Үнэртний ноот хөгжимтэй адил

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 10

Ароматерапи буюу үнэрээр анагаах чиглэлээр ОХУ-д суралцаж байгаа энэ бүсгүйг Дэжидмаа гэдэг. Тэрээр 2016 оноос эфирийн тос буюу үнэртний ноотонд дурлан түүнийгээ судлан хөгжүүлснээр өдгөө монгол үнэртэн бүтээхээр хөдөлмөрлөж буй ажээ. Түүнийг амралтаараа эх орондоо ирээд байхад нь цаг болзон “Margaljin” урлан дээр нь уулзлаа. Түүний өгсөн хаягийн дагуу очоод цахилгаан шатнаас буухад л үнэртний ноотнууд сэнгэнэн гараас хөтлөх мэт л угтан авсан юм. Оффист нь зочлон өвлийн жавар, хотын утааг хэдийнээ мартан ёстой л сэтгэл сэргэн хамар баясах үнэртэнд умбан ярилцлаа.

Анх хэрхэн үнэрээр анагаах энэ сонирхолтой урлагт татагдав?

2016 оноос эфирийн тосыг ерөнхийд нь судалж эхэлсэн. Ингэхдээ тус бүрийнх нь тайлбарыг уншдаг байлаа. Сэтгэл зүй, гоо сайхан, эмчилгээнд гээд гурван үндсэн үүрэг гүйцэтгэдгийг, мөн ургамал тус бүрдээ өөр өөрийн тусдаа шинж чанартай байгааг бичиж тэмдэглэн, заримыг хүснэгтэд оруулна. Монголдоо энэ чиглэлээр анхдагч Х.Эрдэнэцэцэг эгчийн “Анхилуун ургамлын увдис” номыг олж уншаад улам бүр татагдаж мэргэжлийн түвшинд судлах, суралцах хүсэл дотроо тээсээр л явсан. Москвад “Астарта” сургуульд суралцах зориг шийдвэр гаргасандаа маш их талархаж явдаг. Магадгүй, энэ сургуульдаа суралцаж эхэлснээс хойш амьдралыг, бусдыг, ялангуяа өөрийгөө харах дүгнэх өнцөг эрс өөрчлөгдөж байгаа гэхэд болно.

Энэ сургалтаа хэрхэн сонгосон бэ?

Ароматерапигаар албан ёсоор сургалт явуулдаг хэд хэдэн улс руу захидал бичиж байлаа. АНУ, Австралиас зөвхөн онлайн сургалт байгаа гэсэн хариу ирсэн. Миний хувьд хамгийн гол хүсэж байсан зүйл маань тухайн судлагдахууны эзэн биетэй харилцан амьд харилцаа үүсгэж, бие, сэтгэлээрээ мэдэрч байж онол практикийг хослуулан мэдлэг эзэмших хүсэлтэй байсан л даа. Москваг сонгосон шалтгаан нь нэгдүгээрт хэлний бэрхшээл байгаагүй, хоёрдугаарт, захидал бичих бүрт цаг алдалгүй товч тодорхой хариу ирж байсан. Хичээлийн сэдвүүд, хуваарь, мөн нийт хугацаа, төлбөр гээд бүх мэдээлэл товч тодорхой. “Астарта” сургуулийг үүсгэн байгуулагч Анна Семенова багш маань 10 гаруй жил багшилж байгаа, олон мянган шавь төрүүлсэн хүн. Өөрийн биеэр үлгэр жишээ болж чаддаг шударга зарчимч, бас хошин мэдрэмж их өндөртэй, эрүүл амьдралын хэв маягийг цаг бүрт уриалдаг гайхалтай эмэгтэй байдаг. Анх есдүгээр сард хичээл эхлэхэд багш маань бидэнд нэг зүйлийг онцолж хэлж байсан юм. Ихэвчлэн ядарсан царайтай, сүүмгэр хүмүүс ирдэг. Хоёр сараас дээш хугацаанд байгалийн амьд энергийн хүчийг агуулсан эфирийн амин тостой шууд харилцаад эхлэхээр аура энерги нь тодорхой хэмжээгээр нөхөгдөж, шинээр төрсөн мэт болсон байдаг гэж билээ. Би ч анхандаа ийм богино хугацаанд хүн өөрчлөгдөж чадах уу гэж эргэлзэж байсан ч үнэхээр төдий хугацааны дараа ангийнхан маань эрч хүчтэй, гэрэлтсэн царайтай, инээмсэглэлээр өөрсдийгөө гоёсон эмэгтэйчүүд болсон байсан.

Үнэртний ноот хөгжимтэй адил

Өмнө нь өөрийн гэсэн үнэртэн бүтээнэ гэсэн төсөөлөл мөрөөдөл байв уу?

Түрхэн зуурын бодол бол байсан. Яг бодит болгож би үнэртэн бүтээгч болно гэдэг төсөөлөл байгаагүй. Гэхдээ багшийнхаа сургалтад явж эхэлсэн эхний хичээлээс л шууд тэр төсөөлөл биежиж, бодол сэтгэлдээ бодитоор амилуулж хар зураглалаа сийлж эхэлсэн дээ. Хүний үнэрлэх мэдрэмж нь сэргэж, хөгжих тал дээр хамгийн боломжтой чадваруудын нэг юм гэдэг л дээ.

Өөрийн гэсэн үнэртэнг бүтээгээд эхэлчихсэн үү?

Хичээлийн сэдвийн, аккордын дагуу тодорхой зарчмыг баримтлан үнэртэн бүтээх бүрэн боломжтой байгаа. Харин хангалттай түүхий эд, ховор ноотнуудаа цуглуулахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Мэдээж хэрэг орцоос гадна, үйлдвэрлэлийн түвшинд сав баглаа боодол, нэршил гээд урьдчилан шийдэх, төсөөллөөс биет болгох хүртэл маш нарийн ажиллагаа, судалгаа хэрэгтэй л дээ. Энд магадгүй эхний мэргэжил маань нэлээн тус дэм болно гэж найдаж байна. Архитектур дизайны төсөл гаргахад маш олон шат дамжлагатай, бүтээлч сэтгэлгээ шаардагддаг.

Үнэртэн хэрхэн бүтдэг вэ?

Миний хувьд зөвхөн эхлэн суралцагч учраас ийм тийм гэх хатуу зарчмыг хэлж чадахгүй юм. Ямар төрлийн усыг, хэнд зориулж хийж байгаа вэ гэдгээс бүх зүйл эхлэх байх. Мэдээж 20 настай залуу бүсгүй ихэвчлэн цэцэг жимсний үнэр таалдаг. Гэхдээ хувь хүнээс нь бүх зүйл шалтгаална. Хэчнээн 20 настай ч суурь ноот голлосон эрчүүдийн гэх модлог үнэрт дуртай бүсгүй байх нь хэвийн зүйл.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх