Хакухо М.Даваажаргал: Би Харүмафүжи, Таканоива хэргийн талаар бүх үнэнийг ярина

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 27

Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё амжилттай үргэлжилж өчигдөр өндөрлөсөн билээ. 

Кюүшюү башёд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар 40 дэх түрүүгээ хүртлээ. Тэрбээр 32 насандаа энэ амжилтанд хүрсэн ба түүний ард Тайхо их аварга 32 түрүүтэйгээр бичигддэг. 

Энэ удаагийн башё бөхчүүдийн бэртэл гэмтлээр дүүрэн байсан бөгөөд том цолтнуудын нэр хүндийг Хакүхо аварга ганцаараа хамгаалсаар башёг өндөрлүүлж байна.

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Харүмафүжи нэгэн үдэшлэгийн үеэр нутаг нэгт Таканоиваг цохиж, зодсон хэрэг явдал өнгөрсөн сард гарсан юм.

“Daily mail” сонин Японы эх сурвалжаас эш татаж мэдээлэхдээ өнгөрсөн долоо хоногт цагда нар Харүмафүжигаас байцаалт авсан бол энэ долоо хоногт ёкозүна Хакухогоос мэдүүлэг авна гэжээ. Мөн үл ойлголцол, зодоон болох үед Монголын 10 гаруй бөх архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байна.

33 настай их аварга Харүмафүжи дээрх хэргийнхээ төлөө цолоо хураалгаж, зодог тайлах өндөр магадлалтай гэж Японы хэвлэлүүдэд бичиж байгаа аж.

 

Өчигдөр ёкозүна Хакүхо мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 40 дэх удаагаа түрүүлсэн юм.

“Japan times”-д бичсэнээр тэрбээр зодооны хэргийн тухай сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. “Би энэ хэргийн тухай бүх үнэнийг хэлэх болно. Ийм явдал гарсанд харамсаж, сүмогийн үнэнч үзэгч та бүхнээс уучлалт хүсч байна. Би Харүмафүжи, Таканоива нарыг дэвжээндээ дахин барилдаасай гэж хүсч байна. Бид энэ хэргийг хурдан шийдэх хэрэгтэй” гэжээ.

Мөн тус хэвлэлд мэдээлснээр цагдаа нар энэ сарын сүүлчээр Харүмафүжигийн асуудлыг эцэслэж, Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо ямар нэгэн шийтгэлийн арга хэмжээ авах аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх