“Нүцгэн” сонгууль хийдэг болъё

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 28

“Нүцгэн” сонгууль хийх нь цаанаа их учиртай юм. Утга нь сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч амлалт нэрийн дор бүтэх, эс бүтэх янз бүрийн амлалтыг сонгогчдод хэлдэг.Үүнд нь итгэсэн сонгогчид хэн ихийг  амласанд нь санал өгдөг. Эцэстээ амлалт нь эс бүтвэл сонгогчид нь дараагийн сонгуульд буруу  харчихдаг. Иймээс амлалтгүй сонгууль хийдэг болъё гэсэн юм. Энэ нь олон талын ач тустай. Засгийн эрх барьсан нам, эвсэл нь Монгол орноо хөгжүүлэх ганц уриатай болчихно. Хөгжлийн тулгуур энэ байхыг үгүйсгэх арга алга. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх гэж олон юманд самгардахгүй зөвхөн орон сууц, сургууль, цэцэрлэг барих, хөрөнгө оруулалтаар үйлдвэр, уурхай, мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхэд төлөвлөнө. Төлөвлөснөө хэрэгжүүлэхэд цаг заваа зарцуулна. Сонгогчид нь аль нам, эвсэл нь бүтээлч ажиллав гэдгийг нь сонгож сонголтоо хийхэд юу нь болохгүй гэж.

Манай улс гурван шатны сонгуультай. УИХ, аймаг, нийслэлийн, сум, дүүргийн цаашилбал, баг, хорооны гэх сонгууль болдог. Өрсөлдөгч талууд хүүхдийн, хувьцааны, гэр бүл болсны гэх баахан мөнгө амладаг. Үүнийг гүйцэлдүүлэх эрх баригчид нь тэвддэг. Гэтэл жинхэнэ бүтээн байгуулалтын ажил нь хөрөнгөгүйтэх юм. Тэгээд гаднаас “бадар барих” юм.

Амлалт авч сонгуульд өрсөлддөг  нь ганц манай улс биш л дээ.  Гадны зарим орны сонгуулийн өмнөх сурталчилгаа, нэр дэвшигчийн амлалтыг ажиглаж байхад манайхтай ижил төстэй л юм билээ. Тэд ямар амлалт авдаг гээч. “Ажилгүйдлийг бууруулна, иргэдийг нийгмийн даатгалд хамруулна. Цагаачлагчдын тоог бууруулна. Эдийн засгийг өөд нь татна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Гадаад харилцааг өргөтгөнө, эсвэл эргэж харна”  гэх мэт. Ийм ерөнхий амлалт аль ч улсад байдаг зүйл. Энд нэг жишээ хэлье.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Транп Ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үедээ “Цагаачдад хориг тавина” гэх утгатай үг хэлж байсныг тодхон санаж байна. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараахан “Хориг тавьсан хууль”-д гарын үсэг зурсан. Гэтэл тус улсын дээд шүүх “Хориг”-ийг хүлээж аваагүй. Ийнхүү энэ хүний амлалт бүтэлгүйтэж буй. Энэ мэтээс үлгэр авч мөнгө амладаг, тараадаг зуршлаа орхиж  “нүцгэн” сонгууль хийдэг болъё.

 

Нийгмийн шуудан сонин

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх