Ихэнх сургууль, цэцэрлэгүүдийн хичэээл орохгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 21

Есдүгээр сарын 21-ээс 26-ны өдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын 70 хувь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь нь сануулах ажил хаялт зарлаж, хичээлээ заахгүй, хүүхдүүд хүлээж авахгүй юм. Энэ сарын 18-ны өдөр “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо” хуралдаж, сануулах ажил хаялт хийх шийдвэрт гаргажээ.

Багш нар хичээл хаялтад албан ёсоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн бөгөөд өнөөдөр сургуулиудаас эцэг, эхчүүдэд “Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны ажил хаялт хийхээр болсон тул та бүхэн есдүгээр сарын 21-ний өдөр хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн мэдэгдлийг албан ёсоор хүргүүлжээ.

Багш нар ажлын байрандаа хичээл заахгүй бөгөөд энэхүү хичээл хаялт үр дүнгээ өгөхгүй бол дахин цаашид хугацаагүйгээр хичээл хаялт зарлана хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа билээ.

Тэд Засгийн газартай гурван талт хэлэлцээр хийхээр ширээни ард суусан ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй тул ийнхүү хичээл хаялтаа явуулахаар болоод буй. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо найман сарын 10-ны өдөр байгуулагдаж, найман сарын 30-ны өдөр төв талбай дээр 12 мянгуулаа лоозон барин жагсаал зохион байгуулсан.

Мөн тэд засгийн газарт гурван шаардлага бүхий албан бичиг хүргүүлж, энэ сарын 15-ны дотор хариу өгөхгүй бол хичээл хаялт зарлана хэмээж байв. БСШУСЯ-наас “Бидэнд энэ асуудлыг бүрэн шийдэх эрх байхгүй. Харин та бүхнийг бүх шатанд дэмжиж ажиллана хэмээсэн байдаг.

Түүнчлэн багшийн цалин нэмэгдүүлэх түр хороонд энэ сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр ажиллаж байна” гэх тайлбарыг ирүүлсэн байна. Харин энэхүү хариуг багш нарын түр хорооноос хангалтгүй хэмээн үзэж тэмцлийн шатандаа хүрчээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх