ГЭМТЭЛ, МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТАСАГ НЭЭГДЛЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 03

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, мэс заслын тасаг өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн  Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар оролцлоо.

“Чингэлтэй дүүргийн хүн амд гэмтэл, мэс заслын шинэ тасаг нээгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх нь өндөр ач холбогдолтой юм. Шинэ тасаг нээгдсэнээр иргэд харьяа дүүргийн эмнэлэгтээ мэс заслын тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ.

Шинээр нээгдэж буй тасгийн барилга 1968 онд ашиглалтад орсон бөгөөд шинээр сэргээн өрөө тасалгааг засварлаж гэмтэл мэс заслын шинэ тасаг үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.

Гэмтэл, мэс заслын тасаг одоогоор хэвтэн эмчлүүлэх 15 ортой, төлөвлөгөөт хагалгаа хийх өвчтөнүүдийг хүлээн авч эмчилгээ хийх юм.

Мэс заслын өрөөнүүд сүүлийн үеийн ор, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Мөн барилгын агааржуулалтын системийг шинээр суурилуулж, мэс заслын өрөөнд хяналтын камер байрлуулсан байна.

Мэс заслын тасаг нээгдсэнээр дүүргийн иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх