Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр Дүнжингарав уралдааныг зохион байгуулдаг. Зохион байгуулалтыг тус холбооны “хурган дарга” нар ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хонины ээлж нь  Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн дээр таарч тэрбээр ерөнхий зохион байгуулагчаар ажилласан. Гэвч уг уралдаан дэндүү муу зохион байгуулалттай болсон гэдгийг оролцогчид ярьсан.

Хүүхдүүд мориноос унаж гэмтсэн, шөнө уралдсан, өөр хүүхдийн нэр дээр 12 хүрээгүй хүүхэд уралдсан гэх мэтээр дүрэм журмууд зөрчигдсөн. Гараа, бариан дээр хасалт хийж уяачдыг алаг үзсэн гэх зэргээр унасан хүүхэд, уяач, хурдалсан морь нь хүртэл гомдмоор үг үйлдэл гарсныг эх сурвалжууд баталдаг.

Нэгэнт асар муу зохион байгуулсан болохоор ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурал 2018.03.27-ны өдөр болж  ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд өөрийнхөө хүсэлтээр үүрэгт ажлаа өгсөн. Үүгээр хариуцлагыг дуусгахгүй уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж байсан билээ. Тэгвэл энэ санал ажил хэрэг болж байгаа бололтой. Монгол улсын Ерөнхийлөгч Дүнжингарав хурдан морины уралдааныг шөнийн цагаар уралдуулж хууль зөрчин зохион байгуулсан гэх Тод манлай уяач Д.Дагвадорж, Улсын алдарт уяач П.Сэргэлэн нарын цолыг хураах зарлиг гаргахаар  төлөвлөөд байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Ингэснээр Дүнжингаравыг Шөнөжингарав болгосон Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хариуцлага хүлээхгүй уснаас цэвэр гарч байна. Энэ чинь ариун явдал уу Ерөнхийлөгч өө?

ММСУХ-ны ерөнхийлөгч нь хариуцлагаа ухамсарлаад больж байхад, Дүнжгаравыг зохион байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан  Тод манлай уяач Д.Дагвадорж цолоо хураалгах дээрээ тулж байгаа энэ цаг үед жинхэнэ будлиантуулсан, гардан зохион байгуулсан Барилга Хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнд хэн ямар хариуцлага тооцох вэ? Түүнд ч гэсэн хариуцлага тооцох ёстой шүү дээ...

Хэрвээ цол хураах юм бол 16 хүүхдийн амь насаар наадах шахсан, Дүнжингарав уралдааныг гардан зохион байгуулсан Барилга Хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн цолыг нь хураах ёстой. Эсвэл уралдаанд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хасах, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Дэд ерөнхийлөгчөөс нь огцруулах зэргээр хариуцлага тооцох ёстой.

Бөх нь барилдаж чадахгүй, морины уралдаанаа хийж чадахаа байсан энэ цаг үед Барилга Хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнд хариуцлага тооцуулснаар ММСУХ дотроосоо бага ч гэсэн цэвэрших нигууртай.

Эс бөгөөс ММСУХ бөхчүүд шигээ талцсан, наадмаа ч хийж чадахгүй болох дээрээ тулах вий!!!