ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХ ЗОРИЛТОТ БҮЛГИЙНХНИЙГ ЭРЭМБЭЛНЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 31 ・ 1

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журам өөрчлөгдсөн талаар Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ. Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 26-р тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс заасан ангилал, квотын дагуу сонгон шалгаруулах ажлыг эрэмбэлж зохион байгуулахаар тусгасан байна.

Журамд төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар шинэчилжээ. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа гурван сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна. Харин “Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 мкв 3 өрөө байранд эрэмбэлэгдэж, хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411.540 төгрөг, гурван сарын барьцаа төлбөрт 1.234.620 төгрөгийг ТОСК-ийн дансанд байршуулах юм байна. Мөн халуун, хүйтэн ус, СӨХ, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлыг ашиглалтаасаа хамаарч түрээслэгч нь өөрөө төлөх юм.

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдаж “Буянт-Ухаа 2” хороололд бүртгүүлсэн иргэдийг дараах байдлаар ангилж, шалгаруулсан байна.

Залуу гэр бүл - 20 хувь буюу 43 айлын орон сууц /155 иргэн бүртгүүлсэн/

Төрийн албан хаагч - 25 хувь буюу 53 айлын орон сууц /372 иргэн бүртгүүлсэн/

Хувийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч - 20 хувь буюу 43 айлын орон сууц /572 иргэн бүртгүүлсэн/

18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл - 5 хувь буюу 11 орон сууц /13 иргэн бүртгүүлсэн/

Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй - 5 хувь буюу 11 айлын орон сууц 16 иргэн /бүртгүүлсэн/

Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад - 15 хувь буюу 32 айлын орон сууц /795 хүн бүртгүүлсэн/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд - 5 хувь буюу 11 орон сууц /158 иргэн бүртгүүлсэн/

Байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд - 5 хувь буюу 10 орон сууц /10 иргэн бүртгүүлсэн/ гэх мэтчилэнгээр хуваарилсан бөгөөд нийтдээ 214 айл шалгарчээ.

Дээрх иргэдийг өнгөрөгч оны гуравдугаар сарын 18-аас дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл бүртгэсэн байна. Бүртгэлд орсон хэдий ч хуваарилагдаж чадаагүй иргэд журмын дагуу материалаа шинэчлэн, дараагийн бүртгэлд хамрагдах боломжтой юм байна. Харин дараагийн бүртгэлийн эхлэх товыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэнэ гэлээ.

Түрээсийн орон сууцанд орох зорилтот бүлгийнхнийг эрэмбэлэхдээ төрийн албан хаагчдыг төрийн албанд ажилласан жил болон гавъяа шагналын байдлаар нь, залуу гэр бүл, хувийн хэвшил, өрх толгойлсон эцэг эх, 0-10 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн хувьд бага насны хүүхдээр нь, хэрвээ хүүхдийн тоо тэнцсэн бол хамгийн бага насны хүүхдийн тоогоор нь, ахмад настаны хувьд насны тоогоор нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зэрэг алдалтын хэмжээ болон хугацаагаар нь, байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдийг шалтгаан нөхцөл болон хохирлын хэмжээгээр эрэмбэлэхээр болсон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: