Өнгөрсөн сарын сүүлээр нээлтээ хийсэн Фантастик продакшний шинэ бүтээл "Зүрхний хилэн" кино үзэгчдээс ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа билээ

Саяхан болсон "Улаанбаатар" Олон улсын кино наадмаас шилдэг "Түүхэн кино" шагналыг ч хүртээд амжсан. Тэгвэл уг кинонд манж амбан Фун Жоугийн дүрийг бүтээсэн жүжигчин Барслхагва нэгэн орой гадуур явж байгаад хэсэг согтуу залуустай барьцалдаж авах шахжээ. Учир түүний бүтээсэн дүрээс болсон гэж тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа ярьжээ. 

"Өчигдөр нэг сонин юм болсон. Сонирхуулвал, гадуур явж байтал гурван согтуу эр нөгөө муу Манж чинь явж байна гээд хэл амаар доромжилж, аргагүй эрхэнд барилцаж авсан. Тэр хүмүүс намайг их үзэн ядаж чамайг таарсан газраа ална аа гэж байна лээ. Би тэрүүхэн үедээ уур хүрч байсан хэдий ч цааш яваад бодсон, инээд хүрсэн. Нээрээ л дургүй нь хүрсэн байна гэж ойлгосон" гэж жүжигчин залуу ярьсан байна. 

Тэрбээр "Их Монгол" ресторанд болсон арга хэмжээг хөтлөн явуулж байх үеэр энэ явдал болсон аж. 

Сөрөг талын дүрийг гарамгай бүтээдэг Алтан үеийн жүжигчдийн нэг Дамчаа гуайг дээр үед гудамжинд явж байхад нь хүүхдүүд чулуу шиддэг байсан гэдэг шиг л зүйл түүнд тохиосон аж. Үүнээс харвал түүний бүтээсэн дүр нэлээд олон хүний дургүйцлийг хүргэсэн бололтой.