Эр хүн, эцэг хүн та өмс дөө, өмс...

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 03 сар 15 ・ 2
Энэ зургийг хараад удаан гэгч нь бодлогоширч суув. Зурагт “Сөхөрч болохгүй амьдрал” гэсэн нэр өгсөн нь өрөвдөх, эвийлж хайрлах сэтгэлийг эрхгүй төрүүлнэ. 
Уг нь би хэн нэгэн энгийн этгээд цэргийн дүрэмт хувцсыг минь өмсөхөд туйлын дургүй, бүр хүчтэй эсэргүүцэгчдийн нэг. Хааяа нэг ийм дүр зурагтай таарвал “Хурдхан тайлж өг” гэж хажууд нь очоод хашгирмааар санагддаг. Хэн нэгэн эрхтэн дархтан хэнээрхэж өмсөхөд бүр ч дургүй. Сүлд хийморь, сүр хүч маань хувцсандаа оршдог болохоор тэр. Харин энэ удаад энэ зургийг хараад “Эх орноо, эгэл амьдралаа нуруундаа үүрч яваа эр хүн Та, эцэг хүн Та өмс дөө, өмс” гэж өөриймсөн хэлмээр санагдсан. Эр цэргүүдийн хийморь, эрэлхэг хөвгүүдийн зориг зүрх энэ хувцсанд шингэсэн болохоор эр хүн танд ижий аав, ижил хань, энхрий үрсийнхээ сайн сайхны төлөө, эгэл жирийн тайван амьдралын төлөө зүтгэхэд чинь эрч хүч, урам зориг нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эр хүн та сөхөрчихвөл, эр хүн та мөлийчихвөл, эр хүн та шантарчихвал, эр хүн та үгүй бол эх орон чинь, элгэн садан чинь яах юм бэ. Сөхөрч, мохож, шантарч болохгүй, эрхгүй, ёсгүй үүрэг хүлээсэн эцэг хүн, эр хүн шүү дээ, Та. Эр цэргүүдийнхээ энэ хувцсыг эгэлдрэглэх зүйл олдоогүйдээ биш, эгэл биш ид шидтэй гэж өмссөн байх. Эр хүн та, эцэг хүн та өмсөө. 
 
Энэхүү дүрэмт хувцсыг цэргийн хуаранд өнгөрөөсөн байлдагч үеэ дурсаж, цэгцэрсэн жагсаалд эрчилсэн сум шиг зогссоноо санагалзаж, эх орон, эгэл түмэндээ өргөсөн тангаргаа эргэн санаж, эрч хүчийг өөртөө хайрлах гэж өмссөн байх. Эр хүн та өмс дөө, өмс. 
 
Эр цэргийн хийморь шингэсэн энэ хувцсыг энхрий жаахан үрстээ энгүй зоригт баатар аавтай хэмээн бахархаг гэж, ийм л баатар намайг хайрлаж, хамгаалдаг хэмээн мэдрүүлэх гэж өмсдөг биз. Эцэг хүн та өмс дөө, өмс. Эр цэргийн энэ хувцасны энгэрт эх орны ирээдүйн иргэн, эх оронч хөвгүүдийг элдэв бүхнээс нөмөрлөн хамгаалж өсгөөрэй. Ханзарсан хэсгийг нь хайраараа зүйж оёх халамжит гэргий, хөөрхөн охидынхоо төлөө зүтгэх амьдралд чинь нэмэр болог, зориг болог, түшиг тулгуур болог ээ. Эр цэргийн баярын энэ өдөр эх орны хөвгүүдийн мохошгүй зориг, зүтгэл шингэсэн энэ хувцсаар эр хүн, эцэг хүн та гоёорой. Амьдралын төлөө сөхрөлгүй зүтгэж яваа аавууд, эрчүүд бүхэн эх орны эгэл “цэрэг” билээ.
 
 
Хошууч Х.ГАНЗУЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ИРГЭД / 2019 03 сар 16/

    МОНГОЛ ЭРЧҮҮД ХУЖААГИНЙ ЯВУУЛСАН ХОРТОЙ АРХИНД ОРЖ ХИЙМОРИО ҮХҮҮЛЖ ЯВАА нь дэндзз ГУТАМШИГ БН

    Хариулах
  • Бат / 2019 03 сар 15/

    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй

    Хариулах