Та юу ярина тэгэж л амьдарна...

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 07 сар 24 ・ 3

Буддын гүн ухаанд энерги алдах гол эх үүсвэр бол үг яриа гэж үздэг. Христийн шашинд “ аманд нь орох нь чухал биш харин амнаас гарах нь илүү чухал гэж сургадаг. Ихэнх гэгээнтэн мэргэдүүд дэмий хоосон ярианаас зайлсхийж алс буйд газар даяанчлан суусан байдаг. Ведийн сургаалд /Энэтхэгийн эртний философи/ дэмий хоосон яриаг – prajalpa гэж нэрлэдэг. Энэ нь оюунлаг болон материаллаг хөгжил дэвшилд голлох саад тотгорын нэг юм. Угтаа бид эхлээд хүний хэрхэн ярьж байгаагаар дүгнэн цэгнэдэг.

Үг яриа хүнийг тодорхойлж байдаг

Оюун бодол – үг яриатай , оюун бодол- бие махбодтай, оюун бодол – зүрх сэтгэлтэй нягт холбоотой. Эрүүл бие махбод, эрүүл ухаан, эрүүл үг яриа нь хувь хүний тэнцвэрт оршихуйг бүтээж байдаг аж. Орчин үеийн судлаачдын илтгэлд үг ярианы алдааг санаандгүй биш гэдгийг тодорхойлсон байдаг. Ээрч гацаж ярих нь зарим үед сэтгэл санааны ноцтой эмгэгийн үед тохиолдох нь бий. Практикт ер нь бүхий л өвчин сэтгэл зүйгээс үүдсэн байдаг.

Үг ярианаас -эрүүл мэнд, эд баялаг хамаарна

Энэ нь зөвхөн оюунлаг хүмүүст төдийгүй бизнесийн хүмүүст бас хамааралтай юм. Бүхий л бизнесийн сургуульд ярих сонсох чадварын тухайд гүнзгий судалдаг. Гуравхан минутын уур хилэн 10 жилийн нөхөрлөлийг сүйрүүлж дөнгөнө. Үг бидний үйлийн үрийг хүчтэй тодорхойлж байдаг. Үгэнд маш хүчтэй энерги агуулагдаж байдаг. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хүмүүс хоорондоо маш их уур хилэнтэй, илт доромжлон дайрч давшилсан өнгө аястай харилцах аваас бие махбодын дотор хар толбо сууж, магад тэр нь хоёр гурван жилийн дараа хорт хавдар болох магадлал өндөр хэмээн үзжээ.

Үг яриа бол амьдралын хүчний илэрхийлэл юм

 Аюурвэдийн сургаалд / энэтхэгийн эртний философи / үг яриа бол “прана”-гийн илэрхийлэл юм. Прана гэдэг бол – амьдралын хүч болон орчлон ертөнцийн энерги юм. Аливаа хүмүүн хэдий чинээ прана ихтэй байна тэр хүн эрүүл саруул, амжилттай, авьяас билэг дүүрэн, амьдрал нь тэгш сайхан байна. Ийм учраас л хүнийг ярьж эхлэхэд прана /амьдралын хүч болон орчлон ертөнцийн энерги/ хорогдож эхэлдэг. Ялангуяа хэн нэгнийг шүүмжлэх, буруушаах, заргалдан хоргомжлох үед хэлбэржиж эхлэх аж. Дүн мэдээнээс үзэхэд бидний хэрүүл тэмцэл ихэнхдээ хэн нэгий тухайд муу зүйлийг ярьсанаас шалтгаалдаг байна. Хамгийн амжилттай яваа хүмүүс цэгцтэй аядуу зөөлөн ярьж, үг яриагаа хянаж чаддаг аж.

Бидний үг яриа -үйл үрийг тодорхойлно

Хэрвээ бид хэн нэгнийг шүүмжлэн буруутгах аваас тэрхүү хүнийхээ муу муухай зан чанар, сөрөг үйл үйл- үрийг нь өөртөө хүлээн авна гэдийг санаж байх нь чухал юм.
Үйл – үрийн хууль ингэж л явагдах аж.
Мөн бид хэн нэгнийг сайшаавал сайхан чанарыг нь хүлээн авах болно.
Хэрэв та хэн нэгэн гэгээнтэн хүмүүний сайн сайхан чанарыг өвлөж авахыг хүсвэл түүний тухай уншихад л хангалттай эсвэл тэдгээр гэгээнтний сайхан чанарын тухайд хэн нэгэнтэй санаа бодлоо ярилцахад хангалттай. Бодож, ярилцаж, дагаж байгаа хүнийхээ зан чанарыг бид хүлээн авдаг болохыг судлаачид аль хэдийнээ ажиглажээ. Ийм учир барууны сэтгэл судлаачид амжилттай, сэтгэл дүүрэн яваа хүмүүсийн тухайд бодож ярьж байхыг зөвлөдөг. Хэдий чинээ “би”-гийн үзэлтэй байна төдий чинээ хэн нэгний сайн сайхныг бодож ярихад төвөгтэй болно.

Бид заавал -хэн нэгнийг буруутгахгүй  байхад суралцах хэрэгтэй

Угтаа хэн биднийг буруутгана – тэр хүн бидэнд сайн үйл үрээ алдаж, өөрөө бидний муу үйл үрийг авах аж. Ийм учир «Махабхарат» сударт /энэтхэгийн эртний судар / ямар нэг зүйл төлөвлөсөн бол энэ тухайгаа хүнд бүү ярь гэдэг.Хэрэв та хүнд ярьвал 80% бүтэлгүйтэх магадлалтай бөгөөд ялангуяа атаархуу,шунаг сэтгэлтэй хүнд ярьвал …
Яагаад бага ярьж, ихийг бодож, бүтээдэг хүмүүс амжилтанд хүрдэг вэ гэвэл… Тэд энергээ алддаггүй. Өөр нэгэн энгийн дүрэм бол хэрэв бид бусдад сайн үйл хийсэн бол үг яриагаа цэгнэх хэрэгтэй, энэ тухайгаа бусдад сайрхан ярих аваас өөрийн үйлдсэн сайн үйл үрийг алдана. Ер нь бардамнал сайрхуу зан сайн үр дүнд хүргэх нь бага.

Бодол үг яриаг тодорхойлно

Бодол үг яриаг тодорхойлох учраас муу муухай бүхний тухай бүү бод. Бидний толгойд хэдий чинээ эмх замбараагүй бодол эргэлдэнэ төдий чинээ үг яриа цэгцгүй байх аж. Хэн цэгцтэй бодно тэр хүн цэгцтэй ярина.
Бас нэг өөр түвшин бол : бусдын шүүмжлэлийг хүлээж авах чадвар. Хүнд байгалиас заяасан нэг зан чанар бол – ямар ч үед өөрийгөө онцгойлон зөвтгөх явдал юм.
Хүний зан чанар хэдий чинээ өндөр түвшинд хүрсэн байна та тийм хүнээс төдий чинээ өөрийгөө зөвтгөх шалтаг олж сонсохгүй. Гэтэл хамгийн жигшүүрт хэрэг хийсэн гэмт хэрэгтэн өөрийгөө улайран зөвтгөж суудаг. Шоронгуудад уулзалт, яриа хийж явахад хамгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн хэн нь ч гэсэн өөрийгөө ямар ч буруугүй мэтээр ярихад би үнэхээр гайхаж билээ. Аливаа хүмүүний маш өндөр түвшиний хөгжлийг тодорхойлох нэг илэрхийлэл нь бол өөрт ирсэн шүүмжлэлийг тайвнаар хүлээн авах явдал юм.

~ Рами Блектийн “Аз жаргалд хүргэх 10 алхам ” номын хэсгээс

*Рами Блект бол дорно дахины гүн ухаан болон энэтхэгийн эртний зурхай ухаан судлаач бөгөөд сүүлийн 20 гаруй жил энэ талаараа судалгаа хийсэн байна. Түүний бичсэн олон ном бестселлер болжээ.

Орос хэлнээс хөрвүүлсэн : Э. Насанжаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: