Хичээлтэй “байлддаг цэргүүд”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 18

 

9а ангийн 18 хөвгүүн дотуур байранд нэг “гэрт” амьдардаг. Зүүн гар талаас зургаа дахь нь О.Шаравжамц

ҮБХИС-ийн харьяа “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн 44 сонсогч 2015 онд эх орны дайны ялалтын ёслолын жагсаалд оролцохоор ОХУ-ын Ангараск хотыг зорьж байлаа. Энэ бол монголчуудын хувьд бахархал байсан юм. Үүнээс гадна Монголын Зэвсэгт хүчнийг олон улсад таниулсан өчнөөн арга хэмжээнд тус сургуулийнхан оролцсоор ирсэн нь монгол цэргийн омогшлыг бадраасан үйл явдал юм.

Монголдоо цэргийн сургалттай ганц сургууль болох “Тэмүжин өрлөг”-ийн “цэргүүдийн” нэг өдөр хэрхэн өрнөдгийг тэргүүний 9а ангийн сурагч Отгонжаргалын Шаравжамцаар төлөөлүүлэн сурвалжиллаа. Өдгөө 16 настай тэрбээр сургуулийнхаа гуравдугаар давхарт байрлах дотуур байранд амьдардаг.

06.30 цаг. Гэр, сургууль хоёр нь ойрхон хүүхдүүд холоос явдаг сурагчдаас давуу талтай. Автобус хүлээхээс эхлээд цаг хугацаа алдахгүйн зэрэгцээ өглөөд илүү нойр авчихна. Хичээл эхлэхээс хэдэн минутын өмнө босож, “гялалзахад” л хонх дуугарахтай зэрэгцэн ангидаа орж амждаг шүү дээ.

Сургуулийн дотуур байрны сурагчид яг ийм давуу талтай болов уу гэж бодсон минь ташаа ойлголт байлаа. Хэдийгээр хичээлийнх нь танхим ойрхон ч хүүхдүүд өглөө тогтсон цагт босох шаардлагатай. Тэд зургаа хагаст босдог юм байна. “Тэмүжин өрлөг”-ийн дотуур байр таван өрөөтэй. Өрөө тус бүрт 30 “цэрэг” байрладаг. О.Шаравжамц өрөөндөө ангийнхаа 17 хүүхдээс гадна 9б, 8а-гийн хөвгүүдтэй амьдардаг юм байна. Бусад сургуулийн дотуур байрыг бодвол эднийх олуулаа байдгаараа онцлогтой. Мөн маш тохилог аж. Эндхийнхэн дотуур байраа казарм гэж нэрлэдэг.

“Тэмүжин өрлөг”-ийн казарм 150 хүүхдийн багтаамжтай, өнөөдрийн байдлаар 123 “цэрэгтэй” байна. Тэдний олонх нь орон нутгийнх. Нийслэлийн алслагдсан дүүргээс ирсэн сурагчид ч бий.

Хөвгүүд ороо цэмцийтэл хурааж, нүүр, амаа угаах зэргээр ариун цэврийн “манаанд” гараад, яаралгүй хувцаслалаа. Өглөөний хоолонд 07.00-07.30 цагт орж, энэ өдрийг халуун сайхан кашаар эхлүүллээ.

07.40 цаг. Сурагчид хэдийн цуглажээ. Энэ сургуулийн бас нэг онцлог нь өглөө бүр хичээл эхлэхээс өмнө гаднах талбайдаа жагсаж, төрийн далбаагаа мандуулан, ёсолдог. 08.00 цагт болдог өглөөний нэгдэлт буюу эл ёслолд ҮБХИС-ийн харьяа (Цэргийн ерөнхий сургууль, Аюулгүй байдлын болон Хөгжмийн сургууль, Удирдлагын академи, Эрдэм шинжилгээний хүрээлэн, “Тэмүжин өрлөг” дунд сургууль) зургаан нэгжийн оюутан, сонсогчид оролцоно. Дараа нь салбарын захирагч нар нь өдөр тутмын үүрэг, чиглэлээ өгснөөр хичээлдээ орцгоодог юм байна.

Ирээдүйн офицер, цэргийн дарга нар тун жавхаатай харагдана. Хар, ногоон өнгөтэй дүрэмт хувцас, хар малгайгаар жигдэрсэн “Тэмүжин өрлөг”-ийн “цэргүүд” жагсаад, ёслолд бэлтгэж байх зуурт цугларалтын цагаас хэдэн минут хоцорсон цөөхөн сурагч нэг “бүлэг” болон гүйсээр ирлээ. 

