Малын үүлдэр угсааг сайжруулах, бүртгэлжүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 06 ・ 1

 

         Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Хатагтай Элизабет Барзак болон Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан атташэ Орелиа Талваз нарыг хүлээн авч уулзлаа.

         Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор мах сүүний чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг амьдаар импортлон оруулж ирээд байгаа юм.

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Франц улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тэр дундаа малын үүлдэр угсааг сайжруулах, монгол ноолуурыг дэлхийн зах зээлд илүү өргөн хүрээнд гаргах  тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд жилд 7-9 мянган тонн ноолуур бэлтгэж дэлхийн ноолуурын зах зээлийн  30 хувийг дангаараа бүрдүүлж байгаа учраас Монгол ноолуур дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрэн байгаа талаар онцолсон юм. Түүнчлэн Малын удмын сангийн цогцолборын ажил дуусч байгаатай холбогдуулан Францын тоног төхөөрөмжийн компанитай хамтран ажиллаж тус компаниас удмын сан, биотехнологи, зохиомол хээлтүүлгийн тоног төхөөрөмжийг хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авч суурилуулахад мөн малын бүртгэлийн чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг элчин сайдаас хүслээ.

           Францаас амьд үхэр ОХУ-аар дамжуулан экспортлоход эрүүл ахуйн гэрчилгээнд тавьж буй нэмэлт шаардлагуудаас шалтгаалан экспорт зогссон байсан. Уг гэрчилгээнд өөрчлөлт оруулсан хувилбарыг Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүлээн авч судалсны хүрээнд гэрчилгээг баталгаажуулан зурах боломжтой гэсэн мэдээллийг элчин сайд Элизабет Барзак  энэ үеэр өгсөн юм. 

           Уулзалтын төгсгөлд Монголын хуучны анд, хүнд хэцүү цагт тусламжийн гараа харамгүй сунгаж ирсэн Бүгд Найрамдах Франц Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дахь хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • heerhii ene Mongolchyyd aa gej?... / 2017 11 сар 06/

    eneeder yariad yabj baih yum!hezeenees ehlej Mongolchyyd mal aj ahyitai neherlesen bilee!!iim ergyy tenegyyd Mongoloor dyyren ene chini ta nar senej mehej bna!geed....heleed bna!

    Хариулах