Жудогийнхон Азиас есөн медаль хүртлээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 29

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд Хонконг хотноо эхэлж Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртлээ. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 29 орны  244 жүдоч хүч, ур чадвараа сорин оролцож байна. Харин манай улсаас 18 жүдоч хүчээ сорихоор зорин очсон юм.

Манай бөхчүүдээс эхний өдрийн барилдаанд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, тавдугаар байр, долдугаар байрт тус бүр нэг тамирчин шалгарснаар багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдэж эхэлсэн.

Тодруулбал 48 кг-д МУГТ М.Уранцэцэг алтан медаль,  66 кг-д барилдсан ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр мөнгөн медаль, 52 кг-ын жинд Ч.Аззаяа  мөнгөн медаль,  63 кг-д ОУХМ Б.Ганхайч хүрэл медаль, ОУХМ Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль тус тус хүртсэн юм.

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн +78кг-д Б.Мөнхтуяа, эрчүүдийн -100 кг-д Б.Жанчивдорж, +100 кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар тус тус хүрэл медаль хүртлээ.

Жүдо бөхийн  2017 оны АТАШТ-д Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж Япон, БНСУ-ын дараа гуравдугаар байрт шалгарлаа. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх