Энэрэл эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр урьдчилан сэргийлэх үзлэгт 165 хүн хамрагдлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2019 03 сар 06

Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн Энэрэл эмнэлэг өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө зохион байгууллаа. Энэ хүрээнд иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж, биеийн жингийн индекс, холестрин болон сахарын хэмжээг тодорхойлох, цусны даралт хэмжихээс гадна Сүрьеэ, Дотор, Мэдрэл зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 165 хүнийг хамруулсан байна.

            Мөн иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг хүргэж, гарын авлага болон хэрэгцээт амин дэмийг тараасан бөгөөд эмч, ажиллагсдын ур чадвар, эмнэлгийн үйл ажиллагааг тус өдөрлөгөөр дамжуулан олон нийтэд таниулахыг зорьжээ.    

            Энэрэл эмнэлгийн хувьд нийслэл хотод амьдарч буй орон гэргүй, бичиг баримтгүй, амьжиргааны түвшин доогуур эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг билээ. Амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгаар жилд 31.000 хүнд үйлчилдэг бөгөөд нийт 23 төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг юм байна.

            “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр энэ өдөр гурван үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчлэхээр болсон төдийгүй иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авчээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн зүгээс “Эмч, ажиллагсдын харьцаа хандлага, ажил мэргэжлийн ур чадвар сайн. Эмчилгээ, үйлчилгээний талаар болон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөөг тогтмол өгдөг” хэмээсэн бол, иргэдийн хувьд нэг өдөрт нэлээд хэдэн төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, эмчийн зөвлөгөөг авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.     


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх