Оюутолгойн гэрээ байгуулагдсан үнэн түүх

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 05 сар 16 ・ 3
Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үед Эрдэс баялаг үндэсний нийгэмлэгийн тэргүүн  Х.Владимиртай хийж байсан ярилцлагыг олон нийтэд үнэн зөв  ойлголт өгөхөд  тустай байх болов уу гэсэн үүднээс дахин хүргэж байна.
 
-Саяхан Дубайн гэрээний асуудлаар ЗГ-ын Ерөнхий сайд  Ч.Сайханбилэгийг  огцруулахаар УИХ-ын нэр бүхий  19 гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийг  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд АН засгийн газраа хамгаалж үлдсэн. Та мэргэжлийн хүний хувьд Оюутолгойн гэрээг анх байгуулахад оролцож байсан хүний хувьд энэ талаар санал бодлоо хэлнэ үү?
 
-За  тэгэхлээр  Дубайн гэрээг ярихаас өмнө Оюутолгойн гэрээ яаж байгуулагдсан юм бэ гэдгийг эргэн дурсах хэрэгтэй байх. Сая Дубайн гэрээг УИХ-аар хэлэлцэх үед нилээд хэдэн гишүүд маш худлаа ярьж байна лээ. Бараг л бүгдээрээ л Оюутолгойн гэрээний эсрэг дуугарч байсан юм шиг. Яг үнэндээ тийм байгаагүй юм.
 
-Тэгээд яаж байсан гэж?
 
-Тэгэхлээр УИХ-ын гишүүн М Энхболд,  С.Хүрэлбаатар нар  2007 оны М.Энхболдын тэргүүлж байсан ЗГ-ын оруулж ирсэн гэрээний төсөл маш ашигтай  мундаг төсөл байсан мэтээр сайрхаж байна лээ. 2007 оны гэрээ бол тогтвортой байдлын гэрээ, 1997 оны АМТХ-ийн хүрээнд  10 жилийн хугацаанд ямар ч татвар түрээс авахгүй  баялагаа ховх соруулахаар тийм л нөхцөлтэй гэрээ. Энэ хуулийн нөхцлөөр бид Бороогийн 40 тн алтыг 5 жилийн дотор ямарч татваргүй экспортлоод дуусгасан шүү дээ. Энэ гэрээгээр явсан бол дараагийн Бороогийн орд шиг түүх давтагдах байсан юм.
 
-Оюутолгойн гэрээ яаж байгуулагдсан бэ?
 
-2008 оны  ээлжид УИХ-ын сонгуулиар байгуулагдсан УИХ , ард  түмэндээ байгалийн баялгаас 1,5 сая төгрөгийн хувь хишиг хүртээх  МАН\ хуучин МАХН\-ын амлалт, 1 сая төгрөгтэй тэнцэх хувьцаа эзэмшүүлэх  АН-ын амлалтыг биелүүлэх үүрэгтэй байсан. МАН  УИХ-д 45 суудалтай үнэмлэхүй олонхи байсан боловч амлалтаа биелүүлэх зорилгоор  АН-тай хамтарсан ЗГ байгуулсан. УИХ-аас Оюутолгой, Тавантолгойн стратегийн ордыг зах зээлийн эргэлтэнд оруулах  40, 57 дугаар тогтоолууд гарсан. Эдгээр тогтоолуудад Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах  үндсэн суурь зарчимуудыг тодорхой зааж өгсөн, үүнд хоёр нам амлалтаа биелүүлэхийн тулд  урьдчилгаа төлбөр авах, нэр нөлөө бүхий хараат бус гадаадын байгууллагаар аудит хийлгэхийг ч мөн тогтоол тусгасан байсан.
 
-Оюутолгойн гэрээ хэдийд  УИХ-аар хэлцэгдсэн бэ?
 
-УИХ-ын  40 дүгээр толтоолыг хэрэгжүүлэхээр ЗГ-аас  Эрдэс баялгийн сайд  Д.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж УИХ-д  2009 оны 2 сард өргөн барьсан. Оюутолгойн гэрээний төслийн эхний хувилбар  өргөн баригдсан өдрөөс эхлээд нийгэмд маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Гэрээний маш олон зүйл заалтууд МУ-ын мөрдөгдөж байсан хууль тогтоомжоос давсан байсан . Тийм учраас УИХ-ын  ЭЗБХ-оос томилогдсон УИХ-ын гишүүн асан Г. Занданшатраар ахлуулсан ажлын хэсэг  гэрээг хэлэлцэж , гэрээний төслийг  МУ-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлэн сайжруулах 13 заалт бүхий дүгнэлтийн хамт  ЗГ-ын ажлын хэсэгт хүргүүлж , гэрээний анхны хувилбарыг буцаасан.
 
-Дараа нь дахиад гэрээг  УИХ-д  яаж оруулсан бэ?
 
-Гэрээг дараа нь УИХ-ын  ЭЗБХ дээр байгуулсан ажлын хэсэг,  ЗГ-ын ЭБ-ийн сайд Д.Зоригтоор ахлуулсан ажлын хэсгийн хүрээнд  хэлцэгдээд,  УИХ-ын  ЭЗБХ, Төслийн байнгын хорооны хурлаар  2 удаа хэлэлцээд буцааж байсан. Буцааж байсан шалтгаан нь тухайн үед  зэс дээр тогтоосон алдарт 68 хувийн татварыг тойрч гарах ямарч боломж байгаагүй , Энэ татварыг орлуулах өсөн нэмэгдэх татварын шаталсан хувилбараар орлуулахаар гэрээнд заасан байсан. 68 хувийн татварыг хөрөнгө оруулагч тал хэзээ ч зөвшөөрдөггүй байсан юм.Хамгийн сүүлд гэрээг Ерөнхий сайд С.Баярыг  Япон улсад албан айлчлал хийж байх  үед  2009 оны 7 сарын дундуур  УИХ-ын ажлын хэсэг , Төсвийн Байнгын хороотой хамтран Оюутолгойн гэрээнд оруулсан өсөн нэмэгдэх татварын заалт нь  68 хувийн татварын  хүрээнд хэрэглэх хууль зүйн чадамжтай талаар хэлэлцээд  гэрээний энэ хувилбарыг хэрэглэх хуулийн заалт байхгүй гэдэг үндэслэлээр гэрээний төсөл гуравдахь  удаагаа ЗГ-ын ажлын хэсэгт буцаагдсан.
 
-Тэгээд гэрээ байгуулах боломжгүй болсон юм уу?
 
-Ерөнхий сайд С.Баяр  Японоос эргэж ирээд  унасан хүүхэд ууртай гэгчээр  МАН-ын \МАХН\     УИХ дахь бүлгийг хаалттай  хуралдуулж,  УИХ-ын ээлжит бус чуулганыг 8 сарын дундуур  хийлгэж  Оюутолгойн гэрээг байгуулахад саад тотгор болоод буй зарим хуулийн заалтуудыг өөрчлөх хуулийн төсөл  УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр  шийдвэрлэсэн  , тухайн үеийн МАН-ын \МАХН\  45 гишүүний   42 гишүүн дэмжиж гар өргөн баталж,  3 гишүүн  Б.Батэрдэнэ, Ц.Даваасүрэн,Ш. Сайхансамбуу нар эсэргүүцэж  гараа өргөөгүй  байсан  түүхтэй. Тухайн үеийн МАН\МАХН\  УИХ-д олонхи байсан учир ээлжид бус чуулганаар Оюутолгойн гэрээнд зориулсан дээрх хуулийн төслүүд батлагдах нь ойлгомжтой байсан юм.
 
-Тэгээд ямар хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан бэ?
 
-ЗГ-ийн ажлын хэсгийг тухайн үеийн  Сангийн сайд  асан  С.Баярцогтоор ахлуулсан байсан, ЭБ-ийн сайд Д.Зоригт  үүргээ муу биелүүлсэн учир ЗГ-ийн ажлын хэсгээс ахлагчаас халагдсан  . ЗГ-аас 4 хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Үүнд  Алдарт зэсийн , алтны бүтээгдэхүүнд оногдуулдаг 68 хувийн татварыг хүчингүй болгох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд татвар төлөгчийн татварын алдагдлийг 100%  ирээдүйд шилжүүлэн  8 жил хүртэл хугацаагаар татвар ноогдуулах орлогоос хасч тооцох , өмнө нь 50 хүртэл хувийг 4 жил хүртэл хугацаатай байсныг өөрчилсөн, Автозамын тухай хуулинд өөрийн хөрөнгөөр автозам барьж ашиглах эрх олгох тухай, Усны тухай хуулинд өөрсдийн  хөрөнгөөр хайгуул хийж  тогтоосон газрын гүний усны нөөцийг  хайгуул хийсэн компани ашиглаж эзэмших эрх олгох тухай  хуулиудыг  УИХ-ын ээлжит бус чуулганаар батлан, УИХ-аас Оюутолгойн гэрээ байгуулахтай холбогдсон 57 дугаар тогтоол гаргаснаар  ЗГ-т Оюутолгойн гэрээ байгуулах алтан шар зам нээгдсэн.   
 
-АН-аас Оюутолгойн гэрээний төлөө хэн тэмцдэг байсан бэ?
 
-Оюутолгойн гэрээний төлөө тэмцэх биш, энэ гэрээнд заасан МУ-ын хууль тогтоомжид нийцэхгүй байсан  зүйл заалтуудыг хуульд нийцүүлэх, гэрээнээс Монгол улсад орох ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах , баялгаа иж бүрэн ашиглах, байгаль экологид хор нөлөөгүй технологи нэвтрүүлэх гэх мэт амин чухал асуудлуудыг л яриад байгаа юм. Ингэсний төлөө бид гэрээг эсэргүүцэгч биш харин гэрээний нөхцлийг Монголын талд ашигтайгаар   хийх, үр хойч үедээ энэ гэрээнээс оногдох ашгийг нэмэгдүүлэх асуудал байгаа юм. АН-аас гэрээний төлөө  УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, эдгээр гишүүд л эх орончид байсан даа.
 
-Зэсийн 68 хувийн татварыг орлуулах татвар гэрээнд тусгаж  болоогүй юм уу?
 
-Зэсийн 68 хувийн татварыг ашигт малтмалын үнийн  өсөн нэмэгдэх татвараар орлуулж зардлын өсөлттэй уялдуулж татвар оногдуулах хувилбар гэрээний нөхцөлд байсан.  Уул нь  гэрээнд зэсийн 68 хувийн татварын  хүчинтэй хугацааг 2011 оны  1 сарын 1 хүртэл заасан ба энэ хугацаанд  Сангийн яам ашигт малтмалын үнийн өссөн нэмэгдэх  татварын тухай хууль батлуулсан  боловч энэ хуулийг дээрх гэрээний нөхцөлийг Оюутолгойн гэрээнд тусгаагүй учраас өнөөдрийг хүртэл дээрх хуулийн заалтыг Оюутолгойн зэс, алтны баяжмалаас авч чадахгүй байна.  Жич: ашигт малтмалын өссөн нэмэгдэх татварын хуулиар зэсийн үнэ 5001 ам. Доллараас давсан нөхцөлд Эрдэнэт үйлдвэр 16 хувийн ашигт малтмалын нөөцийн төлбөр төлдөг байхад  Оюутолгой компани 5 хувийн төлбөр  төлөх жишээтэй, энэ бол дэндүү шудрага бус   яагаад гэвэл байгалийн хэзээ ч нөхөгдөшгүй  баялгийг , ард түмний хөрөнгийг шудрага бусаар ашиглаж байгаа явдал юм. 
 
-Дубайн гэрээний талаар юу яримаар байна?
 
-Дубайн гэрээ энэ бол гэрээ биш гэж бодож байна. Ягаад гэвэл  анхны гэрээг 3 яамны сайдтай байгуулсан. Тэгвэл дээрх гэрээнд 3 яамны сайд гарын үсэг зурж баталгаажуулах ёстой л доо. Оюутолгойн гэрээ байгуулсны дараа 2 удаа өөрчлөлт оруулсан. Энэ ямар өөрчлөлт вэ гэвэл, Оюутолгойн гэрээ байгуулахад урьдчилгаа болгож авсан 250 сая ам.доллар болон  Монголын талы 34 хувийн эзэмшилийн хөрөнгийн зээлийн  жилийн хүү маш өндөр 12-14 хувиар анхны гэрээнд заасан байсан.  УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн асан Ш.Сайхансамбуу энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, дээрх байнгын хороон дээр хоёр ч удаа нээлттэй хэлэлцүүлэг хийж, холбогдох тооцоог хийж, АБГБ-ын байнгын хорооны тогтоолоор ЗГ-т   хүүг буурулах  чиглэл өгсөн тул ЗГ-ын ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийсний үндсэн дээр дээрх хүүг 6-7 хувь хүртэл бараг хоёр дахин бууруулж чадсан. УИХ-ын гишүүн С.Баярцогт  бид  2 тэрбум долларын ашигтай өөрчлөлт гэрээнд оруулсан гэж яриад байгаа нь энэ .Энэ бол амжилт, өөр гэрээнд өөрчлөлт оруулсан талаар бодит нотлох баримт байхгүй л байна даа.          Дубайн хэлэлцээрийг санхүүжүүлэх төлөвлөгөө гээд яриад байгаа юм. Хувь нийлүүлэгчийн  хавсралт гэрээнд  санхүүжүүлэлтийн хувьцаа гаргах, энэ хувьцааг хөрөнгөжүүлэх гэсэн нэг заалт бий, гэхдээ шинээр хөрөнгө оруулах, хөрөнгө босгох асуудлыг ТЭЗҮ-ийн шинэчилсэн хувилбар буюу шинэ хүчин чадал бий болгох, асуудлыг хөрөнгө оруулалтын тогтворжилтийн шинэ хуулийн заалтаар хэрэгжүүлж болох талтай. Гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын тооцоонд үндэсний экспертүүдийг татан оруулах шаардлагатай байна. Далд уурхайн хөрөнгө оруулалтанд үндэсний уул уурхайн мэргэжилтнүүдээр эксперт хийлгэж болно шүү дээ. Улс төрчид хоорондөө бие бие хардаж сэрдэж хэрэлдэж байснаас  хамаагүй дээр шүү дээ. Манай энэ яам тамгын газар ажиллаж буй мэргэжилтэнүүд дэндүү чадваргүй, тэгээд улс төрчдийг дагаад бас их улс төржөөд байгаа юм. Ийм нөхцөлд  компаний тухай хуулинд заасан нөхцөлөөр хараат бус үндэсний экспертүүдээ ашиглах нь улс төрчдийн хоосон хий хардлагыг цайруулан хангаж болох талтай. Эцэст нь тэмдэгдэж хэлэхэд манай улс төрчид хямралыг уул уурхайтай холбож яриад байх юм. Уул уурхай бол эдийн засаг, маш том эдийн засаг, санхүүгийн, мөнгөний, түүхий эдийн, эрчим хүч, дэд бүтэц энэ бүгдийн үр дүнд тогтвортой хямралгүй өсөн дэвжих эдийн засаг. Өөр ямар ч салбарын эдийн засаг уул уурхай шиг эрчимтэй хөгжиж  чадахгүй.
 
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 05 сар 17/

    С.Баяр, Ч.Сайханбилэг, Д.Зоригт мэтийн өөр хэн ч оролцсон юм бэ, тэр этгээдүүдээс хэдэн доллар хахуульд авсныг нь хэлүүлээд улсын орлого болгооч. Хэлэхгүй бол ясыг нь цайтал суулга

    Хариулах
  • Hetsvv / 2018 05 сар 16/

    Yaj ch bodson ard tvmnii umchiig hulgai hiisen ni ilt ...hen hohirogch ve ..ard tvmen ...tegeed yagaad bultuulaad ardchilsan zamhruulaltaa hiigeed bga um bee

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 16/

    За энэ С.Баяр нарыг өмөөрөөд байгаа хүмүүс одоо юу хэлэх вэ бодит байдал ийм байна.Хуулиудад хүртэл өөрчлөлт оруулж байж авилга авч гэрээ байгуулсан нь тодорхой байна шүү дээ

    Хариулах