Энгийн сургуулийнхан хоцорвол ангидаа уван цуван ордог. Харин эдний хүүхдүүд хэрхэн цэрэгжсэний наад захын жишээ нь энэ. Сургагч багшаас “Хоцорсон хүүхдүүдийг шийтгэдэг үү” гэхэд “Манай хүүхдүүд ер нь хоцроод байдаггүй. Хааяа хэдэн минут “чангаах” нь бий. Тэглээ гээд шийтгэж сүйд болохгүй. Дахиж ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулаад, жагсаалд нь оруулдаг” гэлээ.

“Тэмүжин өрлөг” сургууль 7-12 дугаар ангийн 13 бүлэгтэй. Өнөөдрийн байдлаар нийт 382 сурагчтай хичээллэж байна. Гурван жилийн өмнөөс тус сургуульд охид (тухайн элсэлтийн 10 хувь) элсэх боломжтой болжээ. Өдгөө 7-9 дүгээр ангид эмэгтэй сурагч 29 байна.

Хүүхдүүдэд “Цөм” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын суурь бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ цэргийн анхан шатны мэдлэг олгох хичээлийг нэмэлтээр долоо хоногт хоёр цаг заадаг гэсэн.

08.30 цаг. Хонх дуугарлаа. Эдний хичээл ҮБХИС-ийн цагийн хуваарийн дагуу 8.30 цагт эхэлдэг. Хүүхдүүд хичээл эхлэхээс 10 минутын өмнө анги танхимдаа орж, суудлаа эзлэх ёстой. 9а ангийнхан ч байраа эзэлжээ. Энэ өдрийн эхний хичээл биологи байлаа. О.Шаравжамц голын эгнээний эхнээсээ хоёр дахь ширээнд суужээ. 

Анги 38 хүүхэдтэйгээс дөрөв нь эмэгтэй. Өнөө өглөө нэг сурагч ирээгүй нь эмчийн магадлагаагаар хичээлээс чөлөөлөгдөх болжээ. Энэ тухай ангийн дарга М.Улсболд багшид мэдээлэв. “Цэргийн” сургуулийнхан багштайгаа зүгээр нэг мэндлэхгүй. Нэгэн зэрэг, нэг хэмнэлээр “Багшийн амрыг эрье” хэмээх нь цэргийн жагсаалыг санагдуулам. Өнөөдөр 9а ангийнхан хоёр цагийн хичээл буюу 80 минутын турш биологоор “амьсгална”. Эхний хичээлийн сэдэв нь ургамлаас ус уурших үзэгдэл.

Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Нэг сурагч дэвтрээ мартаж, нөгөөх нь нойроо дийлж ядан “паакталсныг” эс тооцвол бусад нь хичээлдээ тун идэвхтэй байлаа. 09.15 цагт хонх дуугарч, таван минут завсарлаад, дараагийн хичээл орлоо. Энэ хичээлээр улсын шалгалтад бэлтгэв. Тест бөглөхдөө өгөгдлийг тогтож, маш сайн уншаад, няхуур хандахыг багш зөвлөсөн нь учиртай. 

Жишээ нь, “Зүрхний нэг мөчлөгийн дундаж хугацаа хэд вэ” гэсэн асуултын хариулт болох хэд хэдэн хувилбараас зөвийг нь сонгох ёстой. Гэтэл шалгалтын тестийн номд “зөв” хариулт нь хүртэл буруу байж таарав. Тодруулбал, 0.8 секунд гэхийг 0.80 гэж бичсэн нь хүүхдүүдийг төөрөгдүүлэх нигууртай учраас хянамгай хандахыг анхааруулсан хэрэг. “Өнөөдөр” сонин сурах бичгийн агуулга, чанарын талаар цувралаар хөндөж байгаа билээ.

10.00 цаг. Гуравдугаар цагт орос хэлний хичээл оров. Хуваарийн дагуу бол математиктай байсан ч багш нь өвдсөн гэнэ. Тиймээс нөхөж орсон нь энэ. “Би ирээдүйн офицер, манлайлагч сурагч” гэсэн уриаг нийтээрээ оросоор хэлснээр хичээл эхэллээ. “Как ты и твои друзья проводять свободное время” гэсэн сэдвээр “цэргүүд” чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаараа ярилцлаа.

Энд нэг зүйлийг онцлон дурдахад, сүүлийн үед манай ерөнхий боловсролын сургуулиудад орос хэл сонирхон, сонгон сурах хүүхэд тун цөөрсөн учраас зарим сургуульд энэ чиглэлийн хичээл ордоггүй талаар эцэг, эхчүүд ярьдаг. Уг нь бусад хэлийг сурахад орос хэл суурь болдог талтай. Нөгөөтээгүүр, олон нарийн мэргэжлийн ном, сурах бичиг оросоор хэвлэгдсэн байдаг зэргийг харгалзан заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулахад болохгүй зүйлгүй санагдана. “Тэмүжин өрлөг”-т оросоос гадна англи хэл бас заадаг юм байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх