Хуульд захирагддаггүй Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 09 сар 24

Нэг их сургуулийн уршгаар гурван ч хүүхэд зам тээврийн осолд өртсөн талаар өмнө нь мэдээлж байсан. Сүхбаатарын талбайгаас 700-хан метрийн зайд байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хашаа, хашлага бусдыг бухимдалд хүргэж, авто замын түгжрэлийг нэмэгдүүлээд зогсохгүй тэр хавийн сурагч, оюутнууд, багш, иргэдийн аюулгүй байдалд заналхийлээд байгаа юм.

Нийтийн зориулалттай талбай болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газрын гарц, зорчих хэсгийг хааж, галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болгосон аж ахуйн нэгжтэй төр хатуухан хариуцлага тооцож байгаа. Энэ хүрээнд дээрх Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль явган хүний зорчих хэсгийг хаасан явдлыг таслан зогсоохоор шийдвэрлэж, баруун талын гинжин хаалтыг авахуулсан юм. Мөн зүүн талын гагнасан хаалгыг ч Нийслэлийн газрын албанаас нээсэн.

Гэвч Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль хоёр хоногийн дараа төмөр хаалгаа гагнав. Баруун талын гинжийг тасдаж хаясан тул энэ удаад 40 тоннын контейнер байрлуулахаар шийдсэн гэнэ. Уг нь тус сургуулийн удирдлагад явган хүний зорчих хэсгийг хаахгүй байх шаардлагыг холбогдох газраас өгсөн. Мөн гал түймэр, байгалийн гамшиг тохиосон үед гал команд, түргэн тусламжийн машин орох боломжгүй нөхцөл байдал үүссэн төдийгүй Гамшгаас хамгаалах тухай хууль, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа дүгнэлтийг ч хүргүүлсэн байдаг.  Харамсалтай нь, ардаа асаалттай хэдэн танктай Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль дээрх шаардлагуудыг тоосонгүй.

Нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль /хуучнаар/ өнгөрсөн жил буюу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед дээд сургуулийн статусаа гээж, Монгол Улсын ууган сургуультай нэгдсэн юм. Сонирхуулахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат тус сургуулийг 1992-1995 онд төгссөн нэгэн. Хардсан нэгэнд суралцаж байсан сургуулиа дээд биш их хэмээн өргөмжилсөн байж ч мэдэх юм. Ийнхүү их сургууль хэмээн өргөмжлөгдөх болсон нь ч өөр шалтгаантай гэх. Ямартай ч ийнхүү их сургуулийн статустай болсон тус сургуулийг удахгүй хувьчлах тухай яриа ч газар авчээ. Тиймдээ ч хашаа хайсаа янгинатал хатгаж, үүд хаалгаа төмөр гинжээр цоожлоод амжсан тухай ойр хавийнх нь оршин суугчид хэлж байна.

Ж.Эрдэнэбатаас гадна эл сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт шинжилгээний газрын дарга Л.Энхболд эрхэм ч багтдаг аж. Түүнчлэн “Урбаник”-ийн хэмээх тодотголтой МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав ч Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн ард асаалттай танк шиг гэнэ шүү. Тиймээс М.Должин захирал хуулийг гууль болгон, хүүхэд, сурагчид, оюутнуудын амь нас аюулгүй байдлыг ч үл харгалзаж байгаа нь энэ.

Шинэчлэн гаргасан кадастрын зургийнхаа дагуу тус зорчих хэсэг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн өмч. Гэвч нийтийн эрх ашгийг дээдэлж, хүний өөрийн сурагчдын аюулгүй зорчих боломж чухал гэдгийг тэр ухамсарласангүй. Тус сургуулийн ойр орчимд байрлах ерөнхий боловсролын 25, “Үй-Цай”, “Этүгэн” их сургууль, “Хобби”, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль болон оюутны дөрөвдүгээр байрууд оршдог.

Хүүхдийн эрх, тэдний аюулгүй байдлын төлөө гэх амны уншлагатай эрх баригчдын үг, үйлдлийн зөрүү ч гэж тодотгож болно. Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангах учиртай ч тус сургуулийн захирлын зөрүүд зангаас үүдэлтэйгээр гурван ч сурагч зам тээврийн осолд өртсөн. Сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ. Гэвч явган зорчигч зорчих боломжгүй энэ хэсэгт сургуулийн автобуст цухуйх зай ч алга.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх