Си-Эн-Эн телевиз: Жүдогийн домог-Монголын Н.Түвшинбаяр

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 22

2 дугаар сарын 21-нд буюу өчигдөр Америкийн "Си-Эн-Эн" телевизийн цахим хуудаст "Жүдогийн домог-Монголын Н.Түвшинбаяр" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

 Ердөө гуравхан сая хүн амтай Монгол Улс 2017 оны жүдогийн ДАШТ-ээс зургаан медаль хүртэж, багийн дүнгээрээ гуравдугаарт орсон юм. Өөрөөр хэлбэл, тус улс нь жүдо бөхөөр алдарт Теди Райнерын өлгий нутаг Франц,  жүдогийн эх орон Японы араас орсон билээ.

Өвөлдөө -20 градусаас давж хүйтэрдэг талын Монголын тамирчид ийм амжилт гаргахад тийм ч амаргүй нь мэдээж. Сүүлийн жилүүдэд Чингис хааны өлгий нутагт жүдогийн спорт хөгжин цэцэглэсээр байна.

Найдангийн Түвшинбаяр хэмээх залуу 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэнээр Монголын олимпийн анхны аварга болсон юм. Тус улсын Булган аймгийн малчны хүү Н.Түвшинбаяр хөдөө нутагтаа барилдаж, мал хариулж өссөн нэгэн. Тэрбээр телевизээр жүдогийн Азийн АШТ үзсэнийхаа дараа 18 настайдаа энэ спортод хөл тавьсан гэдэг. Үүнээс ердөө зургаан жилийн дараа тэрбээр Бээжингийн олимпийн аварга болж, алдар нэрээ цуурайтуулсан билээ.

“Олимпийн аварга болсныхоо дараа хамгийн түрүүнд аав ээжийгээ, дасгалжуулагчаа л бодсон доо. Монголчууд бүгд миний алтан медалийг угааж, баярлаж байсан” гэж Н.Түвшинбаяр ярьж байсан юм.

2008 оны олимпийн өмнө Монголд парламентын сонгууль болж, улс төрийн намууд талцаж, ард иргэд нь нийслэл Улаанбаатар хотынхоо төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж, эмх замбараагүй байдал үүсээд байсан үед түүний ялалт монголчуудыг нэгтгэсэн юм. 

 

"Лондон-2012"

 

Бээжингийн олимпоос дөрвөн жилийн дараа болсон “Лондон-2012” зуны олимпийн наадмын үеэр Н.Түвшинбаяр маш хүнд бэртсэн хэдий ч мөнгөн медаль хүртэж, монгол түмнийхээ баяр дээр баяр нэмсэн. Энэ олимп нь Монголын үндэсний баяруудын нэг болох Наадамтай давхцаж байсан юм.

“Лондон-2012”-ын үеэр Н.Түвшинбаяр маш хүнд бэртсэн бөгөөд хоёр сарын турш тэргэнцэртэй байсан юм. Тэрбээр аавыгаа танихгүй болтлоо өвдөж зовж байсан гэж ойр дотныхон нь ярьж байсан удаатай.

Өдгөө 33 настай тэрбээр олимпоос хоёр медаль хүртсэн анхны монгол хүн юм. Түүний амжилт олон хүүхдийг жүдогийн спортод хөл тавихад нөлөөлж байна.

 

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх