Татсан тамхиа унтраагаад хаячихдаг больё

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 17

Найр наадамтай залган, их хэмжээний түймэр гарч, манай орны төвийн болон хангайн бүсийн ихээхэн ой шатчихлаа. Хүн хүч хүрэхээргүй өндөрлөг уулс ихтэй учир онцгойгынхон хүртэл очиж чадахгүй байсаар гал нэмэгдсэн байна. Гэтэл сошиалд идэвхтэй байдаг залуусын ихэнх нь сэтгэлийн хөөрлөөр гал унтраана гээд давхисан.

Холбогдох байгууллагуудаас бол иргэдийг сайн дураараа гал унтраахыг хориглоно, дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байв. Угаас гал гэдэг санаанд багтдаг эд биш. Салхи ширүүсэх төдийд гал түймрийн чиг өөрчлөгдөж хоромхон зуур хүний амь нас эрсдэх, адаглаад угаартах, түлэгдэх аюултай. Гал ус хоёрыг бас ч болдоггүй гэдэг шүү дээ.  

Хамгийн зөв сонголт бол аль хэзээнээсээ онгоц авах байсан юм билээ. Гэхдээ түймэр унтраах онгоцыг хэрхэн ашиглах зэргийг  албаныхан судалж байгаа. Тиймээс монголын ард түмэн түймэр унтраана гэж хөл нүцгэн таваргалгүй, онгоц авна гэж хийрхэлгүй тайван байх хэрэгтэй.  

Ассан түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсныг холбогдох албаныхан мэдээлсэн. Гал унтраах ажилд оролцохоор очсон залуус лав тамхиа бүрэн унтрааж хэвших нь түймэр гарахгүй байхыг сайтар ойлгож буй биз дээ. 

Монголчуудын нэг засардаггүй зан хогоо ил задгай хаядаг явдал. Байгалийн сайханд амарч зугаалсан бол архины шилээ уутлаад авч явж сурмаар, татсан тамхиа бүрэн унтраагаад сурчихмаар байгаа юм. 

Ерөнхий боловсролын сургуульд байхдаа физикийн хичээлд дээр нарны туяа ашиглан шилний хагархайгаар хуурай өвс ноцоодог байсныг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй нэгэн адил жалга, ойн цоорхой, голын эрэг дагуу хэдэн арваар нь хаяж орхисон архи, шар айрагны шил их үдийн наранд халж, ойн түймэр гарах нөхцөл болдог байна.

Одоо фэйсбүүкээр байгальд хог хаядаггүй, би асаасан галаа заавал бүрэн унтраадаг гэх челленж эхлүүлж, гал унтрахдаа биш гал тавихгүй байхдаа анхаарах нь хамгийн чухал гэдгийг манай залуус ойлгож байгаа байлгүй дээ. Эх орондоо хайртай хэрнээ хөдөө хээр тамхиа унтраалгүй шидчихдэг нь олон юм биш үү.

Г.Наран  

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх