ИХРИЙН УДАМТАЙ, ИХЭР ҮРСТЭЙ, МӨРДӨС ЗҮҮСЭН “АЛДАРТ ЭХ”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 18

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ныг тохиолдуулан цагдаагийн алба хаагч, Алдарт эхийн одонгоор удахгүй энгэрээ мялаалгах цагдаагийн дэслэгч А.Сүлдмааг “Танайд өнжье” буландаа урилаа. 25 настай залуухан ахлах дэслэгч дөрвөн хүүхдийн ээж. Түүнтэй уулзахаар бид Сүхбаатарын талбайгаас холгүй байрлах Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвд хүрч очлоо. Бүсгүй багаасаа л мөрдөс зүүсэн төрийн хүн болно гэж мөрөөддөг байж. Мөрөөдлийнхөө төлөө зүтгэсний эцэст 2016 онд уг төвд ажилд орж, иргэдийнхээ амар тайван байдлыг хангахын төлөө зүтгэж яваа нь энэ аж.

Ажил руу нь ороход биднийг А.Сүлдмаа дарга удирдлагуудын хамтаар угтан авлаа. Уг төв нь 102, 103, 105-т ирсэн бүх дуудлагыг хүлээж авч харьяа дүүрэг, холбогдох газар руу нь мэдээллийг нэн даруй шуурхай хүргэх чухал үүргийг хүлээн ажилладаг байна. Энэ ч утгаараа 2010 оноос эхлэн нээгдсэн цагаасаа хойш нэг минут ч доголдож, зогсох эрхгүйгээр үйл ажиллагаагаа явуулжээ. “Манай байгууллагын үйл ажиллагаанд ганцхан хором саатал гарахад улсын хэмжээнд ямар аюул тохиолдохыг ёстой тааж хэлэх аргагүй” хэмээн тус төвийн мэргэжилтэн Цагдаагийн хурандаа М.Төмөрбаатар хэлж байлаа. Түүнээс иргэдээс ирдэг яаралтай дуудлагад удаж очдог шалтгааныг лавлахад “Уг нь нийслэлийн хэмжээнд шөнөдөө 24-25 түргэн тусламжийн автомашин, алба хаагчидтайгаа бэлэн байдалд хонодог. Иргэдээс ирж буй дуудлага хамгийн түрүүнд манайд ирдэг. Түүнийг нь бид бараг секундийн ч зөрүүгүй холбогдох дүүрэгт нь мэдээлдэг юм. Гэсэн хэдий ч алба хаагчдын хүрэлцээ муу, ачаалалтай байдал нь дуудлагад шуурхай хүрч очиж чадахгүйд хүрдэг” гэсэн хариу өглөө. Мөн тэрбээр “Хэдэн жилийн өмнө Хоёрдугаар төсөл гэх зүйлийг хэрэгжүүлнэ гэж ярьж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй л байна. Хэрэв энэ төсөл хэрэгжээд эхэлбэл Монголын ард түмэнд маш хэрэгтэй. Тусламж хүссэн иргэний утас нэгжгүй, цэнэггүй, сим картгүй ч байсан, уулын мухарт төөрсөн, гэмтсэн тохиолдолд байршлыг нь тогтооход асуудалгүй болно. Энэ төсөл хэрэгжээд эхэлчихсэн бол өнгөрсөн жил Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд уулчид осолдоход хүний амь эрсдэхгүй өнгөрөх боломж байсан. Учир нь утас унтраатай үед ч Emergemcy call дээрээ дарахад манай төвд тухайн яаралтай дуудлага нь шууд бүртгэгдэх юм. Тэгээд хаана осолдсон байршлыг нь тодорхойлж, туслалцаа үзүүлэх боломж бүрдэх байсан. Харамсалтай нь энэ төсөл үндсэндээ зогсонги байдалд орчихлоо” хэмээсэн юм.

А.Сүлдмаа уг төвд ажилладаг 160 гаруй алба хаагчдын нэг. Техникийн бүрэн бүтэн байдал, доголдол саатлыг хариуцдаг аж. Түүний мэргэжил радио холбооны инженер юм байна. Техникийн холбогдолтой бүхий л саатал, гэмтэл А.Сүлдмаа болон ижил мэргэжилтэй ажлынхных нь гараар дамждаг гэнэ. Бид энэ мэт элдвийг ярилцаж явсаар тавдугаар давхарт гарч ирлээ. Дотогш ороход Улаанбаатар хотын төв болон туслах замууд, гэр хорооллын гудамж, албан байгууллагын урдах орчныг харж болохуйц нийслэлийн хэмжээн дэх камерын нэгдсэн хяналтын систем бүхий өргөн дэлгэц угтав. Хажуудаа хэд хэдэн утас, компьютерын дэлгэц байрлуулсан 20 гаруй алба хаагчид зогсоо чөлөөгүй “Байна уу. Ямар хэрэг гарав, тодорхой хэлээрэй, дуудлагыг тань хүлээн авлаа” гэхчлэнгээр завсар зайгүй ирэх дуудлагад хариу өгөөд тун завгүй сууцгаана. Дуудлага өгч буй хүний мэдээлэл, хэргийн учир шалтгаан, гэрийн хаяг, утасны дугаарыг системд бүртгэдэг юм байна. Харилцуураа тавихаас нь өмнө тухайн хүний өгсөн дуудлагыг харьяа дүүрэг рүү нь цохон мэдээлцгээх аж. А.Сүлдмаа “Цагдаа, эмнэлэг тус бүрдээ алба хаагч ажилладаг. Тухайлбал, түргэн тусламжийн дуудлага хүлээн авах таван алба хаагч, гэмт хэргийн дуудлага хүлээн авах ес болон онцгой байдлын таван алба хаагч одоогоор ажиллаж байна” гэв. Хоногт нөхцөл байдлаасаа шалтгаалж гэмт хэргийн шинжтэй 2500-4000 бодит дуудлага хүлээн авдаг бол түргэн тусламжийн 1700 орчим дуудлага ирдэг байна. Тэрээр яриагаа “Монгол Улсын хэмжээнд нийт 3500 гаруй камер ажилладаг. Үүний 1700 гаруй нь цагдаагийн хяналтад байдаг” хэмээн үргэлжлүүлж бидэнд Саппорогийн уулзвар дахь бүрэн эргэдэг камераар ойр орчныг нь сонирхуулав. Эдгээр камерын тусламжтайгаар гарсан бүх хэрэг зөрчил, гудамж талбайг хянах боломжтой юм байна.

Бид бүсгүйн ажлын өрөөнд ороход ширээ нь бэлэг, цэцгээр дүүрчээ. А.Сүлдмаа “Манай алба хаагчид монита зохиогоод өнөөдөр задалсан юм. Мөн удахгүй Алдарт эхийн одонгоор шагнуулах болохоор байгууллагаас бэлэг гардуулж өгсөн” гэж инээмсэглэн хэлэв. Тэрбээр хоёр удаа ихэрлэжээ. Эднийх Бат-Ирээдүй, Гэрэлтгэгээ, Мөнгөнсондор, Мөнхсондор хэмээх гурван охин нэг хүүтэй аж. Бага ихрүүдээ долоон сар хүргэчихээд л ажилдаа оржээ. Бүсгүйг дарга нь “Долоохон сартай нялх хүүхдүүдээ үлдээгээд ажилдаа орчихдог. Ийм л үнэнч хүн дээ” хэмээн магтаж байна. А.Сүлдмаа “Сайн хадам, ханийн буянд түүртэх зүйлгүй тэнхэрсэн болохоор л ажилдаа хурдхан ормоор санагддаг юм” гэж хэлээд хөгжилтэй инээв.

Бид А.Сүлдмаагийн ажил дээр цаг гаруй саатаад гэр рүү нь хөдөллөө. Эднийх Дөлгөөн нуурын ойролцоох шар тоосгон 12 давхар орон сууцанд амьдардаг юм байна. Гэрт нь ороход хүүхдийн шуугиан угтав. Хадам аав, ээж нь иржээ. А.Сүлдмааг гэрийнхээ хаалгаар орж ирэнгүүт том хүү нь “Ээж ээ, таныг зөндөө саналаа” гэж шулганалаа. Ихэр дүү нар нь ч ээждээ зүүгдэв. Гэрийн эзэн Ариунболд бага ихрийнхээ нэгийг тэвэрсээр биднийг ширээнд урилаа. Энэ хооронд А.Сүлдмаа аль хэдийнэ дүрэмт хувцсаа тайлж, гэргийн ажлаа хийхээр гал тогооны өрөө рүүгээ орлоо.

Гэрийн эзэн Завханых, эзэгтэй Өвөрхангайн Тарагт сумынх аж. Бүсгүй Өвөрхангайн хоёрдугаар арван жил буюу “Соёмбо” цогцолборыг дүүргэж, Батлан хамгаалахын их сургуулийн холбооны ангид оржээ. Үүнээс жил гаруйн дараа БНСУ-д мэргэжлээрээ суралцахаар болж. Хилийн чинадад гурван жил суралцах хугацаандаа нөхөртэйгөө танилцаж байжээ. Найзуудаараа дамжуулан танилцсан тэд удалгүй Facebook-тэй адилхан хэрэглээтэй Солонгост ашиглагддаг cato chat-аар харилцдаг болсноо дурсав. Танилцаад жил гаруйн дараа, Солонгост амьдрах үедээ хүүхэдтэй болж, 2014 онд А.Сүлдмаа эх орондоо түрүүлж иржээ. Удалгүй төрөх үрээ, хайртай ханиа санасан нөхөр нь араас нь ирж шинэхэн гэр бүл аав, ээжийнхээ гэрт амьдралаа эхэлжээ. Хүүхдээ төрсний дараа Салхитад өөрсдийн гэсэн хашаа байшинтай болж баярлаж явснаа дурслаа. Салхит дахь байшингаа гэрийн эзэн өөрөө барьсан аж. Хоёр дахь ихрээ олсны дараа бууриа сэлгэн энд ирсэн аж. Нүүж ирээд удаагүй гэхэд тэд аль хэдийнэ тохижоод амжжээ. Том өрөөнийх нь зүүн хананд загасны аквариум байх агаад “Манай хүний шинэ хобби. Нөхрийгөө аль болох дэмжихийг хичээдэг. Нөхөр маань ч гэсэн миний ажил мэргэжлийн онцлогийг ойлгодог. Шөнө дөлөөр унтаж байхад нь шуурхай авлаа гээд л хүүхдүүдээ орхиод гараад явахад анхандаа их гайхдаг байсан ч сүүлдээ намайг ойлгоод харин ч бүр дэмждэг болсон” гэв. Мөн тэрбээр “Бид хоёр энэ амьдралыг өдий хүртэл босгох гэж хэнээс ч, юу ч гуйж үзээгүй. Тийм болохоор өнгөрсөн аравдугаар сард нүүж энд ирэхэд хаяж болохоор олон зүйл байсан ч бүгдийг нь аваад ирсэн. Бид хоёрын хүч хөдөлмөрөө шингээж бий болгосон гэж бодохоор хаяад явж чаддаггүй юм билээ” хэмээв. Түүний хажууд ихэр хүүхдүүдийн тэрэг байлаа. Мөн эднийд модоор урласан элдэв төрлийн хээ угалз бүхий сийлбэрүүд их байсан юм. Учрыг асуухад А.Сүлдмаагийн өвөө Өвөрхангай аймгийн Хоёрдугаар сургуульд хөдөлмөрийн багшаар 40 жил ажиллажээ. Өнөө жилийн Сар шинийн баяраар Алтан гадас одонгоор шагнуулсан юм байна. Энэ гэр бүлийн эрхэмлэн дээдэлдэг зүйлс нь ач, зээгээ сайн сайхан амьдрахыг бэлгэдэх өвөөгийнх нь урлаж өгдөг эдгээр сийлбэрүүд аж. Гэрийн үүдээр орж ирмэгц нүдэнд туссан арван хоёр жилийг нямбайлан сийлж, өнгө ялган будсан модон хүрээтэй цагийг ч мөн түүний өвөө нь урлаж өгчээ.

Тэд маргалдах ч завгүй амьдарч хөдөлмөрлөдөг нь нүднээ илхэн байв. Эл гэр бүлийн нэг өдрийн амьдрал өглөө зургаан цагаас эхэлдэг байна. Том ихрүүд нь харьцангуй биеэ даачихсан болохоор өөрсдийгөө хувцаслачихдаг аж. Ингээд аав нь хоёр хүүхдээ дагуулан цэцэрлэг рүү нь хүргэж өгчихөөд цааш ажилдаа явдаг. Харин бага ихрүүдийг гэрт нь өвөө, эмээд нь үлдээчихээд А.Сүлдмаа өдөр цайны цагаараа гэртээ ирдэг. Улсаас бага насны хүүхэдтэй хүнд “хөхүүлэх цаг” хэмээн нэг цаг өгдөг. Түүнийгээ ашиглан хүүхдүүд дээрээ ирж, сүүг нь өгдөг байна. Орой эрт тарсан үедээ 19 цагийн үед гэртээ ирж, нөхөр, хүүхдүүдийнхээ хоолыг хийдэг гэнэ. Бага ихрүүд хэзээ унтана, тэр цагт энэ гэр бүл амардаг байна. А.Сүлдмаа ажлынхаа хажуугаар хоол хийх сонирхолтой аж. Ингэж ярих зууртаа бидэнд банштай ногоотой шөл болон шинэ ногооны салат бэлтгэж өгөв. Нөхөр нь “Манай хүн их сайхан хоол хийдэг. Тэр ч утгаараа Сүлдээ маань ихэвчлэн хоол хийдэг дээ” гэв. Тэд хоёул ихрийн удамтай бөгөөд А.Сүлдмаагийн эмээгийн талынх нь хамаатнууд дунд дөрвөн ихэр байдаг гэнэ.

Чөлөөт цагаараа гэр бүлээрээ тэд кино үзэж, агаарт гарах дуртай. 2016 онд Завхан нутгаар аялсан бол өнгөрсөн жил Өмнөговь, Өвөрхангай аймгуудаар зугаалсан байна. Мөн Солонгост байхдаа найзалж байсан гэр бүлийн найзуудынхаараа зочлон өнгөрүүлдэг аж. А.Сүлдмаа “Бид Солонгост байхдаа Бусан руу явж зугаалсан юм. Гэтэл миний ажлын цаг болчихсоныг анзааралгүй байж байгаад хоцорч очоод халагдчихсан. Гэтэл хэд хоногийн дараа гэрт маань өнөөх ажилладаг газрын маань эзэн хүрч ирээд “бид сайн ажилчнаа алдмааргүй байна” гэж эргүүлэн ажилд авч байлаа” хэмээв. Харин Ариунболд “Бидний олон сайхан дурсамжууд Солонгост өрнөж байсан. Эхнэртээ анх гэрлэх санал тавьж хамгийн том гэнэтийн бэлгийг барьж байлаа. Тэр үед манай хүний төрсөн өдөр байсан юм. Тухайн үед найзуудаас маань хэн нь ч Сүлдмаа руу залгаагүй. Тэгээд би хоолонд оръё гээд дагуулж гараад нөгөө төлөвлөсөн газраа дагуулж очиход бүх найзууд нь угтаж аван, гэрлэх саналаа тавьсан. Тэгэхэд миний хань үг хэлэхгүй уйлаад л суугаад байсан. Ер нь тэмдэглэлт баярын өдрүүдээр гэр бүлдээ зав гаргахыг хичээдэг. Гэхдээ санаснаар болж өгөхгүй л юм” гэлээ.

Солонгост байхдаа эхонд харуулж ихэр хүүхэд гэдгийг нь мэдээд нөхөртөө хэлтэл “Нээрээ юм уу. Надаар тоглоогүй биз дээ” гэж итгэж ядан асуусан аж. Уг нь тэрбээр үргэлжлүүлэн сурах төлөвлөгөөтэй байсан ч жирэмсэн болсноо мэдэнгүүтээ нутаг буцжээ. Харин Монголд ирээд төрөх өдөр нь болоод нөхөртөө хэлтэл “Хань нь байшингаа бариад ажил ихтэй байна. Маргааш төрж болохгүй юм уу” гэж асууж байсан гэнэ. Ариунболд “Манай хүүхдүүд ихэр болохоор ч тэр юм уу их жаахан төрсөн. Анх тэвэрчихээд яасан жижигхэн юм бэ гэж боддог байсан. Бас миний хүү гэж хэлэхэд ам ерөөсөө эвлэж өгдөггүй юм билээ” гэв. Харин хоёр дахь хүүхдээ мөн ихэр гэдгийг нь хэлэхэд нөхөр нь өөрийнх эрхгүй уйлж байжээ. Тэд хүүхэд хүнсээ дагуулаад ирдэг гэдэгт итгэдэг. “Анхны хүүхдүүдээ төрүүлэхдээ байшинтай болсон хоёр дахь хүүхдүүдээ төрүүлэхдээ байранд орсон болохоор энэ яалт ч үгүй үнэн. Манай хамаатнууд биднийг их азтай, ажил нь аяндаа бүтээд байдаг гэлцдэг. Би арга ч үгүй байх, бурхнаас өгсөн бэлэг болох хүүхдүүдийн минь буян л гэж боддог” хэмээв. Түүнчлэн энэ гэр бүл сүүлийн үед сайн үйлсийн аянд оролцох болсон гэнэ. Үр минь үлдэх хорвоо учир зөв л амьдрах учиртай гэж өрхийн тэргүүн онцлон хэлж байлаа.

Дөрвөн хүүхэдтэй энэ гэр бүлийн цаашдын зорилго хүүхдүүдээ боловсролтой, эх орондоо хэрэгтэй хүн болгохын төлөө зүтгэх аж. Ингэхийн тулд мэдээж мөнгө хэрэгтэй. Тиймээс тэд хүүхдүүдийнхээ ирээдүйн баталгааг үүсгэхийн тулд төрснөөс нь эхлүүлээд хуримтлал бий болгосон гэдгээ хэлэв. Мөн сууж сургахаас гадна гоо зүйн мэдлэгтэй болгохын тулд хөгжим, урлагаар хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

З.МӨНХСУВД

 

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

 

www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх