Х.Хатанзаяа: Хүний инээмсэглэлд нь тохируулж, хөмсөгний хэлбэрийг гаргаж шивэх ёстой

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 30 ・ 17

Дэлхийн хөмсөг шивээсчдийн тэмцээн есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нидерландын Ротердам хотод зохион байгуулагдсан билээ. Уг тэмцээнд “Хатанзаяа салон”-ы үүсгэн байгуулагч Х.Хатанзаяа урилгаар оролцоод дөрөвдүгээр байрт ороод иржээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Хөмсөг шивээсчдийн хамгийн том тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Тэмцээний сонин сайхнаас дуулгаач. Өмнө нь энэ төрлийн тэмцээнд Монголоос шивээсчид оролцож байсан юм уу?

-Дэлхийн тэмцээн учраас гоо сайхны тэр дундаа хөмсөг шивээсээр мэргэшсэн шилдэг мастерууд оролцож, шинэ техник технологи, шинэ санаа, шинэ боломжийг эрэлхийлж, хоорондоо туршлагаа солилцлоо. Монголын хөмсөг шивээсний салбар болон өөрийн ур чадварт улам илүү ахиц дэвшил гаргахыг зорин зүтгэж, нэлээд зардал гаргаж 270 гаруй орны мастеруудтай өрсөлдөөд ирлээ. Өмнө нь энэ төрлийн дэлхийн тэмцээнд Монголоос хэн ч оролцож байгаагүй юм. Анх очоод айж, сандарч байлаа. Тэмцээнд орохоор ирсэн гоо сайханчид том, том чемодантай техник хэрэгсэлтэй их сүртэй ирцгээж байтал би жижигхэн ягаан гар цүнхтэй очлоо. Азиас ирсэн гэхээр намайг бараг тоож харж байгаа ч хүн байсангүй. Тэгэхээр нь хажууд сууж байсан ганц хоёр хүнд өөрийн шивсэн хөмсөгнүүдийнхээ зургийг үзүүлсэн чинь хүмүүс их анзаарч, анхаараад, сүүлдээ намайг маш олон хүн тойрчихсон, миний уран бүтээлүүдийг үзэж сонирхсон. Гадныхан материаллаг байдалд илүү анхаардаг юм байна лээ.

-Тэмцээний үйл явц ямар байв. Ямар хүнд хөмсөг шивж бусадтайгаа өрсөлдсөн бэ?

-Дэлхийн мастеруудын тэмцээн учраас гоё болсон. Тэмцээн болж байхад гадаа нь хөмсөг шивүүлэхээр ирсэн моделиуд байлаа. Зохион байгуулагчид тэднээс сонгоод, гоо сайханчдадаа хуваарилна. Надад үрчлээ ихтэй, настай хүн таарчихсан. Тэд шивээсээ хийлгэчихээд, өмнөх зургаа бариад гарч ирдэг. Ингээд шүүгчид оноогоо өгнө. Хүрэл медаль авах боломж байсан ч ганц оноогоор ялагдсан. Алт авсан Хятадын гоо сайханч бүсгүй өмнөх жил энэ тэмцээнд оролцож байсан юм билээ. Түүнд өнгөт арьстай залуу модель таарсан. Өнгөт арьстнуудын хөмсөг амархан хэвэнд ордог, шивээс сайн авдаг онцлогтой байдаг юм. Уг нь бид моделио аваад очиж болох байсан юм билээ. Анхны жил болохоор туршлагагүйтсэн. Дараа жил дахиж орно.

-Ер нь хөмсөг шивээсний төрлөөр, аль улсын шивээсчид тэргүүлдэг юм бэ?

-Биеийн шивээс гоо сайхны шивээс хоёр тусдаа ойлголт. Хятадууд техник технологи, туршилт зэргийг түрүүлж гаргаад, маш их туршилт явуулчихсан байдаг. Хятадын гаргасан санаа, шинэ технологийг европчууд улам сайжруулж хуулбарлаж байна. Гэхдээ одоогоор гоо сайхны шивээсний төрлөөр Оросын гоо сайханчид л тэргүүлдэг. Тэд дэлхийг тойроод сургалтаа хийгээд л явж байдаг юм.

-Сүүлийн үеийн хөмсөг шивээсний дэлхийн чиг хандлага ямар болж байна. Хуучин хөмсөгний шивээс хөхөрчихдөг, мөд арилдаггүй байсан. Харин одоо амархан арилчихдаг болсон гэх яриа бий?

-Хуучны шивээс хөхөрчихөөд л 10, 20 жил болдог байлаа. Одоо хүмүүс тийм арилдаггүй хэрнээ гоё байх шивээсийг хүсээд байдаг. Тийм зүйл байхаа больсон. Хуучны шивээсний будаг чинь төмөр ихээр агуулсан маш муу будаг байсан юм. Төмөртэй будаг арьсанд ороод хөхрөөд, ногоороод маханд шингэчихээд, сүүлдээ ясанд нь орчихоод арилдаггүй. Одоо миний хийж буй будаг бол Олон улсын гоо сайхны мастерууд хэрэглэдэг био эволюшн, свисс колор зэрэг байгалийн гаралтай будагнууд байгаа юм. Мөн нэг удаагийн сав, зүүг ашигладаг. Натурал будгаар шивүүлсэн тохиолдолд хөмсөгний шинэ загвар гараад ирэнгүүт өмнөхөө шинэчлээд байх боломжтой. Тиймээс натурал будгаар будсан арилдаг шивээс их дэлгэрээд байгаа юм. Үүнээс гадна хүн бүрийн хөмсөгний арьс өөр, өөр байдаг. Нүүрний арьс хуурай, холимог, тослог гэж байдаг бол хөмсөгнийх үүнээс ч олон янз. Хэт хатуу хуурай арьстай бол шивээс авахдаа тааруу, хэт тослог бол уусгаад хэцүү байдаг. Бүх хүний хөмсгийг яг ижил будгаар шивж байгаа боловч заримынх нь удаан тогтоно, заримынх нь амархан арилчихдаг. Тухайн хүний арьсны онцлогоос их шалтгаалдаг юм. Мөн савандаж угаагаад л, их үрээд байвал арьс гуужиж, шивээс амархан арилна. Хүний арьс өөрт мэдэгдэхгүй маш их гуужиж байдаг шүү дээ.

-Хөмсөгний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “6D om­bre” будалтыг танай салон хийдэг. Энэ нь ямар онцлогтой шивээсний төрөл вэ?

-Өмнө нь 3D гэж үстэй мэт шивээс байсан ч хэт хиймэл, хашаа шиг хэрээслээд зурчихсан харагддаг байсан. Харин одоо 6D гээд хөмсөгний ширхэгийн дагуу натурал харагдуулахаар буддаг болсон. “6D ombre” гэхээр энэ үстэй мэт шивээс дээр уусгалт хийж өгөхийг хэлж байгаа юм. Энэ шивээсийг монголд би зохиож гаргасан юм шүү дээ. Хүмүүс миний өгсөн нэрийг авчихаад л хэрэглээд байх юм. Би өөрөө энэ нэрээ патентжуулах ёстой байсан юм билээ. Одоо хөмсөгний шивээс илүү натурал ямарч хүрээ байхгүй, битүү уусгалттай байдаг болсон гэсэн үг.

-Хөмсөг шивэхийн тулд хамгийн эхлээд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Хүний нүүр уншиж чадахгүй мөртлөө ганцхан загварын хөмсөг зураад сурчихсан, тэр загвараа хүн болгонд шивээд байдаг. Хүн хүний нүүрний хэлбэр өөр, өөр. Мөн хүний уруул хөмсөг хоёр хоорондоо маш их холбоотой. Хүний инээмсэглэлд нь тохируулж хөмсөгний хэлбэрийг гаргаж шивэх ёстой. Доошоо инээдэг хүний хөмсөг дээшээ хэлбэртэй байвал утгагүй. Уруулнаас хэмжээ авч хөмсөгний хэлбэрийг тодорхойлдог юм. Энэ бол ОХУ-д хөмсөгний мастераас сурсан миний технологи. Одоогоор монголд нэвтрээгүй ч нүүр уншина гэдэг нь бас маш чухал зүйл.

-Хөмсөг шивэхийн юу нь хамгийн сайхан байдаг вэ?

-Хөмсөг засах нь надад илүү таалагддаг, өөрөө их сонирхолтой байлаа. Тиймээс өөрийн сонирхлоороо хөмсөгний шивээсийн төрлөөр олон улсад суралцсан. Хүний хөмсгийг шивчихээр нүүрээ угаачихсан юм шиг өнгө ороод л сайхан болчихдог. Нүүрний гоо сайхны 50 хувь нь хөмсөгнөөс хамаардаг юм шүү дээ. Би хөмсөг шивж байхдаа орчноос тасарчихдаг. Зөвхөн шивээсээ хийгээд л байвал сайхан санагддаг. Мөнгө биш хүний төлөө, хүний хөмсгийг сэтгэлд нь 100 хувь нийцтэл нь хийхийг хүсдэг. Энэ нь надад гоё мэдрэмж өгдөг юм.

-Зарим хүмүүс оригоороо хөмсөг шивүүлэхгүй байвал гоё гэдэг. Үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Нэгдүгээрт хөмсөг будах цаг хугацааг хэмнэнэ. Нүүрээ угаагаад, усанд ороод гарсан ч хөмсөгтэй, хөөрхөн хэвээрээ байна. Ингээд хүн өөртэй итгэлтэй болчихоор хамаг ажил нь бүтээд л эрч хүчтэй байдаг. Өөртөө итгэлгүй ажил бүтэхгүй бол хүний араар ороод байна шүү дээ. Хүнийг баярлуулаад, өөртэй итгэлтэй болгоно гэдэг чинь буянтай ажил байхгүй юу.

-Нүүрээ уншиж сурах хэрэгтэй гэж байсан. Нүүрний хэлбэрийг зөв уншиж, зөв будахын тулд юунаас эхлэх шаардлагатай вэ?

-Эхлээд орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Цагаан гэрэлтэй гоо сайхны тольтой байх хэрэгтэй. Сандалныхаа гуравны нэг дээр суугаад, хэт ойроос биш, жаахан холоос толинд өөрийгөө харахаар нүүрний гажиг, өө сэв сайн харагддаг юм. Өөрт тохирсон орчинтой байж гоё хоол хийдэг шүү дээ. Түүнтэй адилхан, ажил хийх технологи, орчин ажлын үр дүнд маш чухал нөлөөтэй шүү дээ.

-Танайх нүүр будалтын сургалт хичээллүүлэх гэж байгаа юм байна. Энэ сургалтаар ямар, ямар зүйлийг заах вэ?

-Тухайлбал, хамгийн амархан аргаар гэрийн нөхцөлд маск тавихыг заана. Зөгийн бал сүү, цагаан будааг найруулаад, долоо хоногт хоёр удаа маск тавихад их үр дүнтэй байдаг. Заавал үнэтэй зүйл авч хэрэглэхгүй гуужуулагчийг яаж хийх боломжтой зэрэг аргуудыг ч заана. Мөн нүүр будалтын суурь тавилт, гэрэл сүүдэр тавих, аль болох натурал будалт хийж байх хэрэгтэй. Ингээд дараагийн өдөр хөмсөг, нүд тэгээд уруул, контур гэх мэт бүгдийг дор бүр нь яаж будахыг заана. Илүү үр дүнтэй, ойлгомжтой будалт нүүр арчилгааг хүн тус бүрийн арьсанд тохируулж заадаг. Хүн бүрийн нүүрний хэлбэр, онцлог өөр өөр учраас бүгдэд нь адилхан хичээл орох нь бас өрөөсгөл шүү дээ. Нүүр унших гэдэг зүйл монголд одоогоор алга. Хэн ч үүн дээр ажиллахгүй, мэдэхгүй байна. Будалтын сууриа хийж чадаад байдаг ч, нүүрээ уншиж чадахгүй байна. Өдөр бүр өөрийн царайгаа яаж энгийн гоё байлгах вэ гэдэгт бүсгүйчүүдийг сургамаар байна.

-Шивээсээр халдвар дамжих магадлал өндөр гэдэг. Яаж халдвараас сэргийлэх боломжтой байдаг юм бэ?

-Хөмсөг шивээсний бүх зүйл нэг удаагийнх байдаг учраас халдвар дамжихгүй байх бүрэн боломжтой. Харин багаж ариутгаж хэрэглэдэг мэс заслуудын тухайд л эрсдэлтэй байдаг. Гэхдээ яг нэг удаагийн хэрэгслүүдээ нэг удаа хэрэглэж байна уу, үгүй юу гэдэг л асуудал. Тиймээс үйлчлүүлэгчид сайтар шалгаж байх хэрэгтэй байгаа юм. Мэргэжлийн бус шивээсчид гоо сайхны шивээсийг ихээр хийж байгаад харамсаж байна.

-Хөмсөг шивүүлж болохгүй тохиолдол гэж байх уу. Шивээс хийлгэхдээ юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-18 нас хүрсэн. Согтууруулах ундаа хэрэглээгүй байх хэрэгтэй. Мөн жирэмсэн, нярай биетэй хүнд болон сарын тэмдэг ирж байгаа тохиолдолд шивээс хийхгүй. Төмрийн харшилтай, хуучин шивээс нь тод бол давхарлаж шивэх боломжгүй байдаг юм. Бүх хүнд давтан хийнэ. Гэхдээ хүн бүрийн онцлогоос шалтгаалаад, хэдий хугацаанд давтан хийх зэрэг нь өөр, өөр байдаг юм. Хөхүүл эхчүүд хүүхдээ зургаан сар хүргээд бор хоолонд орохоор нь шивээс хийлгэх ёстой байдаг.

-Та багаасаа шивээс, гоо сайхны төрөлд сонирхолтой байсан уу. Мөн өөрийн төгссөн сургууль, гэр бүлээ танилцуулаач?

-Би 1985 онд төрсөн. Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дунд сургуульд байхаасаа шивээс, гоо сайхныг сонирхох болж “Сарнайх” гоо сайхны төвд суралцаж анх энэ салбарт хөл тавьж байлаа. Их засаг их сургуульд Хятад хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн. Дөрвөн жилийн өмнөөс Хатанзаяа салоноо шаргуу ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд Хятад, Бээжин, Өмнөд Монгол, Хонконг, Швед, Польш зэрэг улсуудад очиж гоо сайхны шивээсчдийн уулзалт, сургалт, үзэсгэлэн худалдаа зэрэгт оролцож явлаа. 6D шивээсийг би Дэвид багшаараа анх заалгаж сурсан. Төд удалгүй Солонгос улсад очиж олон улсын гоо сайхны шивээсний тэмцээнд хүч үзэж, хоёр алтан медаль, цомоор шагнагдаж байсан минь надад маш их урам өгсөн. Энэ тэмцээнд 450 хүн оролцож байлаа.

Мөн 2016 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. Харин нүүр уншихыг надад ОХУ-ын алдарт маке ап артист Валерия Хутсан багш зааж өгсөн.

Н.Баяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

17 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: