МЭХ-ноос Гэр бүлийн тухай хуулийг яаралтай батлахыг шаардлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 25

 

Монголын эмэгтэйчүүдийн хорооноос өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, ажлын байрны бэлгийн дарамт, бага насны охидын бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл хийлээ.

МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа "2004 болон 2017 онд ажлын байрны бэлгийн дарамт хэр тархсан талаарх судалгаагаар Ерөнхий боловсролын сургуульд ажлын байрны бэлгийн дарамт хэвээрээ байна. Төрийн байгуулагуудын ажлын байрны бэлгийн дарамт хэвээрээ байна. Энэ дотроос бизнесийн байгууллага болон эмнэлгийн салбарт ажлын байрны бэлгийн дарамт 20-25 хувиар өссөн дүнтэй гарсан. Бэлгийн дарамтын кесүүд байсаар байхад ажил олгогч эздийн холбоо Хөдөлмөрийн тухай хуулиас энэ зүйл заалтыг авах тухай ярьж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Зөвхөн монголд ч биш дэлхий нийтээрээ ажлын байрны бэлгийн дарамтаас болоод эмэгтэйчүүдийн ажиллах эрх цаашлаад хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлнө" гэсэн юм.

Мөн МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Хамгийн сүүлийн тоо баримтаар өрх толгойлсон 72 мянга гаруй эмэгтэйчүүд байгаа. Үүний цаана 36 мянга гаруй хүүхдүүдийн тэтгэмжийн асуудал яригдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс  албан ёсны тоо баримт авах гэсэн боловч өгөөгүй. Харин албан бус тоогоор 5 мянга гаруй хүүхдүүд тэтгэмж авдаг.  Шүүхээр тэтгэмжээ авах эрх нь тогтоогдсон хэрнээ тэтгэмжээ авч чадахгүй байгаа ээжүүдэд өмгөөлөл үзүүлж, тэдний өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах асуудал дээр МЭХ хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Бидэнд ээжүүд хандах бүрэн боломжтой" гэлээ.

Тус холбооныхон Гэр бүлийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар яаралтай батлахыг хүсэв. Учир нь гэр бүлийн тухай хууль 2006 оноос хойш улс төрийн шалтгаанаар хэлэлцэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс улстөржилтгүйгээр хэлэлцэж, батлах ёстой хэмээн тус холбооны удирдлага үзэж байгаагаа энэ үеэр онцлов. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл болон зөрчлийн тухай хуулинд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх