс хоёр, хоёр дуслаар нэмэгдүүлж арав хоног ууна. Гэхдээ барагшин нь олон янз байдаг бөгөөд төмөр гардаг хадны барагшин нь элэг, цөс, нүдний өвчинд сайн.

-Цөсний чулууг зүсэж авахгүй дурангийн мэс заслаар авдаг гэсэн. Дурангийн мэс заслыг аль эмнэлэгт хийдэг вэ?

-Цөсний хүүдийд чулуу үүсэх өвчин нь дэлхийн улс орнуудад газар нутаг, ахуй амьдрал, хооллох онцлогоос шалтгаалан их бага харилцан адилгүй тохиолдоно. Өөх тос их хэрэглэдэг газар энэ өвчин элбэг тохиолдоно. Цөсний чулуу элсэрхэг, шар будаа шиг жижгээс эхлээд тагтааны өндөг шиг том янз бүрийн хэмжээтэй байхаас гадна чулууны тоо зарим хүнд 1,2 байхад заримд нь 100-аас 200 хүртэл ширхэгтэй ч байдаг. Цөсний чулууг нээлттэй болон дурангын мэс засал гэсэн 2 үндсэн аргаар авдаг Энэ 2 аргын унтуулга, наркоз өгөх, дотор хэвлийд хийгдэх ажилбар зэрэг ерөнхий зарчим нь адилхан бөгөөд гол нь хэвлийг зүсдэг цоолдог хэмжээгээрээ л ялгаатай юм. Нээлттэй аргаар бол хэвлийн хөндийг нээх нилээн хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд өвчний үе шат, өвчтөний бие махбодийн онцлог зэргээс хамаарч эмч нар ямар аргаар хийхээ сонгодог. Дунджаар 8-12 см орчим зүслэг хийж цус тогтоож, хэвлийг үечлэн нээж, цөсөнд хүрдэг хагалгаа юм. 2-р эмнэлэг болон нэгдүгээр эмнэлэг дээр аппаратаар цөсний чулууг түүж авдаг. 

-Цөсөө авахуулсан хүн гам хэр барих вэ?

-Сарын хугацаанд өөх, тостой, хуршсан хоол, архи тамхийг хорих хэрэгтэй. Ихэнхдээ хүний цөс янз бүрийн хоол иддэг байдалдаа зохицсон байдаг. Тиймээс нэг их гам барих, хоол хорих шаардлагагүй гэж үздэг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: