Нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг анхаарах цаг болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 25

 

Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайт-Ганц мод боомтоор урд хөрш рүү гаргадаг. Сүүлийн үед нүүрс тээвэрлэсэн машинуудыг хилээр гаргахдаа нэг бүрчлэн шалгадаг болсон байдаг. Үүний улмаас нүүрс тээвэрлэсэн ачааны автомашинуудын цуваа 160 орчим км-т хүрсэн. Энэ асуудал цэгцрэхгүй учраас Цэцийн хөдөлгөөн ТББ-ынхан өнөөдөр зам хааж, тайван жагсаал хийж эхэлсэн билээ.

Жагсаалд 400 гаруй хүн оролцож Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс Тавантолгойгоос Цагаан хаданд буулгаад тэндээсээ Хятад руу тээвэрлэдэг болгох. Мөн жолооч нарын цалинг нэмэх шаардлагыг тавьж байв..

Гэтэл Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ руу гаргаж байгаа жолооч нар төрд гомдолтой байна. Сүүлдээ нүүрсний тээвэр байгаль орчин бохирдуулж, хил гаалиар хориотой зүйлс нэвтрүүлж байна гэх нэрийдлээр Цагаан хад гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

Тиймээс нүүрсний жолооч нар тэмцэл өрнүүлж сүүлийн өдрүүдэд байсхийгээд л хэвлэлийнхэнд хандах болсон байна.

Тавантолгойн ордоос нүүрс ачиж Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ руу гаргаж байгаа бүх машиныг нэг бүрчлэн шалгаж хил нэвтрүүлдэг болсноор нүүрсний машины цуваа 240 километрт хүрчээ.

Өнгөрсөн сарын 2-ноос эхлэн Монголын 12 штамб нээгдсэн. Гэхдээ Хятадын хил хэвийн үедээ өдөрт 1,500 машин нэвтрүүлдэг байсан бол одоо 500 машин л хилээр гарч байгаа юм. Яагаад ийм удаан нэвтрүүлж байгааг жолооч нар хэлэхдээ “Цэнэг гаргаснаас болж нэг, нэгэнгүй шалгаад байгаа гэсэн. Цэнэг гэдэг нь хөлдөөсөн чоно, буу, аккумлятор зэргийг машиндаа нууж хилээр гаргахыг хэлдэг.

Нэг чоно гарах нь гарсан гэсэн, тэрний маргаашаас хил маш муу нэвтрүүлж эхэлсэн” гэцгээсэн юм. Харин “Монгол тээвэр нэгтгэл” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Урд хөршид “Хятадын Ардын Чөлөөлөх Арми” байгуулагдсаны 90 жилийн ойн баяр нь наймдугаар сарын 1-нд болдог. Тэр баяртай холбогдуулан хилээ хаасан байх. Дараалал үүссэн нь маш олон шалтгаантай. Манай компани бүх төрлийн тээвэр хийдэг, 400 орчим нүүрс тээврийн машинтай, бүх ажилчид маань нийгмийн даатгал төлдөг” гэдгийг хэлэв.

7-14 хоногийн дараалал дунд жолдооч нарын бие гэнэт муудлаа гэж бодоход анхны тусламж үзүүлэх эмнэлэг байдаггүй, идэж буй хоол хүнсээсээ болоод хямрах, бие өвдөх тохиолдол нэлээгүй гардаг ажээ. Хамгийн гол нь цуваанд орсон л бол унтана гэсэн ойлголт байхгүй. Харин үүрийн хоёроос, гурван цаг хүртэл нүдний хор тайлагддаггүй.

Нүүрсээ ачаад нэг талдаа 249 километр замыг туулж, хил давах гэж 7-10 хоногийг зарцуулна. Тээвэрт явдаг жолооч нарын 80 хувь нь хятад эзний машин барьдаг ба ямар ч гэрээ хийдэггүй, харьяалагдах компанигүй, нийгмийн даатгал төлдөггүй хувиараа явцгаадаг аж.

2016 онд 73 км цувааг дэлхийн хамгийн урт дараалал гэж Гиннест бүртгэж авсан бол манай нүүрс тээврийн машины цувааны урт Гиннесийн дээд амжилтыг эвдээд байгаа юм байна. Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн онд 13 сая тонн нүүрс тээвэрлэн экспортолсон. Харин энэ онд 24.2 сая тонн нүүрс экспортлох зорилгыг тавьжээ. Энэ их ажлыг нугалж буй жолооч нарын эрх ашгийг хамгаалах төр, албан тушаалтан гэж байдаггүй.

Хэдэн төгрөгийн хойноос амь насаа эрсдэлд оруулж, хэдэн арваараа амиа алдаж байгаа залуустаа төр засаг анхаарал хандуулаасай. Монгол хүний амь нас үнэгүйдэж байгаа нь Монгол төрийн эмгэнэл  гэж ойлгож болохоор байна.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх