Өнгөрсөн шөнийн тоглолтын тойм

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 06 сар 22

Данийн шигшээ баг Австралийн шигшээтэй 1:1-ээр тэнцлээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий  С хэсгийн Дани, Австралийн тоглолт Самара хотын “Самара Арена” цэнгэлдэхэд манай цагаар өчигдөр оройн 20 цагт болж, тэд 1:1-ээр тэнцсэнээр тус бүр нэг оноо авлаа.

Энэ тоглолтын долоо дахь минутад Данийн К.Эриксен эхний гоолыг оруулж, тоглолтыг даничууд тэргүүлж эхэлсэн. Даничуудын давамгайлал хагас цаг үргэлжилсэний эцэст 38 дахь минутад Австралийн М.Единак тэнцээний гоолыг оруулснаар эхний үе өндөрлөсөн. Хоёр баг сүүлийн 45 минутад харилцан олон довтолгоо хийсэн ч амжилттай болж чадсангүй.

Өнөөдрийн тоглолтод даничууд нэг оноо авснаар дөрвөн оноотой болов. Францад хожигдсон Австралийн шигшээ баг заавал хожих даалгавартай талбайд гарсан ч тэнцээ хийснээр анхны оноогоо авлаа. Австралийн хувьд байдал хүндхэн байна.

Перугийн шигшээ Францын шигшээд 0:1-ээр хожигдлоо

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “С” хэсгийн Франц, Перугийн тоглолт Екатеринбург хотын төв цэнгэлдэх хүрээлэнд урд шөнө Улаанбаатарын цагаар 23 цагт эхэлж, Францын шигшээ Перугийн шигшээг 1:0-ээр хожлоо. 

Энэ тоглолтын цорын ганц гоолыг Францын залуу тоглогч Мбаппе хийж, багтаа ялалт авчирлаа. Франц С хэсгийг зургаан оноотойгоор тэргүүлж эхлэв. Хэсгийн эхний тоглолтод Австралийг 2:1-ээр хожсон францчууд Перуг хожвол хэсгээ тэргүүлэх бүрэн боломжтой байсан бол Перугийн шигшээ баг заавал хожиж байж цааш өрсөлдөх боломжоо хадгалах байв.

Өмнө нь хоёр баг ганцхан удаа буюу 1982 онд нөхөрсөг тоглолт хийхэд Перугийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж байжээ. Харин өнөөдрийн тоглолтод Францын шигшээ баг тэр ялагдлын хариугаа авч чадлаа. Перугийн шигшээ баг ийнхүү хоёр дараалан хожигдсоноор нэр төрийн сүүлийн тоглолтоо Австралитай хийнэ. 

С хэсгийн оноог танилцулахад, Франц - 6 оноо (2 хожил), Дани - 4 оноо (1 хожил, 1 тэнцээ), Австрали - 1 оноо (1 тэнцээ), харин Перу - 0 оноотой хэсгээсээ шалгарах боломжгүй боллоо.

Аргентинчууд Хорватын шигшээ багт 0:3-аар хожигдож хэсгээсээ гарах эсэх нь бүрхэг болов

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий өнгөрсөн шөнө /06.22/ манай цагаар 02 цагт эхэлсэн  D хэсгийн Аргентин-Хорват тоглолтод 0:3-аар хорватчууд хожиж аргентинчууд хэсгээсээ гарч чадах эсэх нь бүрхэг боллоо. 

Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд 43319 үзэгч ирж сонирхсон энэ тоглолтын эхний 45 минутад гоол оролгүй өндөрлөв. Харин хоёрдугаар хагаст хорватчуудын давамгайлал өрнөж, 53 дахь минутад довтлогч Анте Ребич эхний гоолыг оруулж Хорват тэргүүлж эхлэв.

Улмаар хагас хамгаалагч Лука Модрич 80 дахь минутад хоёр дахь гоолыг хийсэн бөгөөд 90 дэх минутад хагас хамгаалагч Иван Ракитич дахин гоол орууллаа. Ийнхүү хорватчууд хэсгээ зургаан оноогоор тэргүүлж шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан бол аргентинчүүд маш хүнд байдалд ороод байна. 

Хошой дэлхийн аварга /1978, 1986/  Аргентины шигшээ баг хамгийн сүүлд 2014 оны Бразилд болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн юм.

D хэсгийн  багуудын оноог танилцуулахад: Хорват - 6 оноо (2 хожил), Исланд -1 оноо (1 тэнцээ), Аргентин - 1 оноо (1 тэнцээ Нигер - 0 оноотой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх