Энэ удаагийн ярилцлагын буландаа Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон Өвлийн олимпийн наадамд сайн дурын ажилтнаар ажилласан Д.Нямдэмбэрэл гэх залууг урин оролцуулж байна. Түүний ярилцлагаас залуучууд та бүхэн энэхүү ажилд хэрхэн хамрагдах боломж болон олон давуу талыг олж мэдэх болов уу. 

-Та Пёнчаны олимпт сайн дурын ажилтнаар ажиллаад ирсэн. Ярилцлагаа бид сайн дурын ажил гэж юуг хэлэх вэ гэдгээс эхэлье?

-Сайн дурын ажил гэдэг нь энгийнээр хэлэхэд ямар нэгэн цалин хөлс, эсвэл ямар нэгэн ашиг харалгүйгээр тухайн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын төлөө өөрийн мэдлэг чадвар, цаг хугацаа, эрч хүчээ сайн дураар зориулж буй үйлдлийг хэлнэ.

Сайн дурын ажлын давуу тал нь юу вэ?

Би Пёнчаны олимпын сайн дурын ажилтнаар оролцохдоо мөнгөөр үнэлж боломгүй олон үнэт зүйлсийг сурч авсан. Ялангуяа амьдралын туршлагыг олж авлаа. Дээрээс нь Пёнчаны олимпт оролцохын тулд 2 жилийн өмнө буюу 2016 оны 8 сард бүртгэж авдаг аппликэйшн нь хаагдахын өмнөхөн онлайнаар бүртгүүлсэн. Үүний дараа 6 сарын турш үргэлжилсэн ажилтан шалгаруулж авах процессыг давж гараад 2017 оны 4 сард тэнцлээ гэсэн хариуг авч байсан юм. Олимпт сайн дурын ажилтнаар оролцсноор гурван том зүйлийг олж авсан.

  • Туршлага. Тодруулбал дэлхийн хэмжээний том эвент үйл ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулахыг, томоохон хэмжээний спортын наадам зурагтаар гарахад түүний арын албаны хүмүүс юу хийдэг, яаж ажилладаг гээд тэр болгоныг мэддэггүй байсан бол дунд нь ороод ажиллахаар тэр олон орны залуустай уулзаж их зүйлс дээр туршлага хуримтлуулж авсан.

  • Уулзсан, хамт ажилласан хүмүүстэйгээ цахим сүлжээгээр найзалж, заримтай нь бүр дотно найзууд болох ч боломжтой. Үүний үр дүнд танилын хүрээгээ тэлж, аливаа нэг улс орон руу явахад ямар нэгэн ажил хийхдээ нетворкоор бүлэг үүсгэн нөхөрлөх боломжтой.

  • Хувь хуний хүсэл зорилгын төлөө ажиллаж хөдөлмөрлөх, улс орны хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж ажилаад ирэхээр өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг. Залуу хүний хувьд бахархах мэдрэмж төрдөг. Зарим хүмүүс спортоос кайф авдаг бол миний хувьд сайн дурын ажлаас олон зүйлсийг сурч кайф авдаг юм. Магадгүй олон жилийн дараа үр хүүхэд ач зээ нартаа би олимпт  хувь нэмрээ оруулж, амжилттай болгоход оролцсон юм шүү гэж хэлэх нь их бахархалтай байна байх.  Хамгийн түрүүнд энэ 3 зүйлийг олж авах боломжтой.

-Өөрийн ирээдүйд болон эх орондоо оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэж ойлгож болох юм байна тиймүү?

-Тэгэлгүй яахав. Хувь хүнийхээ мэдлэг чадвар, боловсролд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт. Олимпыг дэлхий даяараа узэж байгаа над шиг залуучууд тэнд их бий. Саяны олимпт 15000 гаруй сайн дурын ажилтан байснаас 1200 нь гадаадын хүмүүс байсан. Тэдний нэг нь болоод явахад хандлага харах өнцөг үнэхээр их өөрчлөгддөг.

-Олон залуус сайн дурын ажилд оролцмоор байдаг ч тэдэнд хангалттай мэдээлэл байдаггүй. Ямар нэг шалгуурыг өөртөө бий болгоод түүнийгээ давж чадах болов уу гэсэн бодол өөрийг нь хориод байдаг. Оролцох хүсэл нь байдаг ч чаддаггүй. Хэрхэн яаж оролцох боломжтой вэ?

-Ерөнхийдөө Монголчуудын зан төлөвтэй холбоотой байх. Ичимхий зан их байдаг. Сайн дурын ажилд оролцъё, боломжийг олж авъя гэвэл эхлээд нээлттэй байх, ямар ч хүнтэй мэндлээд харилцан яриа өрнүүлэхүйц хэмжээний суурь мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн бага ч гэсэн хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Нээлттэй байх чанар бол энэ үйл ажиллаггаанд чухал шинж чанар гэж би ойлгодог.

-Сайн дурын ажиллагааг цалин мөнгөгүй учир цагийн гарз хэмээн хүлээж авах хүмүүс цөөнгүй байдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тэр бол тухайн хүний л бодол. Нэг талаараа тэдний зөв нэг талаараа тэдний буруу. Сайн дурын ажил хийснээр өөрийгөө хөгжүүлж чадахгүй гэсэн бодолтой хүмүүс нилээдгүй байдаг. Гэхдээ та аливаа зүйлд суурь зарчим бий. Хэн нэгний төлөө ажиллаад үзсэн нэг сар, нэг жилийн дараа магадгүй ямар их зүйлийг олж авснаа ухаарах байх л даа. Ийм бодолтой хүмүүст нэг, хоёр удаа оролцоод үзээрэй гэж хэлэх байна. Азийн хөгжил буурай орнуудын хувьд энэ нь тэдгээр залуусын буруу биш. Зүгээр л тэдний байгаа нийгмийн уур амьсгал. Улс орон хөгжихийн хэрээр сайн дурын ажилд оролцож бусдад туслах, ямар нэгэн зүйл бүтээж өгөх хүсэл тэр хүмүүсийн мөн чанараас гарч ирдэг.

-Таны “Сайн дурын ажилд идэвхитэй оролцъё” гэсэн уриалгыг тань дэмжих хүмүүс их байдаг уу?

-Миний эргэн тойронд бол маш их байгаа. Жишээ нь Пёнчаны олимпын үеэр үзэж харсан зүйлс, ямар хүмүүс ямар тамирчидтай уулзсан зэргээ өөрийн цахим сүлжээнд бичихэд 2020 оны Токиогийн олимпт чадвал оролцноо гэдэг. Миний фэйсбүүкийн найзуудын хувьд олимпын талаар пост оруулахад сайн дураараа ажилдаггүй юм гэхэд очиж үзэх юмсан гэсэн хүмүүс их байдаг. Энэ дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд олимпт оролцоход хэсэг хэсгээр хувааж авдаг. Миний хувьд ВИП хэсэг дээр хувиарлагдсан. Энэ хэсгийн хувьд хамгийн хариуцлагатай хэсэг байсан. Улс орны болон урлагийн томоохон зочид ирж үздэг хэсэг байсан. Зарим зочидтой ганц хоёр үг солин бүр яриа өрнүүлэх ч боломж олдож байсан. Энэ бүхнийг өөрөө үзээд явна гэдэг үнэхээр гайхалтай.

-Манай зарим залуус сайн дурын ажилд байтугай цалинтай ажилд ч оролцох хүсэлгүй байдаг гэхэд хилсдэхгүй. Залуусыг сайн дурын ажилд татах хамгийн зөв алхам нь таны хувьд юу вэ?

-Энэ их гоё асуулт байна. Мэдээж тухайн хүн өөрөө сонирхолтой, эсвэл тодорхой түвшиний мэдлэгтэй байх нь чухал. Миний бодлоор олон янзын арга байж болно. Намайг сайн дурын ажилд идэвхитэй оролцохд хамгийн их нөлөөлсөн зүйл нь эргэн тойрны хүмүүс  байсан. Намайг оюутан байхад миний таньдаг хүмүүс сайн дурын ажлыг идэвхитэй зохион байгуулдаг байсан нь надад нөлөөлсөн гэж боддог. Тэгэхээр таныг хүрээлэн буй хүмүүс, тэдний үйл хөдлөл таны ирээдүйд ихээр нөлөөлж байдаг. Тийм учраас тэдгээр хүмүүсээс үлгэр жишээ авч суралцаж байх нь зүйтэй.

-Сайн дурын ажилд насны хязгаар байгаа юу?

-Байхгүй. Тэтгэвэртээ гарсан хүмүүс ч их оролцдог шүү.

-Таны ирээдүйн зорилго?

-Монгол улсаа хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмэрээ оруулахын төлөө зорьж ажилладаг. 2020 оны олимп Токиод, 2022 оны өвлин олимп Бээжинд болно. Ерөөөсөө л Азийн орнуудад болох учир Монголтой их ойр болно гэсэн үг. Тэгэхээр залуучууд боломж олдвол оролцохыг хичээгээрэй. 2020 оны Токиогийн олимпт оролцох сайн дурын ажилтан бүртгэх аппликэйшн 2018 оны 9 сард нээгдэнэ. Хичээгээд бүртгүүлээд үз. Мөнгө төгрөгөөр туслах хүмүүс гарч ирж л таарна. Хайлттай бай, эрмэлзэлтэй бай, хүсэл тэмүүлэлтэй бай. Гаргасан мөнгөн зардлаасаа хэд дахин их мэдлэг чадварыг өөртөө хуримтлуулж чадна шүү гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

Сэтгүүлч: С.Түвшинбулаг