Монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2018 05 сар 09

Үндэсний статистикийн хорооны албан мэдээлэл судалгаанаас харахад  судалгаанд хамрагдсан гэрлэсэн буюу хамтран амьдрагчтай  байгаа 15-49 насны  8674 эмэгтэйчүүдийн 5,1 хувь нь  үргүйдэлтэй буюу сүүлийн 5 жилд хүүхэд төрүүлээгүй, жирэмснээс хамгаалах арга огт хэрэглэдэггүй, хүүхэдтэй болохоор төлөвлөсөн боловч жирэмслэхгүй байгаа гэж, 6,8 хувь нь цэвэршсэн/саваа авахуулсан гэж, 11,9 хувь нь  үргүйдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, түүвэр судалгаанд оролцжээ.

Үргүйдэл нь зөвхөн эмэгтэйчүүдээс болдог гэж үздэг ч үргүйдэл нь эрэгтэй, эмэгтэй хүнд тохиолддог эмгэг бөгөөд үүнийг эмчлэх боломжтой юм. Харин энэ асуудалд эрчүүд тун хайнга ханддаг байна. Үүнийг дараах тоон баримт харуулна.

2012 онд  10 000 эрэгтэй тутамд 5.7   бүртгэгдсэн  нь 2010 оны түвшнөөс 36.8 хувиар  нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнөөдөр нөхөн үржихүйн насны буюу 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй байгааг мэргэжлийн эмч судлаачид онцолж байна.

Монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна. Үүнд тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдварт өвчин ихээхэн нөлөөлж байна. Мөн эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй, хэнэггүйгээс болж өвчлөл нэмэгдэж,  нас баралтаар эрэгтэйчүүд тэргүүлээд байна. Өөрөөр хэлбэл эрчүүдийн буруу хэвшил болон хэнэггүй зан нь үргүйдэлд хүргэж байгааг эмч, судлаачид нэмж хэлж байна. Тодруулбал, хосуудын 15 хувь нь жилийн хугацаанд жирэмслээгүй бөгөөд үүнээс болж эмнэлэгт ханддаг байна. Үргүйдлийн улмаас эмчид хандсан хосуудын 44 хувь нь эрэгтэйчүүдээ шалтгаалсан үргүйдэл  хэмээн оношлогдож байгаа юм.

Үргүйдэж байгаа эрчүүдийг насны ангиллаар нь авч үзвэл 25 хүртэлх насанд 3.7 хувь, 25-29 насанд 4.7 гээд нас ахих тусам үргүйдлийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа. Монгол Улсын үргүйдэлтэй иргэдийн дийлэнх нь 30-44 насны  хүмүүс байна.

Тэгвэл эрчүүдийн үргүйдлийн шалтгаанаар нь авч үзвэл, эрэгтэй хүнээс үрийн шингэн ялгарч байгаа ч эр бэлгийн эсгүй байх 31.7 хувь, эр бэлгийн эсийн тоо цөөрсөн 48.8, эр бэлгийн эс бүтцийн алдаатай байх 7.3, эр бэлгийн эсийн хөдөлгөөн бага  байгаа нь 12.2 хувь байгаа аж.

Тиймээс Монгол улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн эмнэлгийн тоог нэмэх, боловсон хүчинг нэмэх, үр шилжүүлэн суулгах, тээгч эхийн тухай хууль эрх зүйн орчинг нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа.

Тиймээс энэ талаар зохицуулж өгөхөөр Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм байна.

Уг хуулийн төслөөр үр шилжүүлэн суулгахыг хуульчлахаас гадна тээгч эхээр хүүхэд тээлгэх бол шалгуур тавьж байгаа. Мөн тээгч эхээс төрсөн хүүхдийг жинхэнэ аав ээж нь өргөж авч байгаа өнөөдрийн тогтолцоог шийдвэрлэх юм.  

Тодруулбал, хуулийн төслийн

Нэгдүгээр бүлэгт: Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн зорилго, хууль тогтоомжийн нэр томьёоны тодорхойлолт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг,

 

Хоёрдугаар бүлэгт: Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын талаарх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах удирдлагын тогтолцоо, энэ талаарх төрийн болон эрүүл мэндийн  байгууллагын эрх, чиг үүргийг,

 

Гуравдугаар бүлэгт: Үргүйдэл, түүний тусламж үйлчилгээний ерөнхий нөхцөл, нөхөн үржихүйд туслах аргын төрөл, бэлгийн эс  авах, үр хөврөл, түүнийг хадгалах, хөлдөөх, гэсгээж суулгах, устгахтай холбогдсон харилцаанд тавигдах ерөнхий шаардлага, донороос бэлгийн эс авах, үр цацах, үр шилжүүлэн суулгах аргыг ашиглах үеийн ерөнхий нөхцлийн талаар,

 

Дөрөвдүгээр бүлэгт: Тээгч эхээр хүүхдийг төлөөлөн төрүүлэх харилцаанд тавигдах ерөнхий шаардлага, захиалагч эцэг, эх  болон тээгч эхэд тавигдах шаардлага, тэдгээрийн хооронд байгуулах гэрээнд зайлшгүй тусгах заалт, тээгч эхээр хүүхэд төрүүлэх харилцаанд хориглох зүйл, уг харилцааны нууцлал зэрэг зохицуулалтыг,

 

Тавдугаар бүлэгт: Хуулийн хэрэгжилтэд тавих хяналт болон хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага зэрэг зохицуулалтыг  тусгахаар заажээ.

 

Бид Монголд үргүйдлийн тоон баримт болон  нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийн талаар цувралаар хүргэх болно.

 

 

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх