Сэтгүүлчдэд үзүүлсэн БИЧЛЭГ-ийн эргэн тойронд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 30
 

 

Будаг нь халцарч, энд тэндгүй загалтсан хана, хүнд төмөр хаалга, хана дагуу орыг орлуулан байршуулсан хоёр наар бүхий өрөө. Энэ бол Төв аймаг дахь ШШГЕГ-ийн хорих ангийн зоорийн өрөө. Тэнд цонх, ус, агааржуулагч, жорлон ч байхгүй.

 

Өрөөнд сэжигтэн Б.Содномдаржааг нааран дээр хэвтэж байх үед Ц.Амгаланбаатар лагс биетэй /Тайлбарт, лагс биетэй эрийг И гэж бичжээ/ нэгэн эрийн хамт орж ирнэ. Тэр хоёр өрөөг эзэгнэх бөгөөд Б.Содномдаржаа үүд хавьцаа шилжинэ. Ингээд Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа руу “Хүн алснаа хэл. Хэргээ хүлээ” гэж дайрч давшилж байгаагаар дүрс бичлэг эхэлнэ.

 

Энэ бол С.Зориг агсны хэргийг мөрдөн байцаахдаа эрүүдэн шүүлт явсныг гэрчлэх 2015 оны есдүгээр сарын 1-6-ны өдөр хүртэлх 30 орчим минутын камерийн бичлэг.  ТЕГ-аас уг хэргийг мөрдөх явцдаа эрүүдэн шүүж байгаа камерийн бичлэгээс хуулийн зөвшөөрөгдөх хүрээнд хэсэгчлэн авч, бэлтгэн, дотоодын хэрэгцээндээ ашиглах зориулалтаар хэвлэлийнхэнд үзүүлж байгааг ТЕГ-ын газрын дарга онцолсон.

 

Шөнийн 23:00 цагаас хойш Хорих ангийн бүх хоригдол, сэжигтнүүд амардаг журамтай байна. Харин Б.Содномдаржаагийн өрөөнд 23:00 цагаас хойш дэглэлт, тамлалт, эрүүдэн шүүлт явагдаж байсныг камерийн цаг харуулна. Ц.Амгаланбаатар хамт орж ирсэн хоригдлын хамт өдөр нь унтаж, шөнө Б.Содномдаржаа руу дайрч, хувцсыг нь тайлж, “Хэргээ хүлээ, чи хүн алсан биз дээ” гэж цохин, суниалгаж, "галуун цуваагаар" явуулах шүүлт үргэлжилж, зарим тохиолдолд маргааш өдрийн 15:00 цаг хүртэлх үргэлжилж байгаа нь бичлэг харагдана. Хариуд нь Б.Содномдаржаа “Би хүн алаагүй. Чи алдаг биз дээ. Чи таван настай байхдаа намайг “ах аа” гэж дуудаад миний гараас хөтлөөд явдаг байсан биз дээ” гэх.

 

Хоригдол И 1 метр 90 см өндөртэй, 100 кг жинтэй. Өрөөнд жорлон байхгүйгээс будгийн сав буюу хөвнөгт Ц.Амгаланбаатар нар бие засна. Бичлэг дэх нэг хэсэгт хувцсыг нь тайлуулан, нүцгэнээр цементэн шалан дээр суниалгаж, галуу цуваагаар явуулж, өтгөн, шингэнтэй хөвнөгөө Б.Содномдаржаа цацахад эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үед нөгөөх лагс биет Б.Содномдаржааг буланд шахан нүдэж,  дэвсэж байгаа нь бичлэгт харагдана. Үүнээс болж Б.Содномдаржаагийн хавирга хугарсан нь тогтоогджээ. Сагс тоглодог байсан, 16 жилийн ялтай, 6 жилийг нь биеэр эдлээд, чөлөөлөгдсөн гэх хоригдол “И” Б.Содномдаржааг эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд Ц.Амгаланбаатарыг хамгаалах үүрэгтэй байсан нь эндээс харагдана.

 

Бичлэгийн нэг хэсэгт ШШГЕГ-ын ажилтан өрөөнд /албаны хүмүүсийн тайлбарласнаар/ орж ирж, Ц.Амгаланбаатар нар гарна. Хоёр цаг орчим өрөөнд байх хугацаандаа мөн л Ц.Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардаж, тулгаж, эрүүднэ. Энэ хугацаанд Ц.Амгаланбаатар, И нарт тусгай хоол өгч, Б.Содномдаржааг хорих ангийн дэгээр хооллож байжээ.

 

Б.Содномдаржаагийн өрөөнөөс тусгаарлагдсан Ц.Амгаланбаатар шөнийн 23:00 цагт сэжигтэн Т.Чимгээгийн өрөөнд цээж нүцгэн орж, мөн л хэргээ хүлээхийг тулган, эрүүдэн шүүж байгаа нь харагдана.

 

Ийнхүү Төв аймгийн ШШГЕГ-ын харьяа хорих ангийн хонгилын өрөөнд  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 447 гаруй хоног эрүүдэн шүүж, ял тулгах ажиллагаа явуулсныг ТЕГ-ын мэргэжилтэн хэллээ. Хорих ангийн зоорийн хэсэг дэх энэ өрөөг 2002 оноос хойш ашиглаж байгаагүй. Харин 2015 оноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьсон. н.Булган ч энэ өрөөнд хоригдож байсан хэмээн ХЗДХ-ийн сайд онцолсон юм. 

 

Ц.Нямдорж: Энэ бичлэгийг хаана ч зохиож, хэн ч эвлүүлж чадахгүй

 

Сэтгүүлчдэд хаалттай үзүүлсэн уг бичлэгийн дараагаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр гэр бүлээрээ шатаагдаж, амиа алдсан “паар” Б.Отгонбаатарын ах Б.Нэргүй хамт оролцлоо. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

 

 

 

-Би хэвлэлийнхнээр дамжуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр болон ар гэрийнхнээс нь уучлалт хүссэн. Харин одоо уг хэрэгт холбогдож, гэр бүлээрээ галд өртөн амиа алдсан Б.Отгонбаатар гэж залуугийн ар гэрийнхнээс Монголын төр уучлалт гуйж байна. Энэ хэрэг шийдэгдсэнээс хойш гурван жил найман сар, би энэ асуудлыг судалж эхэлснээс хойш хоёр жил зургаан сарын хугацаа өнгөрлөө.

 

Нас өндөр гурван хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа. “Танай хүүхдүүд хүний аминд хүрээгүй” гэдгийг нотлохыг хүсч байгаа юм. Асар их хугацаа өнгөрсөн. Би энэ асуудлыг шийдээд, энэ хүмүүсийг явуулаад өгөөч гэж Ерөнхий прокуророос их гуйсан, шийдэгдээгүй юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх