Өнгөрөгч хавар 29 дүгээр тусгай дунд сургуульд нэлээд асуудал үүсч, тус суругулийн захирлыг ажлаас нь халсан билээ. Тодруулбал, Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ний өдөр Нийслэлийн засаг дарга Су.Батболдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл өчигдрөөс эхлэн Б.Батсайхан захирал ажилдаа эргэн орсон байна. Түүнийг захирлын ажилд нь эргүүлэн томилсон хүн нь Боловсролын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар аж. Нэгнийхээ гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, нөгөөх нь дур мэдэн тушаал гаргадаг толгойгүй төрийн бодит байдал энэ гэсэн үг. 

 Х.Батсайхан захирал ажлаас халагдахынхаа өмнө сургуулийнхаа хүүхдүүдийг “Тэд чинь /дүлий хүүхдүүд/ бэлэг их өгөхийг БЭЛГИЙН ДАРАМТ гэж ойлгоод байгаа юм. Бэлэг өгсөн юмыг БЭЛГИЙН ДАРАМТ гээд байгаа юм" хэмээн хэвлэл мэдээллээр ярьж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг доромжилсныг хэн бүхэн санаж байгаа. Түүний энэ үйлдэл олны эгдүүцлийг хүргэсэн. Ингээд түүнийг хуулийн байгууллагаас сурагчидтай зүй бусаар харьцаж, охидод бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Улмаар Б.Батсайханыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн юм.

Мөн уг сургуулийн багш нар архидан согтуурдаг, зарим охидыг бэлгийн дарамтад уруу татахыг оролддог, ангийн хогийн савнаас архины шил, тэр ч байтугай бэлгэвч олдсон гэж сурагчид ярьж байсан билээ. 

Энэ мэт асуудал гарсан ч Х.Батсайхан захиралд хариуцлага тооцоогүй, зүгээр л ажлаас нь халчихсан удаатай. Монгол төрийн шийдвэр гурав хоногийн настайг ёстой нэг баталж, түүнийг эргүүлэн ажил нь томилжээ. 

Хүүхдийг гэх сэтгэлгүй Х.Батсайхан захирал ажлаас халсан шийдвэрийг давж заалдан шүүхээр явсаар заргаа авсан нь энэ юм гэнэ. Хүүхдүүдийн асуудал ямар ч хамаагүй, зөвхн сандал суудал чухал бололтой энэ нийгэмд. Мөн Боловсролын тогтолцоо яаж гажуудсныг илтгэж байна.

Уг нь Нийслэлийн прокуророос 2017 оны зургадугаар сарын 30-нд "Б.Батсайхан болоод 29 дүгээр тусгай сургуулийн багш нар дохионы хэлээр хичээл заадаггүй, хангалттай дадлага туршлага эзэмшээгүй, сурагчдад чанаргүй боловсрол эзэмшүүлдэг, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, сурагчдыг хэл амаар доромжилдог, зэрэг зүй бус асуудал гаргадаг болох нь тус сургуулийн сурагчдаас авсан мэдүүлэг, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны шалгалтын дүн, нийслэлийн Боловсролын газраас хийсэн судалгааны дүн зэргээр нотлогдон тогтоогдлоо" гэсэн тогтоол гаргасан.

Харамсалтай нь, сурагчид өөрсдөө бэлгийн дарамтад өртсөн гэдгээ илэрхийлээд байхад энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэхдээ Б.Батсайхан гэгч этгээд прокуророос тогтоосон дээрх асуудлаас болж захирлын суудлаа алдах бүү хэл хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл яаж ийгээд энэ сургуульд ирсэн, ирэх ирэхдээ дахин захирал болчихлоо шүү дээ.

Энэ хүнийг шүүх байгууллагаас яагаад боловсролын салбарт байлгах ёстой гэж үзэв. Тэр тусмаа хүүхдийг гэх сэтгэлгүй түүнийг яагаад хөгжлийн бэрхшээлтэй, өөрийгөө бүрэн хамгаалах чадваргүй, үзэл бодлоо ч сэтгэлээ онгойтол илэрхийлэх боломжгүй хүүхдүүд рүү дахин илгээсэн юм бэ. Хүүхэд худлаа хэлдэггүй гэдэг. Тэр дундаа монгол хүүхдүүд ичимхий, бүрэг. Бэлгийн дарамтанд өртсөн хүүхдүүд тэр болгон үүнийгээ бусдад мэдэгдэж чаддаггүй. Харин энэ сургуулийн хүүхдүүд өөрсдийнхөө нэр төр, сурах эрх, тэгж байдлаар дэнчин тавьж тэр бүх бусамрмагийг гадагш мэдээлсээр байтал хамгийн хүнд заалттай бэлгийн дарамтын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрээс нь тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар нийтэд маш бүдүүлэг ойлголт өгөхийг хичээж байсан захирал нь буцаад албан тушаалдаа очсон тул ямар нөхцөл байдал үүсэхийг хэлэхэд хэцүү. Ер нь энэ хүн яагаад заавал 29 дүгээр сургуулийг удирдах ёстой вэ. Яагаад Х.Батсайханд хууль үйлчлэхгүй байна вэ.

Г.Наран